Хүн хамгаас хайртай нэгэндээ хамгийн муухай аашилдаг гэдэг. Хайрлаж, хүндэлж, бахархаж явдаг ээждээ гөжүүдэлж, маргачихаад “уучлаарай” гэх ганц үг хэлж зүрхлэхгүй хэдэн өдрийг ардаа орхичихов. Сүүлийн хэдэн өдөр сэтгэл минь бүүдгэр тэнгэртэй адил. Элдвийг хүүрнэлдэн, инээж хөхрөлдөн суудаг өнөөх хоолны ширээ ч эзгүйрэн, хоосорчээ.
Ажилдаа явах бүртээ ээжийн урмын үгээр ташуурдуулан эрч хүч орж өдрийн турш нар шиг гэрэлтэн явдаг сан. Гэтэл ээжтэйгээ “тулалдсанаас” хойш өглөө бүр нэг л тиймхэн. Хүмүүс хүртэл “бээвийчихээд” ёозгүй харагдах юм. Миний нүдэнд гунигийн сүүдэр хурсантай холбоотой юм болов уу. Магадгүй ээжийн минь сэтгэлд илүү их манан будан хөшиглөсөн ч байж мэднэ. Газар дээрх ганц үр нь зөрүүдлэн, аашилсанд эмзэглэж, элэг нь эмтэрсэн байх.
Уг нь үдэш бүр хөгтэй, хөгжөөнтэй зүйлс ярин “элэгний эм” уулгаж, үнсээд унтуулдаг сан, таныгаа. Арьс махаа уран байж төрүүлсэн үрээсээ уучлалт хүссэн үг сонсох мөчийг хүлээн, түрүүлж дуугарахгүй гүрийж байгаа нь ч лавтай, та минь.
Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр ээжтэйгээ харц тулгарахаас халшран, тойрон зугтахаас залхлаа. Гарцаа байхгүй миний буруу. Ерөөсөө өнөө орой гэртээ ормогцоо л ээжээсээ уучлалт гуйя. Буруугаа цайруулж, сэтгэлийнхээ бараан үүлсийг хөөе.
Аливаа зүйлд муйхарлан, илжиг шиг зөрүүдлэхээ ч больё. Эгэл жирийн мэт боловч эгэлгүй энэ цаг хугацааг хамтдаа аз жаргалтай туулъя. Эргээд олдохгүй энэ мөчийн үнэ цэнийг эх хүн болсныхоо дараа илүү сайн ойлгох байх. Би ч гэсэн хүүхдээ буруу зүйл хийсэн үедээ уучлалт гуйж чаддаг, хариуцлагатай хүн болгохыг хүснэ.
Алт, мөнгөөр гоёж, Арабын шейх шиг амьдруулахгүй ч сэтгэлийг тань зовоож, гундаалгүй, сэрэх бүрийд нь цайгаа дээжлэн, дэргэдээс тань салахгүй юм сан. “Зүүн уулын солонго нь баруунаа татсан ч яахав дээ, зүүдлээд л сэрэхэд минь миний ижий дэргэд байвал жаргалтай” гэсэн сайхан дуу бий шүү дээ. Хэн хэндээ ганц шүү дээ, хоёулаа.
Э.НАМУУН