Гавьяат жүжигчин Д.Банди агсан болон гавьяат жүжигчин О.Ичинхорлоо нарын удирдлагад СУИС дүүргэсэн гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын хөлийн мөр гарч, хоолойн цараа нь цуурайлсан тайзны тоо өдөр, сар өнгөрөх тусам нэмэгдсээр байна. Түүн шиг амжилтын од, авьяас билиг нь хосолсон дуучин ховор. Тиймээс энэ удаа түүний дуулсан тайз, гаргасан амжилтыг хүргэхийг зорилоо.
2011 он
Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлооч Г.Ариунбаатар М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлэв.
Энэ амжилтаараа 2011 оны арванхоёрдугаар сарын 29-нд 23 настайдаа Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэв.
2012 он
Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар “Улаанбаатар” чуулгын тайзнаа тоглосон “Гоолингоо” дуулалт жүжгийн гол дүрийг бүтээв.
2012.12.01
Залуухан гавьяат маань ард түмэндээ уран бүтээл, өөрийнхөө авьяасыг тайлагнасан анхны тоглолт нь “Монгол сонгодог” байв. Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай төгөлдөр хуур тоглож, Г.Ариунбаатар дуулж байгааг дүрслэлтэй сурталчилгаа үзэгчдийн сэтгэлд тод үлдсэн болов уу. Г.Ариунбаатар гавьяат маань энэ тоглолтынхоо үргэлжлэлийн энэ ондоо багтаан хийх сурагтай байсан.
2014.12.01
Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Улаан-Үдийн театрын тайзнаа анхны дүрээ бүтээв. Түүнтэй хамт гавьяат жүжигчин Ө.Уянга, Буриадын ардын жүжигчин Н.Мөнхзул нарын монгол дуучид дуулсан байна. Ийнхүү “Тоска” дуурийн Скарпъягийн дүрээр их урлагт өөрийн анхны дүрээ мөнхлөв.
2015 он
Дөрөвдүгээр сарын 18
Улаан-Үдийн театрын гоцлооч Г.Ариунбаатар тус театрын тайзнаа анх удаа бие даасан тоглолт хийв.
Долдугаар сарын 3.
2500 хүний суудалтай “Мариинский II” театрын тайзнаа П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны шилдгүүдийн нэгдсэн тоглолт болсон юм. Үндэсний их баяр наадмын өмнөхөн Г.Ариунбаатар ОХУ-д болсон уралдааныхаа сүүлчийн тоглолтод оролцсон нь энэ юм. Энэ тоглолтын үеэр түүнд В.Гергиев гран при шагналыг гардуулж, түүний дуулахыг ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин сонссон юм.
Долдугаар сарын 11.
Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг авьяаслаг хоёр баритон хоолой дуучдаа нээлгүүлж, Төрийн дууллыг анх удаа дуулуулав. Өмнө нь Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим төрийн дуулал дуулдаг байсан. Харин энэ удаа Лондоноос эхлэн дэлхийн сонгодог урлагт шимтэгч үзэгчдийг байлдаг дагуулсан гавьяат жүжигчин Э.Амартүвшин, П.И.Чайковскийн уралдааны дуулаачийн төрөлд манлайлж, гран при шагналыг хослуулан хүртсэн, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нарт энэ хүндтэй үүрэг ногдов.
Есдүгээр сарын 29.
Г.Ариунбаатар Мариинский театрын гоцлооч болов.
Аравдугаар сарын 24.
П.И.Чайковскийн нэрэмжит XV уралдааны шилдгүүд удирдаач В.Гергиевийн хамт АНУ-ын Карнеги танхимд тоглолт хийв.
Аравдугаар сарын 26, 28.
Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар П.И.Чайковскийн уралдааны тэргүүн байрын шагналт төгөлдөр хуурч Дмитрий Маслеев нарын уран бүтээлчид Лондоны Кадоган танхимд тоглолт хийв.
Арваннэгдүгээр сарын 10.
Алдарт дуучин Елена Образцовад зориулсан хүндэтгэлийн тоглолтод гавьяат жүжигчин Г.Ариунбаатар оролцлоо. ОХУ-ын Их театрын тайзнаа болсон эл тоглолтод тус улсын хамгийн алдартай мэргэжлийн дуучид, хөгжимчид оролцсон юм. Монголын Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучид өнгөрсөн жил Их театрт “Монголын алтан хоолойтнууд” тоглолт хийж байсан бол Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, профессор Цэвэгжавын Пүрэвдорж агсан 1960-аад онд Их театрын тайзнаа П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Греминий дүрд дуулсан байдаг. Мөн зууны манлай дуурийн дуучин, ардын жүжигчин Хорлоогийн Уртнасан 1983-1984 онд Их театрын тайзнаа “Чио Чио сан”, “Тоска”, “Евгений Онегин” дуурийн гол дүрд дуулж байсан юм.
Түүнчлэн А.Загдсүрэн, Г.Хайдав, гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэн, Д.Банди болон Ардын дуу бүжгийн чуулга, Бүх цэргийн ансамблийн уран бүтээлчид Их театрт болсон соёлын өдрүүдийн тоглолтод хэдэнтээ оролцож байсан түүх бий.
Арваннэгдүгээр сарын 13
Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар СУИС-ийн 25 жилийн ойн баярын тоглолтод оролцов. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Одоо хүртэл л “Оюутан” театрынхаа тайзан дээр гарахдаа өвдөг чичирдэг. Миний хамгийн хүндтэй тайз” хэмээн онцолсон байсан юм. Төрөлх сургуулийнхаа 25 жилийн ойн баярт тэрбээр өөрийнхөө амжилтаар бэлэг барьсан юм.