Зураг 1. (1943 он, хэмжээ 80х100, хар цагаан)
Ж.САРУУЛБУЯН
(Урлаг судлалын ухааны доктор, зураач, зохиолч)
Орчин үеийн Монголын зураачдаас их эзэн богд Чингис хааныхаа хөргийг анх түрүүнээ оюун сэтгэлдээ тунгаан байж бүтээн босгосон хүн бол ардын зураач Үржингийн Ядамсүрэн болно. Ү.Ядамсүрэн нь Чингис хааны хөргийг зүгээр нэг уран бүтээлчийн онгодоор бус түүхэн сурвалж судалгааг үндэслэн дотоод сэтгэлгээнийхээ их эрчмийг дайчлан байж бүтээжээ.
Хөрөгийг эх орны дайны гал ид дүрэлзэж, монголчууд эх оронч баатарлагийн эр зоригоо хурцалж байсан цаг үед бүтээжээ. Чухам эл хөргийг бүтээхдээ засаг төрийн удирдагчдын захиалгаар зурсан уу, эрдэм шинжилгээ, музейн байгууллагын хүсэлт байсан уу гэдгийг зохиогчийг сэрүүн тунгалагт нь асууж лавласангүй өнгөрчээ.
Ү.Ядамсүрэнгийн бүтээсэн “Чингис хаан” (1943 он, хэмжээ 80х100, хар цагаан) (зураг 1) хэмээх хөргийг нэгэн цагт Монголын үндэсний түүхийн музейн XIII зууны үеийн үзмэрийн танхимын гол үзмэр Чингисийн сүлд тугийн дэргэд байрлуулж байсныг бодоход зохиогч өөрийн санаачилгаар бус улсын захиалгаар бүтээсэн нь тодорхой мэт санагдана.
Зураач бээр 1943 онд Чингис хаан, Өгөөдэй хаан хоёрын хөргийг ижил арга барилаар адил хэмжээнд бүтээсэн юм.
Ү.Ядамсүрэн бол зөвхөн зураач бус угсаатны зүйн өргөн мэдлэгтэй, түүх угсаатны зүйг шимтэн судлагч судлаач эрдэмтэн байсан юм. Ү.Ядамсүрэн 1934-1937 онд Судар бичгийн хүрээлэнд ажиллаж ахуйдаа эрдэмтэн мэргэдийн хамтаар Монгол нутгаар олонтаа сурвалжлан явжээ.
Зураг 2.(1962 он. 18.5х25.5)
Нэгэн удаа А.Д.Симуков, Д.Санжаа, Н.Дэндэв нарын хамт хээрийн хайгуулаар явж Баруун хүрээнд хадгалагдаж байсан Чингисийн тугийг төвд авчирсан тухай өвгөн Н.Дэндэв гуай дурдатгал номондоо бичжээ. Энэ талаар хожим гэргий Я.Люнягаас нь лавлахад,
-Нэг удаа Симуковын хамт мазаалай олохоор говь явсан. Тэгж явахдаа Баруун хүрээнд хадгалагдаж байсан Чингисийн тугийг олж үзээд төвөөс албан бичиг заруулж тугийг хот руу ачуулсан (одоо Монголын Үндэсний Музейн үзмэрт байгаа туг-Ж.С).
Баруун хүрээний Осор гэдэг ламтан тугийг сууринаас нь сугалж өгсөн гэнэ лээ. Тэр үед жаахан гэнэдээд Чингисийн тугийн суурь ховдолд үлдсэн шүншигийн зүйлийг үзэлгүй ирсэн гээд хожим болтол үглэдэг байсансан.
Нэлээн сүүлд нөгөө лам Осор руу дахин хэл болж “Чингисийн тугийн суурь ховдолд Чингисийн дүр байх учиртай” гэж асуулган захихад нөгөө ламаас “Дүр үгүй байна, бурхан л байна” гэж хэлүүлж өвгөний санааг амраасан гэж хуучилж билээ.
Ү.Ядамсүрэн хорин таван нас хүртлээ хийдэд шавилан сууж шашны ном сурч, зан үйлийг нь нэвтэрхий мэддэг болсны хувьд чухам дээдийн шүтээний шүншигт юу юу багтан орсон байдгийг гадарлан Чингисийн тугийн шүншигийг лавшруулан судлуулсан бололтой.
Ү.Ядамсүрэн хуучин үеийн эрдэмтэн Жамъян гүн, Садогийн Шагж, Н.Дэндэв, Сэцэн хан Навааннэрэн, Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн нарын хамт Судар бичгийн хүрээлэнд ажиллаж ахуйгаас Чингис хааныхаа хөргийг бүтээх санаа сэдлийг олсон бололтой.
Ер дээрх эрдэмтэд ч Ядамсүрэнд Чингис хааны хөргийг бүтээх санал дэвшүүлсэн байх магадлалтай. Жамъян гүн Чингис хааны онгоныг эрэн сурвалжилж, Ц.Дамдинсүрэн “Нууц товчоо”-г шинэ монгол хэлэнд хөрвүүлэн, А.Амар сайд Монголын түүхээ бичиж байсан цагт тэдгээр хүний нөлөөлөл билэг авьяаст Ядамсүрэнд шууд туссан биз ээ.
Монгол ардын билиг зүй, ёс заншил, буддын хийгээд бөөгийн шашны өргөн мэдлэгийг унаган багаасаа эзэмшсэн эрдэмтэн-лам, зураач Ядамсүрэн 1939 онд Орос улсын Москвагийн В.Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургуульд сурахаар одож, Зөвлөлтийн нэрт зураач И.Э.Грабарь, С.В.Герасимов нарын урланд суралцаж Монголд хараахан нэвтрээгүй байсан европын реалист уран зургийн арга ухааныг эзэмшжээ.
1942 онд эх орондоо буцаж ирээд тэр үед Судар бичгийн хүрээлэнгийн харьяанд байсан улсын музейд ажиллаж байхдаа “Талын баатрууд” (1942 он. 155х236) нэртэй томоохон суурь уран зургаа бүтээж, тэр жилдээ уран бүтээлийн үзэсгэлэнд тавиулж нийтэд хүргэжээ.
Ү.Ядамсүрэнгийн “Талын баатрууд” зураг нь Чингис хааны байлдааны нэгэн нарийн арга ухаан болсон гурван талт шөргөн төмрөө шидлэн, дайсныг хиар цохиж ялалт байгуулж байгаа хөдөлгөөнт зохиомж бүхий илэрхийлэлтэй.
Зохиомжит олон дүр бүхий энэхүү зургийн голд Чингис хааныг өөрөө дайнд оройлсон байгаагаар дүрслэн бүтээсэн юм. Энэ нь Ядамсүрэнгийн хувьд Чингис хаанаа анх удаа дүрсэлсэн зураг болсон. “Талын баатрууд” зураг нь 1942 онд үзэсгэлэнд тавигдаад эзэндээ эргэж ирсэнгүй.
Зураг 3. (1962 он. 15.5х25.5)
Зургаа Засгийн газрын захиалгаар дахин бага хэмжээгээр нэг удаа зурсныг хожим хүү, зураач Я.Үржнээ нь цэргийн алба хааж байхдаа цэргийн ангийн клубт тавиастай байсныг олж үзжээ.
1995 онд зураачийн мэндэлсний 90 жилийн ойгоор үзэсгэлэн дэглэх бэлтгэл хийж байхдаа үр хүүхдүүд нь Дүрслэх урлагийн музейн хашаанд нурж байсан саравчнаас олон зураачийн бүтээл, хуйлаастай зургууд олсны дотор багагүй гэмтэлтэйгээр “Талын баатрууд”-ыг олж авсан аж.
“Талын баатрууд” зургийг сэргээн засварлаж үзэсгэлэнд дахин тавьсан юм. Ү.Ядамсүрэн “Талын баатрууд” зургаа зурсныхаа дараа жил буюу 1943 онд Чингис хааны хар цагаан хөргийг бүтээгээд 1944 онд дахин 60х80 босоо хэмжээгээр зотон даавуун дээр тосон будгаар зурсан.
Энэ хоёр хөрөг хар цагаан өнгөтэйгөөр өөр өөр аргаар зурсан ч адил дүрслэлтэй. Тухайн үед улсын музейд зайлшгүй шаардлагатай түүхэн сэдэвт зураг үзмэрийг нэмэх болсноос үүтгэж Чингис хааныхаа хөргийг хоёр дахиа бүтээхэд хүрсэн байж болох юм.
Ү.Ядамсүрэнгийн бүтээсэн Чингис хааны хөргийн талаар эрдэмтэн судлаачид өнөө хэр товтой анхаарч судалсангүй. Тэр ч бүү хэл хэвлэгдэж олны хүртээл болж амжсангүй ерээд онтой золгожээ.
Эрдэмтэн Р.Сайшаал “Чингис хааны товчоон” номынхоо тэргүүн дэвтэрт Ү.Ядамсүрэнгийн Чингис хааны хөргийг оруулахдаа “Кап хоршооны хөрөг” хэмээсэн хайнга тайлбар зүүлгээд, Бээжин, Тайваньд байгаа эши хөргөөс бусад нь хэрэггүй зохиомол хэмээн үзсэн бололтой.
Ү.Ядамсүрэн олон жилийн туршид судлан цуглуулсан түүх угсаатны зүйн гүнзгий мэдлэгээ түшиглэн мөнөөх олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн Чингис хааны эши хөргийг үндэс язгуураа болгон өөрийн жинхэнэ монгол хааны хөргийг бүтээсэн юм.
Түүний зурсан Чингис хааны хөргийг Бээжин, Тайваньд хадгалж байгаа хөргүүдтэй өнгөцхөн харьцуулбал эрс тэс илэрхийеэ өөр юм шиг. Харин тун нямбайгаар ажиглан харьцуулбал, нүүрний ерөнхий төрхөөс эхлээд мэлмийн тэлмэгэр харц, хөмсөг, зовхи, намхавтар хамар, ам, сахал бүгд эши хөргийн үндсэн төрх шинжийг гайхалтай хадгалсан байдаг.
Харин мөнөөх эши хөргөөс онцлох шинж байдал нь гэвэл эрс шийдэмгий харц, эрэмгий, бусдыг өөртөө татах идтэй дайчин хурц ухаалаг төрхийг бий болгосноороо илүү анхаарал татдаг.
Тэргүүндээ асаасан өндөр оройтой дэрэвгэр чихтэй малгай, хувцас сэлт нь бол XIII зууны үеийн монголчуудын хаад язгууртны хувцас хэрэглэлийг сайтар судалсныхаа үндсэн дээр уг шийдлийг хийжээ.
Хэдэн жилийн өмнө орон нутгийн музейн үзмэрүүдээс бүрдсэн “Монгол ахуй” нэртэй томоохон үзэсгэлэн Уран зургийн галерейд гарсан юм. Түүнд Говь-Алтайгаас ирүүлсэн үзмэрүүд дунд Ү.Ядамсүрэнгийн тосон будгаар бүтээсэн дурдан буй хөрөг байсан.
Энэ нь хар цагаан зургаар олонд танил болсон Ядамсүрэнгийн “Чингис хаан” хөргийн тосон будгаар бүтээсэн нэг хувилбар байлаа. Хөргийн баруун доод буланд (Ү.Ядамсүрэн. 34 он /44/. хэмжээ 60х80) гэж монгол бичгээр, улаан өнгөөр бичжээ.
Зургийн арга ажиллагааг сайтар ажвал аргагүй Ү.Ядамсүрэнгийнх болох нь илэрхий. Чингис хааны энэ хөрөг чухам яаж байгаад Говь-Алтайн музейд очиж социализмын үеийг даван гэтэлж хадгалагдаж ирсэн нь ч сонин.
Энэхүү суурь уран зургийн бүтээл “Чингис хаан” хөргийг хэдэн онд ч юм “Казахстанд үзэсгэлэнд явуулсан, тэгээд сураггүй болсон” гэж зураачийн гэргий Я.Люня өгүүлж байсан.
Ү.Ядамсүрэн дөчөөд онд бүтээсэн хэдэн янз хувилбар Чингис хааны хөрөг сэдэвт бүтээлээсээ хойш жараад он хүртэл энэ сэдэв рүү ойртсонгүй.
1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойн тухайн яриа үүсэж МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоол гарч, үндэсний үзэл сэргэх аятай болох үед Ү.Ядамсүрэн исэр суудалд сууж байгаагаар Чингис хааны бүтэн хөргийг бүтээв.
“Чингис хаан” бүтээл нь (1962 он. 18.5х25.5) (зураг 2) хөлөө хагас зөрүүлэн суугаа их хааны өвгөжөөр үеийн төрх.
Уг төрх нь мөнөөх хориод жилийн өмнө бүтээсэн дүртэйгээ адилавтар, малгай нь мөн адил, хар булган эмжээр хиазтай, улаан торгон дээлтэй, хөх торгон хэвнэг нөмөрч ногоон илгэн гутал жийн барсын арьсан дээр хөлөө тавьснаар дүрсэлжээ. Тухайн үед энэ хөргийг нийтэд харуулах бололцоо байсангүй.
Мөн Мин улсын цэргийн жанжин Го цы синий босоо хөргийг Францын шашны нийгэмлэгийн Гюбрехтийн 1928 онд яльгүй засварлан зураад Европт “Чингис хаан” нэрээр нийтлүүлэн ихэд тархаасан зургийн зохиомжийг дахин хэвээр нь авч, Чингис хааныхаа мөнөөх дүрийг шигтгэж, Монгол үндэсний хувцас өмсгөн, монгол байгаль дунд дүрслэн зурав.
“Чингис хаан” (1962 он. 15.5х25.5) (зураг 3) жижгэвтэр хэмжээний хөргийг зураач бүтээхдээ нэгэнт өрнөдийн олон оронд Чингис хаан хэмээгдэн тархсан тэрхүү зургийг Чингис хааны дүр төрх рүү татан багтаах холын бодлоо шингээсэн гэлтэй.
Тэр үед Чингис хааны хөрөг дүрийн тухай ойлголт ихээхэн бүрхэг өрнө, дорнын улсууд өөр өөр дүрийг Чингис хаан хэмээн онолдуулж байхыг ойртуулан уялдуулах ухааны сэжим байв.
Уран барималч Л.Махвал Хэнтийн Гурван нуурт Чингис хааны гэрэлт хөшөө босгоод нээлт хийлгүй буруутаж, мөн Ү.Ядамсүрэнгийн эх загвараар бүтсэн “Чингис хааны хөрөг”, “Цагаан сүлд”, “Чингисийн чулууны бичиг”, “Алтан гэрэгэний дүр” бүхий цуврал марк хэвлэгдэнгүүтээ цөм хураагдаж байв.
Зураач Ү.Ядамсүрэн улс орондоо үндэсний ухамсар сэргэх эгзэгт үе цагийг соргог мэдэрч тэр үе цаг болгонд Монголын түүх угсаатны зүйн судалгааг эрчимжүүлэн өрнүүлж, Чингис хааныхаа хөрөг дүрийг монгол жинхэнэ язгуур сэтгэлгээ шингээн бүтээхийг эрмэлзэж, тэрхүү эрмэлзэлдээ хүрч байсан юм.
Зураач 1965 онд Чингис хааныхаа хөргийг дахин бүтнээр бүтээв. “Чингис хаан” (1965 он. 20х27) (зураг 4) багавтар хэмжээтэй энэхүү хөрөгтөө дээлний өнгийг улаан, харин дугуй хээг нь луун хээгээр сольж, додиг болон дөрвөн талтай малгай өмсгөн, сүрлэг дүрслэлт хаан сэнтийд ташаа тулан сууж байгаагаар бүтээсэн юм.
Зураг 4. (1965 он. 20х27)
Ү.Ядамсүрэнгийн өөр өөр цаг үед бүтээсэн Чингис хааны хэд хэдэн хөрөг дундаас Монголын Үндэсний Музейд хадгалагдаж байгаа хар цагаанаар бүтээсэн хөрөг дүр онцгой юм. Уул хөргүүд хувцас зүүсгэл, донж төрх, нас намбаараа өөр өөр ч цаана нь нэг л Чингис хаан тодорхой үлджээ.
1960-аад он хүртэл Монголын зураачдаас хэн нь ч Чингис хааныхаа хөрөг дүрийг босгон бүтээж чадаагүй байсан юм. Зураач Д.Манибадар “Эртний баатар” /1957/ бүтээлдээ Чингис хааны дүрийг шингээхийг зорьсон, зураач Ц.Ойдов 1970-аад онд “Хашир малчин” модон сийлбэртээ их эзэн хааныхаа дүрийг үлдээхийг хичээсэн, зураач Г.Соосой их хааныхаа хөргийг зурж байсан ч хожим сүүлд нийтийн хүртээл болгосон.
Ү.Ядамсүрэнгийн бүтээсэн Чингис хааны хөрөг (цээж хөрөг.1943 он) бол монголчуудын сэтгэл зүрхэнд хамгийн ойр дөт, гэрэл цацруулсан увидаст бүтээл юм. Чингис хааны эши хөрөг хэмээн даяарт тархсан хөргөөс эрс өөр юм шиг атлаа лавтгавал нэгэн сэжим улбаатай, бадрангуй үнэмшилт их хааны энэхүү хөргийг энэ цагийнхан дахин анхааран хараасай.
Энэхүү хөргийг элдэв реклам чимэглэл, архи дарсны таниулгаас хасаж эрхэмлэн дээдлэх эши хөргийн хэмжээнд дээдлэн тавих цаг болжээ.