Монголдоо төдийгүй дэлхийд нэр алдраа дуурсгаж яваа олон сайхан уран бүтээлчдийг төрөн гаргадаг Соёл урлагийн их сургууль өдгөө 25 жилийнхээ ойтой золгожээ. Хөгжмийн урлагийн сургууль (ХУС), Театрын урлагийн сургууль (ТУС), Дүрслэх, дизайн урлагийн сургууль (ДДУС), Радио, телевиз медиа урлагийн сургууль (РТМУС), Соёлын сургууль (СС), Бүжгийн урлагийн сургууль (БУС) гэсэн бүтцийн зургаан сургуулиас мянга мянган оюутнуудыг төрөн гаргаж, Монгол Улсын урлагийн салбарт зүйрлэшгүй үнэт хувь нэмрийг оруулж яваа билээ.
Тэгвэл энэ жил СУИС-ийн 25 жил, түүний бүрэлдэхүүнд багтдаг Дүрслэх дизайн урлагийн сургуулийн 70, Соёлын сургуулийн 50, Соёл урлаг судлалын хүрээлэнгийн 40 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа аж. Тиймээс ч тус сургуулийн зүгээс олон сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.
Тухайлбал, энэ сарын 06-ны өдөр СУИС-ийн “ОЮУТАН” театрт бүрэлдэхүүний сургуулиудийн оюутнуудын дунд “СОЁЛ БА ХӨГЖИЛ” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, 10-ны өдөр УДБЭТ-т багш, оюутан, төгсөгчдийн хамтарсан бүтээлийн “СОНГОДОГ МОНГОЛ” тоглолтоо тавьжээ. Хамгийн сүүлд өнгөрөгч баасан гарагт СТӨ-нд “Монгол Эрдэнэ” хүндэтгэлийн тоглолтоор хаалтаа хийлээ.
Тус тоглолтод нийт 500 гаруй багш, оюутан, төгсөгчид оролцож, шилдгийн шилдэг бүтээлүүдээрээ үзэгч олны мэлмийг баясгасан билээ. Энэ талаар СУИС-ийн Соёлын сургуулийн Сургалтын албаны дарга Г.Баатар хэлэхдээ “СУИС-ийн Соёлын сургууль 50 жилийн хугацаанд 8000 орчим соёлын ажилтан бэлтгэн гаргасан байдаг. Манай төгсөгчдөөс Монголын бүх аймаг хот, сумын театр, чуулга, музей, номын сан, соёлын төв, аялал жуулчлалын байгууллага, хэвлэлийн газрууд, кино, архивын байгууллага, ЕБС гээд соёл урлагийн бүх шатанд бүх түвшинд ажиллаж байна. Төгсөгчдийн дундаас олон алдар цуутай хүмүүс төрөн гарсан. Ойгоо угтаад 50 жилийн түүхийг багцалсанном, баримтат кино хийж байна” гэлээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёл, урлагийн их сургууль /СУИС/- ийг 25 жилийн ойг нь тохиолдуулан Алтангадас одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгсөн юм. Тус байгууллагыг шагнасан Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсад соёл, урлагийн мэргэжилтэн бэлтгэх, соёл, урлаг судлалыг хөгжүүлэх, дээд боловсролын сургалтын шилдэг технологи нэвтрүүлэх, үндэсний соёлыг өвлөн уламжлах, төрөөс баримтлах соёлын бодлогыг тодорхойлох үйлсэд манлайлал үзүүлэн ажилласан тус сургуулийн үе үеийн багш, ажилтан, хамт олны хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж СУИС-ийг Алтангадас одонгоор шагнасугай” гэсэн байна.