ОХУ-ын Москва хотын Гнесиний нэрэмжит хөгжмийн академид суралцдаг, ЦДБЭЧ-ын дуучин Ч.Бадрал энэ сарын 28-нд П.И.Чайковскийн консерваторийн Их танхимд болох “Большая Опера” тоглолтод оролцохоор болжээ.
М.Глинк болон П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны шагналтнуудын тоглолт болдог эл алдартай танхимд гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ч бас өмнө нь дуулж байсан. Харин Ч.Бадрал маань гурав дахь удаагаа энэ танхимд дуулах гэж буй.
Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд гурван уралдаанаас гран при, мөн тооны уралдаанаас дэд байрын шагнал хүртээд байгаа тэрбээр хамгийн сүүлд М.Глинкийн болон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байрт шалгарсан билээ.
Харин энэ удаагийн тоглолтод тэрбээр “Большая Опера” уралдааны амжилтаараа уригджээ.
Энэ тоглолтын хөгжмийг “Нова Россия” симфони найрал тоглож, удирдаач, уран сайхны удирдагчаар Юрий Бшмет ажиллах гэнэ. Мөн удирдаач Гинтарес Ринкявичюс симфони найрал хөгжмийг дохих юм.
Ч.Бадрал өдгөө Магнитогорын дуурь, бүжгийн театрт гэрээгээр ажиллаж байгаа юм байна.
Ж.СОЛОНГО