Ням гариг бүрийн оройн 20.00 цагийн үед зөвхөн "Авьяаслаг монголчууд" нэвтрүүлгийн оролцогчдын талаарх л пост, сэтгэгдэл Монголын фэйсбүүк хэрэглэгчдийн дунд хөвөрдөг гэхэд хилсдэхгүй. Гайхалтай, бахадмаар бас шүүгч Рокит Бэйн брэнд үг болсон "СОЛИООТЭЭЕ" гэх магтаалын үгс, шүүгчдийн шалгаруулалтад урам хугарсан гомдлын сэтгэгдэл тэр орой, үдэш, маргааш өдөр нь ч үргэлжилсээр л байдаг.
Харин энэ удаагийнх өмнөх нэвтрүүлгүүдээс онцлогтой. Тус шоуны хагас шигшээ шалгаруулалтын эхний хэсгийг өнөөдөр шууд дамжуулан телевиз үзэгчдэд хүргэсэн.
Хагас шигээ шалгаруулалтын эхний хэсэгт "Нарны домог" хамтлаг, ганган Со хэмээдэг шанзчин Ж.Сосорбурам, 37 настай гурван хүүхдийн ээж Э.Энх-Амгалан, дуучин М.Галмандах, тэнцвэртэй уран нугаралтаар үзэгчдийг алмайруулсан Э.Нарангарав, уран уншигч Э.Нандинзаяа, домборч М.Абай, барилгачин А.Отгонбаяр гэх найман оролцогч авьяасаа гайхууллаа.
Эл шалгаруулалтын оролцогчдод үзэгчид санал өгөх бөгөөд хамгийн олон санал авсан эхний оролцогчийг шууд дараагийн шатанд тэнцүүлэх бол, саналын тоогоор удаалсан хоёр оролцогчийг шүүгчдийн саналыг харгалзан дараагийн шатанд оролцуулах юм.
Үзэгчид 21.00-22.00 цагт 1900-1199 дугаарт залгаж, эсвэл 151199 дугаарт оролцогчийн дугаарыг бичиж саналаа өгч болох аж. Үзэгчдийн саналыг 22.00 цагт зарлаж, дараагийн шатанд тэнцсэн оролцогчийг мэдээлэх юм.
Хагас шигшээ шалгаруулалтын эхний хэсгийн оролцогчдын үзүүлбэрийг дуу, гэрэлтүүлэг төдийгүй тайзан дээрх зураг, оролцогчийн хувцаслалт, үсний засалтыг ч зохиомждоо нийцүүлэн бэлдсэн нь урьд урьдын шалгаруулалтуудаас онцлог болсон.
Баргил хоолойтой, барилгачин залуу А.Отгонбаяр Элвис Прэслигийн "I can`t help fallin in love with you" дууг дуулах үед яг л 1960-аад оны Америкийн тоглолтыг үзэх шиг болсон. Шүүгчид ч энэ талаар өгүүлж харагдана лээ. Хөтлөгч С.Чимгээ " Хамгийн гайхамшигтай уран бүтээл цаг хугацаа, орон зайнаасаа үл хамаарч аялуулдаг гэдэг. Та намайг хайртай хүнтэй маань энэ цаг мөчид хамт байлгаж чадлаа" хэмээсэн юм.
Харин шүүгч Рокит Бэй "Отгонбаярын тоглолт болоод хувирчихлаа" хэмээн хагас шигшээ шалгаруулалтын эхний хэсгийг дүгнэчихсэн. Ц.Чука ч "Чиний байх газар бол тайз" хэмээн онцолсон юм. Магадгүй тэрбээр өөрийн хайж байсан авьяастнаа олсон байх.