Монгол, Польш улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээ болж буйн нэг нь сонгодог урлагийн тоглолт юм. Хөгжим бүжгийн коллеж, Улсын филармони, Польш улсын ЭСЯ-тай хамтран явуулах Польшийн нэрт төгөлдөр хуурч Марек Браха, хийлч Катажина Дуда нарын уран бүтээлийн тоглолтыг энэ сарын 16 буюу даваа гаригт зохион байгуулна. Америк, Хятад, Япон, Венесуэл, Голланд, Герман зэрэг улсын алдарт тайзнаа тоглож, дэлхийд танигдсан тэд XIX зууны Польш, Франц, Испанийн хөгжмийн зохиолчдийн сонгодог бүтээлүүдээс монгол үзэгчдэд толилуулах юм билээ. Польшийн өнөө үеийн сонгодог урлагийн төлөөлөгч болсон тоглоочид энэ ням гарит Монголд ирэх бөгөөд тоглолтынхоо дараагийн өдөр ХБК-ийн оюутнуудад мастер хичээл заах аж. Төгөлдөр хуурч Марек Браха 2012 онд манай ДБЭТ-т тоглолтоо хийж, мөн оюутнуудад мастер хичээл орж байсан юм.