Жүдо бөхийн төрлөөр олимпийн гурван удаагийн аварга болсон цорын ганц тамирчин, Японы алдарт жүдоч Тадахиро Номүрагийн намтар монгол хэлээр хэвлэгдэн гарлаа. Гурван наснаасаа жүдогоор хичээллэн, 37 жил барилдаж, 40 настайдаа зодог тайлсан, “Суутан” хочит Номүрагийн гурван олимпийн наадамд босоо байсан нууцыг энэхүү номноос та мэдэх болно. Хөлс, нулимс урсгасан он жилүүд, удаа дараалсан хүнд бэртэл. Энэ бүх бэрхшээлийг даван туулж, хэзээ ч мөхөхгүй зүрх зориг, хүмүүжил, ноён нуруутай болох арга барилын талаар “Хугараагүй ноён нуруу” өгүүлнэ. Жүдо бөхөд хоёргүй сэтгэлээр “дурлаж”, үнэнч зүтгэсэн Тадахиро Номүрагийн намтар жүдо бөхөөр хичээллэж буй, хичээллэх хүүхэд залуусын төдийгүй спорт сонирхогчдын шимтэн унших ширээний ном нь болно гэдэгт итгэж байна. Хөлбөмбөгийн од тамирчдын намтар олон удаа орчуулагдан гарч байсан ч жүдо бөхийн намтар монгол хэлнээ анх удаа гарч буй нь энэ юм.
“Хугараагүй ноён нуруу” номыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ орчуулан, ETV телевизийн спортын сэтгүүлч, бөх тайлбарлагч С.Шижирбат хянан тохиолдуулсан байна.