Нэгдсэн үндэсний боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) байгуулагдсаны 70 жилийн ой өчигдөр тохиолоо. 1945 оны арваннэгдүгээр сарын 16-нд ЮНЕСКО үүсгэн байгуулагдаж, дүрэмд нь 37 улс гарын үсэг зурсан
байдаг аж. НҮБ дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг тогтоох, мөн олон улсын эрх зүйн баримт бичгийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл НҮБ-ийн төрөлжсөн байгууллага
ЮНЕСКО нь өөрийн гишүүн 195, холбоот 10 улсад конвенц, мэдэгдэл, тунхаглал, зөвлөмж батлан хэрэгжүүлдэг.
“ЮНЕСКО манай улсад эрдэм боловсролыг тэгш хүртээмжтэй түгээх, шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбоог хөгжүүлэх, үндэстний соёл урлаг, түүх соёлын өв, байгаль орчныг хамгаалах зэрэг олон чиглэлээр монголчуудтай хамтран ажиллаж, үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан” хэмээн энэхүү ойн өдөр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан онцлов. Түүнчлэн тэрбээр энэхүү комиссыг зөвхөн хоёр талын асуудал гэлтгүй ЮНЕСКО-гийн бүс нутгийн хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулан идэвхтэй ажиллаах болсныг хэлсэн юм. Тухайлбал, 2013 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Хүн ба шим мандал хөтөлбөрт бүртгэгдсэн нөөц газруудын сүлжээ”-ний Зүүн Азийн орнуудын бүсийн 13 дугаар хурал, 2014 онд “Зүүн хойд Азид Соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын талаар мэдээлэл солилцох, мэдээллийн сүлжээг өргөжүүлэх нь” сэдвээр ээлжит уулзалт зөвлөгөөн хийсэн явдал нь ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын үйл ажиллагааны цар хүрээг илтгэж буй гэнэ.