Шинэ жилийн баярын сонгодог бэлэг “Цөмөөхэй” балетыг өнгөрсөн жил гавьяат жүжигчин Д.Алтанхуяг шинэчлэн тоглуулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Ингэхдээ бяцхан бүжигчдийг тоглолтдоо оролцуулж, тэднийг Клара, Хулганын хаан түүний найзуудын дүрд хувиргасан. 180 хүүхэд, 400-гаад уран бүтээлч, ажилчдын хүч хөдөлмөрөөр үзэгчдэд хүрсэн эл бүтээл ирэх сард зургаан удаа тоглох юм. Энэ жилийн “Цөмөөхэй”-гийн гол дүрийн шалгаруулалт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, 250 орчим хүүхэд оролцжээ. Тэднээ 100-120 хүүхдийг шалгаруулж, балетдаа тоглуулах гэнэ. Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг гол дүрийн бяцхан жүжигчдээ өөрөө сонгож байгаа бөгөөд өчигдөр Кларад бүжиглэх таван охиноо тодруулжээ. Гэхдээ өнөөдөр тэдний нэрсийг албан ёсоор зарлах бол маргааш бусад бяцхан жүжигчдийн сонгон шалгаруулалтын дүнг танилцуулах юм.
Арванхоёрдугаар сарын 12, 13, 19, 20, 26, 27-нд тоглох “Цөмөөхэй” балетад ДБЭТ-ын бүжигчид оролцон тоглох юм.