ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатар энэ сарын 21-нд Соёлын төв өргөөнд тоглолтоо хийх нь. “Монголын үндэсний урлагийг өнөө цагт Буянбаатаргүйгээр төсөөлөх аргагүй” хэмээн уран бүтээлчид түүнийг үнэлдэг юм билээ. Түүнтэй утсаар холбогдлоо.
-Та яг одоо хаана, юу хийж байна вэ?
-Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын хоёрдугаар дамжааны оюутнуудаас шалгалт авчихаад, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат багшийн өрөөнд сууж байна.
-Таныг тоглолтоо хийнэ гэж дууллаа. Урьд нь бие даасан томоохон тоглолт хийж байв уу?
-Анхных нь энэ болно. Би ХБК төгсөж Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад морин хуурчаас ерөнхий удирдаач болтлоо 30 жил ажиллажээ. “ҮДБЭЧ байгуулагдсаны 65 жилийн ойн хүрээнд ерөнхий удирдаачийнхаа тоглолтыг хийе” гэсэн санааг манай захиргаа, уран сайхны зөвлөл гаргасан юм.
Өнгөрсөн хугацаанд хийж бүтээснийхээ хэсгээс толилуулна. Надтай хамтарч байсан үндэсний урлагийнхан болон сонгодог уран бүтээлч, рок попынхон нэгэн тайзнаа цуглана.
-Та хэн, хэнтэй хамтран ажиллаж байв?
-Надтай хамгийн олон жил хамт ажилласан нь ардын жүжигчин Д.Самбуу, А.Нэргүй, Ч.Батсайхан нар. Энэ тоглолтод гавьяат жүжигчин Н.Амгалан, Ш.Одонтуяа, залуу дуучин Б.Батмэнд, Үндэсний их найрал хөгжим, ҮДБЭЧ-ын дуучид, бүжигчид, ДБЭТ-ын гоцлооч, гавьяат жүжигчин Ө.Уянга болон Б.Эрдэнэтуяа, Ч.Энхтайван, А.Сайнбаяр оролцоно.
Хөгжмийн зохиолч Б.Чинбатын “Давтагдашгүй”, гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн “Аргагүй монгол аялгуу” тоглолтод нь би хамтарч байсан.
Миний уран бүтээлийн тоглолтод тэднээс гадна “Свийтимоушн” хамтлаг, гавьяат жүжигчин Ц.Энхманлай, С.Наран, хийлч Ч.Дэлгэрцэцэг, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, миний шавь нар хөг нэмэх юм.
-Хөгжмийн ямар зохиолууд эгшиглүүлэх вэ?
-Морин хуурт зориулсан бүтээлүүд, гадаадын хөгжмийн зохиолчдын сонгодог зохиол болон “Монголын тал нутаг”, “Хүний заяа”, “Хурдан зээрд” зэрэг манай нэртэй хөгжмийн зохиолчдын дуунуудыг толилуулна.
Миний удирдан тоглуулсан цөөнгүй уран бүтээл байдаг. Үүнээс “Үлэмжийн чанар”, “Оройн дээд” дуулалт жүжиг, “Монголын их хатад” бүжгэн жүжгийн хэсгээс тоглоно.
Би бас морин хуурч учир ардын жүжигчин А.Нэргүйтэй хамтран уртын дуу эгшиглүүлнэ.
-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд таны олж авсан хамгийн чухал зүйл юу байв?
-Үндэсний өв соёл, ҮДБЭЧ-аараа бахархаж байна. Олон улсын тавцанд Монголоо сурталчлахад ҮДБЭЧ-ын гүйцэтгэсэн үүрэг их. Би ийм чухал байгууллагад ажилласан их хувь заяатай хүн гэж ойлгодог. Мөн төгссөн сургууль болох ХБК-оороо бахархдаг.
Надад ямар агуу бурхад багшилж байсан юм бэ. Монголын урлагт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд тэдний оруулсан хувь нэмэр ямар ихийг энэ хугацаанд ойлгож, биширч явна даа.
Сонирхуулахад, тоглолтын үеэр азтан тодруулж Н.Буянбаатар удирдаачийн гарын үсэг бүхий мэргэжлийн тоглоочдын морин хуур бэлэглэх бөгөөд арваннэгдүгээр сард төрсөн хүмүүс нэг тасалбараар хосоороо үзэх эрхтэй аж.
Б.ТАЙВАН