Гавьяат жүжигчин Ө.Уянга “Нюанс” хамтлагийн дуучин Д.Дуйнхоржавтай “гэрлэхээр” болжээ. Дуучин бүсгүй фэйсбүүк хуудастаа "Өглөөний мэнд, найзуудаа. Ойрд эрч хүчээр дүүрэн өдрүүд үргэлжилж байна. Удахгүй та нартаа барих гэнэтийн бэлэг бараг л бэлэн болж, үзэгч авхай таныг үзэсгэлэнт танхимд урлагийн гайхалтай бүтээлүүдийг үзэж мэлмий сонороо баясгах өдрүүд ойртсоор байгааг дуулгахад нэн таатай. Энэ үдшийг бүтээгч уран бүтээлийн хосууд болох залуус бидний зураг авалт амжилттай боллоо.Үзэгч та бээр энэ зургийг хайртай хосуудын хурим хэмээн бодож байгаа байх. Тиймээ...энэ бол уран бүтээлийн хайрын хурим юм" хэмээн дээрх зургийг нийтэлсэн бөгөөд энэ нь хоёр дуучин маань энэ удаа уран бүтээлээ холбож, хослон дуулахаар болсныг илэрхийлж байгаа юм.
Уран бүтээлийн хайрын хуримын тов удахгүй гарах нь. Тэд зөвхөн дуурийн ари, романс дуулаад зогсохгүй халуун цуст Итали, Испани дуу болон попера урсгалын сор болсон бүтээлүүдийг ч хүргэх юм. Г.Доницеттигийн “Лучиа ди Ламмермур” дуурийн Лучиагийн дүрээр хоолойн цараа, жүжигчний ур чадвараа дахин нотолсон гавьяат жүжигчин Ө.Уянга ийнхүү цоо шинэ гэнэтийн бэлгээ задалж байна.