МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Р.Эмүжин “Хөх сарны явдал” нэртэй эротик роман бичсэнээ хэвлүүлжээ. Номынхоо нээлтийг “Аз хур” номын их дэлгүүрт өнгөрсөн баасан гаригт хийлээ.
Номын хуримаа шөнийн 22.00 цагт хийхээр товлосноо “Шөнийн тэнгэрийн дор, шөнийн сарны дэргэд, шөнийн хүслээ өвөрлөөд уулзъя. Тэнд “Хөх сарны явдал” биднийг хүлээх болно. Сонирхож байвал би хайрын шүлгүүдээсээ сорлон уншина” гэж зарласан юм.
“Хөх сарны явдал” эротик романы нээлтэд зохиолч Б.Сарантуяа, зураач Н.Орхон, Р.Лхамаа, “Аз хур” номын их дэлгүүрийн захирал Батцэцэг тэргүүтэй зочид оролцсон. 23.00 цагт, эротик романы нээлтэд оролцоно гэдэг зориг шаардсан хэрэг.
Энд түвд судлаач Б.Ням-Очир, постмодернист Б.Галсансүх, Б.Сарантуяа нар өөр өөрсдийн бүтээлүүдээс зочдод уншиж, сонирхуулсан. Р.Эмүжин “Зүрх сэтгэлийн хүчилтөрөгч нь хайр дурлал гэж би боддог. Хайр бидний сэтгэлд буй олон уугиж буй галыг бадраан, заримдаа өөрөөсөө нуугдмаар болтол нууцхан шатаадаг.
Магадгүй ийм тохиолдолд эрх чөлөө таны унтлагын өрөөнд оршин байдаг. Бас хүсэл хийгээд хяслын хооронд дорнын саран мэт домог хэлхэн амьдарсаар л байдаг. “Хөх сарны явдал” нэртэй зөвхөн насанд хүрэгчдэд зориулан туурвисан роман маань хүний сэтгэл хийгээд сэтгэхүйн гүнд шунган орж, шуналтан сонжсон бүтээл болсон. Гэхдээ ном болон хэвлэгдтэлээ цөөнгүй бэрхшээл туулсан” гэлээ.
“Хөх сарны явдал” зүрх дэлсэж, даралт ихэсмээр учралуудаар дүүрэн, гаднаас нь харахад орчин үеийн сонгодог хэв маягийг хадгалсан гоёлтой, дотоод сэтгэл нь солиотой үнсэлтийн ул мөр хийгээд үнэрийг шингээсэн бүтээл болсон аж. Уг романыг “Мөнхийн үсэг” хэвлэлийн газарт хэвлүүлсэн бөгөөд баасан гаригаас номын дэлгүүрүүдээр худалдаж эхэлжээ.
А.ТАЙШИР