Эх хүнд зориулсан нэгэн хөшөө Дорнод аймагт сүндэрлэлээ. Багадаа эцгээсээ өнчирч үлдсэн Тэмүжинг их хаан, дүү нарыг нь төрийн түшээ, баатар эрс болгож төлөвшүүлсэн хүн бол Өүлэн эх. Тиймээс Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөлөөс Өүлэн эхийн хөшөө босгожээ. Ийм хөшөө босгох санааг ардын жүжигчин А.Энхтайван гаргаж, эх загварыг нь бурханч лам Г.Пүрэвбат боловсруулсан гэнэ. Хөшөөг цаашид цогцолбор болгохоор төлөвлөжээ. Хонгирад аймгийн, олхонууд овогт Өүлэн эхийн төрсөн газар нь одоогийн Дорнод аймгийн Баян-Уул сум аж. Хөшөөг өнөөдөр болох Чингис хааны мэндэлсэн өдрөөр нээж, Дорнод аймгийн төвд сүү өргөх ёслол зохион байгуулах юм байна. Энэхүү ёслолд 108 ээж оролцоно.