Эд баялаг зэрэг зиндаа эн тэгш хоёр өсөөтөн цаг үргэлж дайсагналцаж ирсэн энэрэл үгүй хорслын талбарт хайр сэтгэлийн эмгэнэлт түүхийг өгүүлэх “Ромео Жульетта” жүжиг Монголын тайзнаа гурав дахь удаагаа амилж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үеэр маш олон сюрприз үзэгчдийг алмайруулсны нэг нь Б.Мөнхбаатар гэх залуу эхнэртээ гэнэтийн бэлэг барьж гэрлэх санал тавин Төрийн соёрхолт,Ардын жүжигчин Н.Сувдаар гэрчлүүлээд амжсан юм. Тэд ханилаад найман жил болсон хэдий ч одоог хүртэл хурим хийж амжаагүй явсаар өнөөдөр гэгээн хайрын жүжгийн нээлтийн үеэр хийж буй нь энэ юм билээ.
Хагас мянганы тэртээд бичигдэж, өнөөг хvртэл хvн төрөлхтний хайр, дурлалын гэрч болсон “Ромео Жульетта” жvжгийн гол дvрд УДЭТ-ын залуу жvжигчин О.Дөлгөөн, Б.Шинэбаяр нар тоглож байгаа бол тэднийг үзэхээр "Ромео Жульетта" нар ч олон иржээ.
Бие биедээ дайсагнасан Монтекки, Капулетти нарын гэр бүлийн тулаанаар “Ромео, Жульетта” жүжиг эхэлнэ. Дайн тулаантай энэ хэсэгт хөгжмийн зохиолч Б.Чинбатын зохиосон хөгжим юм. Тэр ч бас өөрийн "Жульетта”-г дагуулан хайрын түүхийг гэрчилхээр орж ирэхэд нь хэдэн хором ярилцсан юм.
-Жүжгийн хөгжим бол тухайн бүтээлийн салшгүй нэгэн хэсэг. Орчин цагийн “Ромео, Жульетта”-д хамтарч ажиллах хүсэлтийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Н.Наранбаатар маань надад хамтарч ажиллах хүсэлт тавихад нь дуртай хүлээж авсан. Тэнгэрлэг хайрын үнэнч түүхийг хүн болгон мэдэх хэдий ч монгол хүн үүнийг яаж мэдрэх ёстой вэ гэдэг их сонин байсан. "Ромео, Жульетта” жүжиг олон авьяастай уран бүтээлчдийн сэтгэл шингэсэн халуун дотно уран бүтээл болсон учраас ямар хөг, ямар өнгө аяс давамгайлах ёстой вэ гэж нэлээд удаан бодсоны эцэст уран бүтээл маань бэлэн болсон юм. Би энэ жүжигт тоглож байгаа Ромео, Жульетта, Меркуцио, Тибальт нар жүжгийг хэрхэн амилуулж байна гэдгийг харах туйлын хүсэл байсан болохоор Драмын театрт нүүж ирж, Наранбаатарын өрөөнд сар амьдарсан шүү.
-Хөгжмийн онцлогийн талаар ярихгүй юу?
-Ромеог морин хийл, Жулияг хийл хөгжмөөр илэрхийлж байна. Тулааны хэсэг, хайр сэтгэлээ илэрхийлж буй хоёр гэр бүлийн хагаралдаанаас болж хагацаж чадахгүй байгаа хайрын хэсэг болгонд онцгой сонсогдох байх. Хөгжим хөгжмийн дээд оркестр хөгжим юм. Тэр оркестрт олон хөгжимчин олон янзын хөгжим тоглож байгаагаараа гайхамшигтай байдаг.
Түүнчлэн жүжгийн нээлтийн үеэр найруулагч Н.Наранбаатарын сэтгэгдэлийг хуваалцлаа.
-Энэ бол цоо шинэ жүжиг биш. Монголын тайзнаа өмнө нь хоёр ч удаа тавигдаж, үзэгчдийн хүртээл болж байсан сонгодог бүтээл шүү дээ. Өөрийн найруулгаар “Ромео жульетта” жүжиг үзэгчдийн хүртээл болох гэж байна. Сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?
- Юуны өмнө та бүхэнд Монгол бахархлын өдрийн мэндийг хүргэж байна. Аливаа уран бүтээлийг цоо шинээр нь үзэгчдэд хүргэх бол нэг асуудал. Тийм учраас энэ жүжгийг барьж аваад тайзнаа амилуулах зориг гаргасандаа маш их баярлаад зогсож байна. Он цагийн урсгалд хэрэгцээ шаардлагын үүднээс алдарт У.Шиксперийн бүтээлүүд тайзнаа амилдаг болов уу гэж би боддог. Монголын хүн амын дийлэнх нь залуучууд чраас өнөөдөр энэ тайзнаа агуу хайрын түүхийг амилуулах цаг нь иржээ.
-Таны найруулгыг хүмүүс тэс өөр байна байх хэмээн таамаглаж байгаа. Гурав удаагийн "Ромео, Жульетта”-гийн онцлог нь юу бол?
-Уг жүжгийн зохиолыг 15 үзэгдэлтэй болгон шинэ дэг тавилтаар 21-р зууны үзэгчдэд хүргэж байгаа нь хамгийн гол онцлог. Залууст зориулсан учраас их орчин үеийн уур амьсгалыг оруулж өгсөн.
-Ихэвчлэн залуу уран бүтээлчид тоглож байгаа харагдана лээ. Туршлага бага, залуу хүмүүстэй ийм том сонгодог бүтээл дээр хамтарч ажиллахад амаргүй л байсан болов уу?
-Биеийн амраа бодсон бол театрт олон жил ажилласан туршлагатай уран бүтээлчидтэйгээ хамтарч ажиллах байсан. Жүжгийн гол дүрд ихэвчлэн залуу уран бүтээлчид тоглоно. Бид залуу үедээ итгэл хүлээлгэх ёстой. Ингэж байж тэд туршлага сууна. Мэргэжлийн уран чадвар нь ч гэсэн тодорхой хэмжээнд сайжирна гэж боддог. Найруулагч хүн зохиолоо сонгосны дараах хамгийн том ажил бол дүрийн сонголт байдаг. Дүрээ хэрхэн зөв сонгосноос тухайн уран бүтээлийн 20 хувийг нь хийчэхлээ гэж бод гэдэг үг бий. Миний хувьд дүрийн сонголтдоо маш сэтгэл хангалуун байгаа шүү.