Аялан тоглолт нэрийн дор хэн нэгэн дуучин, хэдэн хөгжимчин нэгдэж, нутаг нэгтнүүддээ зориулан ая дуугаа өргөж бэсрэг хэмжээнд тоглох нь бий. Гэсэн ч хилийн чанадад түгсэн монгол дуу, хуур, аялгууны тухай бид үргэлж сайхнаар төсөөлөн бодож, бие биетэйгээ мэдээлэл солилцдог. Яг ийм мэдээлэлтэй харицуулахад тэсрэлт болохоор үйл явдал удахгүй болох гэж байна.
Юу гэвээс, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 56 хөгжимчин, 10 гоцлол дуучин болон зохион байгуулалтын багийнхантайгаа хамт БНСУ-ын Бусан, Тэжон, Сөүл хотод тоглолт хийхээр маргааш өглөө хүлгийн жолоо залах гэж байна. Монголын симфони найрал хөгжмийн түүх нэгэн зууныг элээж амжаагүй байгаа ч дэлхийн сонгодгуудын хэмжээнд хүрснийг энэ тоглолт гэрчлэх юм. Саяхан ДБЭТ-ын тайзнаа шинээр тавигдсан “Лучиа ди Ламмермур” дуурийн хөгжмийг манай найрал хөгжим Солонгост тоглож тус улсын дуучид Монголын гоцлоочидтой хамтран тоглох бол Тэжон, Бусаны дуурь, бүжгийн театрын бүжигчдийн тоглох “Цөмөөхэй” балетын хөгжмийг мөн л ДБЭТ-ын хөгжимчид тоглох юм.
Арваннэгдүгээр сарын 26-наас ирэх сарын 6 хүртэл үргэлжлэх энэ цуврал тоглолтыг хийхийн тулд 400 гаруй сая төгрөг шаардлагатай болсон бөгөөд санхүүжилтын дийлэнхийг буюу 80 гаруй хувийг БНСУ-ын Тэжон хотын дуурийн театр, “Сөүл Эс Эйч” корпораци зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр бүрдүүлжээ. Харин МИАТ ХК Монголын 70 уран бүтээлчийн нислэгийн тийзний төлбөрийн талыг нь дааж, үлдсэн хагасыг БСШУЯ-аас гаргаж байгаа аж.
Энэ удаа монголын хөгжимчид тус улсын мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран дуурь, балетын хөгжим тоглохын зэрэгцээ “Монголын гала” тоглолтын үеэр Монголын хөгжмийн зохиолчдын гайхамшигт бүтээлийг солонгосын үзэгчдэд зориулан тоглох юм. Тоглолтын хөтөлбөрт З.Хангалын “Салхич шувуун” симфони найраглал, Ж.Энхбаярын хийл хөгжимд зориулсан зохиол багтжээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх нэгдсэн тоглолтын үеэр симфони найрал хөгжмөө удирдах бол гавьяат жүжигчин Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, ДБЭТ-ын гоцлооч Э.Гомбо-Очир, Р.Доржхорол, Ж.Бямбажав, Б.Батжаргал нар тоглолтод оролцох аж.
Гурван жилийн өмнөөс Монголын уран бүтээлчид БНСУ-ын дуучидтай хамтран тоглох болж, хамтын уран бүтээл “Чио Чио сан” дууриар эхэлсэн. Дараа жил нь тус улсын удирдаач манай улсад ажиллаж “Травиата” дуурийг шинэчлэн тоглуулсан бол энэ жил “Лучиа ди Ламмермур”дуурийг ДБЭТ-ын тайзнаа амилуулсан юм.
Цаашид хамтын ажиллагаа балетын жүжигчдийн тоглолтоор үргэлжлэх магадлалтайг ч өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр ДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул дурдаж байсан. Ийнхүү монголчууд сонгодог урлагийн түвшингээ ямар байгааг гайхуулахаар Солонгосыг зорих нь. Монголын дуучид, хөгжимчид дэлхийн энд хүрснийг тэд дахин нотлоод, сайхан мэдээ өвөрлөн шинэ оны өмнө эх нутагтаа ирнэ.
Дэлгүүр хэсэхээр, тоглолт үзэхээр эсвэл ажил хэрэг, амин хувийн шалтгаанаар арваннэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын 6-нд БНСУ-г зорих гэж байгаа бол Монгол сонгодгуудын тоглолтыг зорьж очоод үзээрэй. Бас удтал эх орныхоо дуу хуурыг сонсоогүй, шилдгүүдийн түрлэгээр санасан сэтгэлээ дэвтээхийг хүсвэл "Монголын гала" тоглолтыг заавал үзээрэй, солонгост суугаа монголчууд аа.
Ингээд тоглолтын хуваарийг хүргэе.
Арваннэгдүгээр сарын 26-29 Г.Доницетти "Лучиа ди Ламмермур" дуурь
Арваннэгдүгээр сарын 30 "Монголын гала" тоглолт Бусан
Арванхоёрдугаар сарын 2-3 П.И.Чайковский "Цөмөөхэй" балет Тэжон хот
Арванхоёрдугаар сарын 4 "Монголын гала" тоглолт Тэжон
Арванхоёрдугаар сарын 6 "Монголын гала" тоглолт Сөүл