Эртний Верона хотод бие биедээ хонзогнодог Монтекки, Капулеттийн гэр бүлийнхэн аж төрнө. Эрх мэдэл, эд хөрөнгөөр нэгнээсээ дор орохгүй тэдгээр гэр бүлийнхний хонзогнол хэрхэн цусан өшөөгөөр үргэлжилж, үхлээр эвлэрч төгсөхийг “Ромео Жульетта” жүжигт үзүүлдэг.
“Аяа, хайр сэтгэлийг сохор гэх боловч
Харахгүй атлаа харгуй замаа олох нь адтай”
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид үзвэрийн 85 дахь жилийн өвөл цагийн нээлтээ Уиллиам Шекспирийн “Ромео Жульетта” жүжгээр эхлүүллээ. 1996 оноос хойш тус театрын тайзан дээр тавигдаагүй байсан уг жүжиг энэ удаа Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар үзэгчдэд хүрч буй юм.
Жүжиг Монтекики, Капулеттийнхны тулаанаар эхлэв. Хоромхон зуур тайз эргэж, Монтеккийн цор ганц өв залгамжлагч, дурламтгай Ромео, түүний үнэнч анд, эрэлхэг Меркуцио, Бенволио нарт өөрийн шинэ дурлал, Розалинатай үүсгэсэн бүтэлгүй хайрын романсаа ярина. Ромео хотын зартай хүүхэн Розалинаг мартахын тулд өст Капулеттийн үдэшлэгт явахаар шийджээ. Энэ л үдэшлэг дээр Ромео анхны харцаар Жульеттад дурлах нь тэр. Үзэгчдийн дунд удаан хугацааны хүлээлт үүсгээд байсан уг жүжгийн найруулга, тавилт өвөрмөц байлаа. Орчин үеийн хэв шинжийг содноор илэрхийлснийг дахин хэлье. Жүжгийн гол дүр Ромеод Б.Шинэбаяр, Жульеттад О.Дөлгөөн тогложээ. Залуу жүжигчдийн тус театрын тайзан дээр тоглож буй анхны гол дүр аж. Меркуциод Э.Тодгэрэл, Бенволиод Б.Золжаргал тогложээ.
Хэзээ ч эвлэршгүй дайсан Капулеттийн охинд сэтгэлээ алдсан Ромео аюултай гэдгийг мэдсээр байж, Жульеттад сэтгэлээ илчлэн, тэд Лоренцо ламтнаар адислуулна. Гэвч хайр сэтгэл, гэрлэлтээр хоёр овгийн өс тайлагдсангүй. Тибальди Капулетти охин дүүгээ өст залуутай нь гэрлэсэнд хонзогнон, түүнийг ирүүлд дуудлаа. Лоренцо ламтанд жүжигчин С.Болд-Эрдэнэ тогложээ. Харин ихэмсэг, бардам Тибальдид Г.Алтангэрэл тоглосон аж. Хайр сэтгэлт хоёроос бусад бүх дүр араатан. Хүн шиг хүн ховордсон энэ цагт, хүнээс гарч буй бүхий л аймшигт зан чанарыг ингэж араатнаар төлөөлүүлэн илэрхийлсэн нь нүдээ олсон мэт.
Верона хотод энэ хоёр овгийнхны аль нэг нь түрүүлж нэгнээ хороовол шийтгүүлэх учиртай. Тиймээс Ромеогийн өмнөөс Меркуцио Тибальдитай тулалдаж, амь үрэгдэнэ. Харин Ромео найзынхаа өшөөг Тибальдиар тайлав. Үүнийх нь шанд Ромеог цөллөгт явуулна. Залуу жүжигчдийн шандас шалгасан уг жүжгийн хамгийн сонирхолтой үзэгдэл энэ байлаа. Эрэлхэг тулаан, өш хонзонгийн энэ хэсгийг жүжигчид маш сайн сургуулилжээ. Тайзны хөдөлгөөн, бүжиг дэглээчээр Г.Ган-Очир ажилласан байна. Жүжгийг өнөөдрийн бидний нийгмийн бодит дүрүүдэд ажиглагддаг харилцаа, хандлага, соёл, үг хэллэгээр илэрхийлсэн нь сонирхолтой.
Ромео, Жульетта хоёрын анхны шөнийн дараа аймшигт хар сүүдэр ар араасаа хөврөн гарч ирэв. Жульеттаг Парис эрхэмтэй гэрлүүлэхээр болов. Хөөрхий Жульетта Лоренцо ламтан дээр уйлан хайлан ирэхэд ламтан түүнд түр хугацаанд нойрсуулах эм өгнө. Хэн ч харсан үхсэн юм шиг унтах нь Жульеттаг хүсээгүй гэрлэлтээс аварна гэж ламтан найджээ. Тайзны чимэглэл, хурц хэмнэлт хөгжим болон гэрэлтүүлэг сонирхолтой шийдэл байлаа. Технологийн дэвшилтэт энэ цаг үед оносон шийдэл, хямд төсөр арга. Үзэгдэл бүрийн ард үзэгдэх орчныг LED дэлгэцээр үзүүлж, зарим хэсэгт проектр ашиглан гэрлээр тоглосон.
Капулеттийнхан уй гашуу болж, Жульеттаг бунханд оршуулав. Гасланд автсан Ромео ч түүний шарилын дэргэд амиа хорлоно. Жульетта Ромеог үхэх тэр агшинд сэргэж, оройтсоноо мэдээд мөн л өөрийгөө егүүтгэнэ. Эцэстээ хайр дурлалт хосуудын үхлээр хоёр удам эвлэрсэн түүхтэй. Ноён Капулеттид Г.Эрдэнэбилэг, Монтеккид Г.Амгаланбаатар, өрлөг эхэд гавьяат жүжигчин Ж.Оюундарь тогложээ. Жүжигчдийн хувцас загвар, нүүр хувиргалт сонирхолтой байлаа. Улаан, цагаан, хар өнгийг онцлон сонгожээ. Тэр нь ч үнэнч шударга, эр зориг, эрх мэдэл, атаа хорсол, өс хонзон, хайр сэтгэлийг илэрхийлэх өнгө биз. Капулеттийн удмын ихэмсэг занг гоо үзэсгэлэнгийнхээ цаана нуусан хэрнээ үхлийн үнсэлтээс буцаж зүрхлээгүй шунаг зоригийг, эрэлхэг Монтеккийн шударга зан, үнэнч сэтгэлийг Б.Шинэбаяр, О.Дөлгөөн нар чадварлаг тоглолоо.
“Үхлийг хүлээж мэндэлчихээд
Өнөөдөр л би хүрж байна.
Үхэхээс амжиж амссан янаг хайр ч юм уу
Янаг хайрандаа халуурсан үхэл ч юм уу
Хайр ч юм уу
Үхэл ч юм уу
Яасан тансаг мэдрэмж вэ
Яг л ингэж төгсөх байж энэ амьдрал...”
А.Халиун