Утга зохиолын фондод өргөдөл гаргах нь.
Танай байгууллагад шинээр нээсэн цайны газартаа сав угаагчаар ажилд авна уу.
М.Н.Цветаева.
1941.08.26
Ийм нэгэн өргөдлийг агуу боловч хүлээн зөвшөөрөгдөөгүй, энгийн боловч, амаргүй, одоо бөгөөд ирээдүйн яруу найрагч Марина Цветаева нас барахаасаа таван өдрийн өмнө бичжээ. Амьдрал, уран бүтээлийнхээ ирээдүйд итгэлтэй байсан найрагчийг чухам ямар учир явдал энэ хорвоог сайн дураараа орхиход хүргэв ээ.
Дүрвэгсдээр дүүрсэн усан онгоц “Чистый пруд” хэмээх газрын хажуугаар зугуухан өнгөрч явлаа. Тэнд зохиолчдын амралтын газар бий аж. Дайн эхэлснээс хойш Москвагийн олон зохиолч, найрагч тэнд суурьшсан байлаа.
Гагцхүү Маринад л тэнд орон зай олдсонгүй. Усан онгоц найрагч бүсгүйг цааш Елагуба руу авч явна. Хожим Цветаевагийн охин Аля цөллөгөөс ирээд энэ хотод очиж чадаагүй гэдэг.
“Елагубагаас би үхтлээ айдаг. Хот хамаагүй л дээ. Хүйтэн сэтгэл, харгис хандлага, үл ойлголцол ээжийг минь насаар нь дагасан. Тэр бүгд түүнийг Елагубад гүйцээсэн хэрэг л дээ” гэж Аля дурссан байдаг.
Цветаева хүүтэйгээ 1941 оны наймдугаар сарын 22 -нд Елагуба хотын Покровскийн гудамжны нэгэн айлын өрөөг хөлслөөд, тэр сарынхаа 31-нд өөрийгөө боомилсон байдаг. Түүнийг есдүгээр сарын 2-нд оршуулжээ. Захиргааны агуулахад байсан модон авсанд хийгээд л булчихаж.
Яг л гуйлгачин шиг. Чингэхдээ чухам хаана булсныг хэн ч санадаггүй аж. Өдгөө ч Цветаевагийн үхлийн талаар янз бүрийн таамаг дэвшүүлсээр байдаг.
1940 оны есдүгээр сарын 5-нд “Бүхнээс, бүгдээс айж байна. Зангуугаа буулгаад, гэрлээ унтраах цаг болжээ. Би бүтэн жил дэгээ хайж байгааг хэн ч мэдэхгүй” гэж өдрийн тэмдэглэлдээ тэрбээр бичжээ.
Мөн “Хэт ихийг чи өөрөө надад хайрласан. Харин би амьдралын зам харгуйг бүгдийг шууд хүснэ”. “...Үлгэрээс сайхан хүүхэд насыг чи хайрласан. Үхлийг ч мөн адил арван долоон насанд минь өгөөч” гэж өсвөр насандаа бичсэн мөрүүдээс үзвэл найрагч бүсгүй үхлийг нэг биш удаа хүсэж байсан бололтой.
Елагуба хотод болсон явдал, магадгүй хэтэрхий харгис сонсогдох ч, зүй ёсны төгсгөл мэт санагдана. Амьдрал Цветаеваг мухар булан руу шахсаар өөр гарц үлдээсэнгүй.
Эсэргүү хэмээгдэн баригдаад явсан нөхрийнхөө үхсэн, амьдыг ч мэдэхгүй, охин нь найман жилээр заагдан цөллөгдөж, өөрийн орон байргүй, орлогогүй, шил тушааж олсон мөнгөөрөө тэдэндээ өгөх жаахан юм аваад, шоронгийн үүдэнд өдөр, шөнагүй дугаарлан зогсох тийм амьдралыг эмэгтэй хүн бүр давж гарч чадна гэж үү. Тэгэх тусмаа яруу найрагч бүсгүй.
Цветаевагийн бага нас шүлгэндээ магтан дуулсан шигээ үнэхээр аз жаргалтай байжээ. Тэрбээр сэхээтэн гэр бүлд төрж, өссөн. Аав Николай Цветаев нь Пушкиний нэрэмжит уран зургийн музейг (тэр үед III Александрын нэрэмжит урлагийн музей гэдэг байсан) үндэслэн байгуулсан аж.
Тэрбээр энэ үйлсэд амьдралынхаа 25 жилийг зориулжээ. Маринагийн ээж ч урлагт хайртай нэгэн байлаа. Хөгжмийн өндөр боловсролтой, герман, франц хэлтэй тэрбээр хүүхдүүддээ чамгүй боловсрол олгосон гэдэг.
“Манайх найман өрөөтэй хоёр давхар сайхан байшинд амьдардаг байлаа. Хоёдугаар давхарт ах, эгч хоёр тус тусдаа өрөөтэй, харин Марина бид хоёр нэг өрөөнд унтдаг байсан. Доод давхарт зочид хүлээж авдаг саруулхан танхимын голд том, цагаан төгөлдөр хуур байсан.
Ээж маань сайхан хөгжимдөнө. Бас оройдоо бидэнд үлгэр, сонгодог зохиол уншиж өгнө. Биднийг герман, франц хэл ойлгодог болсны дараа тэр хэлээр ном уншиж өгдөг болсон. Марина хөгжим сонсох, бас тоглох дургүй, харин шүлэг зохиох дуртай байсан.
Дөрвөн настайдаа анхны шүлгээ бичсэн юм. Бидний бага нас ийм л тав тухтай, халуун дулаан уур амьсгалд өнгөрсөн” гэж Маринагийн дүү Анастасия Цветаева дурссан байдаг.
“Оройн цомог” нэртэй анхны шүлгийн түүврээ Цветаева 16 настайдаа гаргажээ. Бүр бие дааж, өөрийн олсон мөнгөөр хэвлүүлсэн аж. Тэр даруйдаа л Цветаева Москвагийн зохиолч, найрагчдын анхаарлыг татлаа. Түүний шүлгийг уншсан хүмүүс Маринаг хараад “Ийм жаахан охин байсан юм уу” гэж гайхдаг байжээ.
Цветаева өөрөө дотоод ертөнц болон гадаад байдал нь огт авцалдахгүй эрс тэс ялгаатай байгаагаа мэдэрдэг байв. Тэрбээр дотоод ертөнцдөө нийцэх гэсэн үү, ямар ч байсан харааных шилээ зүүхээ больж, тамхи татаж, турах гэж нэг хэсэг хоол ч идэхээ больсон байна.
18-хан настай яруу найрагч охиныг тэр үеийн Оросын алдартай зохиолч, зураач М.Волошин зориуд олж уулзаад, авьяас билгийнх нь өмнө мэхийн ёсолсон гэдэг. Хожим Волошиныг нас барсан мэдээг Цветаева Парист байхдаа сонсоод “Бас л бүгдийн эсрэг ганцаараа болов. Түүнийг би Зөвлөлт засгийг үзэн ядаагүйд нь уучилсангүй.
Бусад шиг яваагүй учир үзэн ядаагүй тэр төр засгаасаа болж хохирсон түүнийг уучилсангүй. Найрагч гэдгээ ойлгосондоо, үзэсгэлэнтай сайхан Коктобельд нь өнгөрүүлсэн хэдэн жилийнхээ төлөө би
Волошинд өртэй үлдлээ” гэж Цветаева бичжээ. Крымын Коктобель тосгонд байсан Волошины гэрийн хаалга авьяастай, ухаантай хүмүүст, бас аз жаргал, хайр дурлалд үргэлж нээлттэй байлаа. Тэр л айлд 1911 онд Цветаева ирээдүйн нөхөр, амьдралынх нь учир утга болсон Сергей Эфронтойгоо учирчээ. Тэр үед Марина 18, Сергей 19 настай байв. Тэд
хоёул нэг өдөр буюу есдүгээр сарын 26-нд төрсөн. Нэг удаа Марина Сергейтэй далайн эргээр зугаалж явахдаа “Хэрэв чи эндээс мана чулуу олж чадах
юм бол би чамтай гэрлэнэ” гэхэд Сергей тэр даруй олж чаджээ. Тэр чулууг Цветаева үхэн үхтлээ хадгалсан гэдэг. Удалгүй тэд гэрлэж, аз жаргалтай урт удаан амьдарч, нэг өдөр төрсөн шигээ хамтдаа нэг өдөр үхнэ гэж мөрөөддөг байв.
“Гарт минь зүүсэн бөгжийг
Гайхуулан би зүүнэ
Тиймээ би цаасан дээрх эхнэр биш
Би мөнхөд эхнэр” гэсэн мөрүүд Коктобельд өнгөрүүлсэн жаргалтай жилүүдэд тэрлэгдсэн байдаг.
Харамсалтай нь, аз жаргал нүүрээ буруулж, тэд хамтдаа удаан байсангүй. Сергей эхнэрээсээ хойш 48 хоногийн дараа нас барсан байна. Түүнийг 1941 оны аравдугаар сарын 16-нд Лефортово шоронгийн хонгилд бууджээ.
Тэр болтол залуу гэр бүл хоёр ч охинтой болж, мөрөөдөж байсан шигээ аз жаргалтай амьдарч байтал Октябрийн хувьсгал, дараа нь иргэний дайн дэгдэв. Нөхөр нь зүгээр суухгүй, фронт явж, цагаантны талд байлдана гэдэгт Цветаева эргэлзэхгүй байлаа.
“Та үлдэхгүй байсан. Та ганцаараа ч хамаагүй явах байсан. Яагаад гэвэл та өөгүй нэгэн. Яагаад гэвэл бусдыг алж байхад та зүгээр сууж чадахгүй. Хэрэв та тэгж чадаж, гайхамшигтай зүйл хийн, амьд үлдвээс би таны араас нохой шиг явах болно ” гэж Цветаева захидалдаа бичсэн шигээ нөхрөө дагажээ. Цветаева дөрвөн жилийг нөхөр нь амьд, эсэхийг мэдэхгүй өнгөрөөжээ.
Төрсөн гэрийг нь хувьсгалчид эзлэн, албан газар болгосон байв. Хүүхдүүдээ өлсгөхгүйн тулд асрамжийн газарт өгч аргалсан ч, бага охиноо аварч чадсангүй. Сахуугаар өвчилсөн том охиноо өөр дээрээ аван, асарч байх хооронд бага нь асрамжийн газарт салхин цэцгээр нас баржээ.
“...Хаана манайх хаана хүнийх байгаа юм бэ?
Бүгд л зэрэгцээд хэвтэж байна.
...Цагаан байсан улаан болчихож
Цусанд будагджээ
Улаан байсан цагаан болчихож
Үхэл ялжээ...” гэж шүлэглэсэн найрагч бүсгүй
аймшигтай, хүнд хэцүү цагт ч уран бүтээлээ турвисаар л байв. 1922 онд Эфроноос Прагад сурч байна гэсэн мэдээ ирснээр цаг үеийн эрхээр салж бутарсан гэр бүл дахин нийлэх боломж гарсан байна. Цветаева эх орноо орхижээ.
Тэр үед есөн настай байсан Аля охин нь “Том, жижиг ямар ч хамаагүй сүмийн хажуугаар өнгөрөх болгонд ээж мөргөөд, надад “Мөргө охин минь” гэдэг байлаа. Бид ингэж эх оронтойгоо салах ёс хийсэн” гэж бичсэн байдаг.
Цветаева Чехэд хүү Георгийгоо төрүүлжээ. Прага Цветаевагийн хувьд тарчиг амьдралтай ч, жаргалтай байсан хамгийн сүүлчийн газар аж. “Прага бол нутаг усгүй болсон хүмүүсийн эх орон юм. Праг руу буцаж явах хүсэл ямар их байна вэ. Амьдралдаа би Прагаас өөр ямар ч хотод эргэж очихыг хүсдэггүй. Тэнд миний нэг найз бий.
Тэр бол голын эрэг дээр байдаг эртний баатрын хөшөө юм. Тэр баатрын царай надтай адилхан. Миний хувьд тэр бол өөрөө өөртөө, бусдад үнэнч байхын бэлгэ тэмдэг. Би тэнд жаргалтай байсан өөрийгөө хүсэж байна, “Төгсгөл”, ”Уул” найраглалын эзэн өөрийгөө хүсэж байна. Гэтэл одоо “би” гэдэг үг үгүй болж, “бид” гэж чихэнд дүнгэнэх юм” гэж Цветаева тэмдэглэлдээ бичсэн байдаг.
Цветаевагийн шүлгүүд эх оронд нь маш алдартай байлаа. Үүнд Борис Пастернакийн үүрэг их. Тэрбээр уран зохиолын үдэшлэг бүрээр олон түмэнд Цветаевагийн шүлгүүдийг уншиж өгдөг байв.
1920-иод он Цветаевагийн уран бүтээлийн оргил үе. Берлинд түүний хоёр ч ном хэвлэгдсэн байна. Пастернак Цветаевагийн шүлгүүдийг нууцаар Орос руу оруулж ирдэг байв. Цаасан дээр тэрлэсэн гайхамшигтай мөрүүдийг хүрэмнийхээ дотор халаасанд хийгээд хил давдаг байжээ.
Тасарч, урагдаж алга болохоос болгоомжлон Пастернак тэдгээр цаасыг гараараа үдээд, даалингаар хавтасласдаг байж.
Прагад Цветаева нөхөр, хүүхдүүдийн хамт гурван жил амьдарсан байна. Байнга тэнд амьдрах нь эдийн засгийн хувьд боломжгүй байсан тул Парис руу нүүжээ. Тэнд ажил олдоно, бас найзууд нь байгаа гэж найдсан учир Парисыг сонгожээ.
Марина урьд нь Сорборны их сургуульд сурч байсан, бал сараа тэнд өнгөрөөсөн тул Парист амьдрах болсондоо баярлаж байв. Гэтэл Оросын цагаачид түүнийг хүйтэн хөндий угтжээ. Тэдний хувьд Цветаева большевик байв.
Октябрийн хувьсгал ялахаас өмнө Марина дүүгийнхээ хамт хувьсгалын үзэл бодлыг нэлээд сонирхож нууц бүлгэмд хүртэл орж байжээ. Парист тэд 14 жил амьдарсан байдаг. Бас л ядуу тарчиг.
Цветаевагийн шүлгүүдийг Орост ч, Францад ч хэвлэхгүй байв. Тэрбээр хааяа олдсон орчуулгын ажил хийж нөхөртөө дэм болно. Эфронд ажил олдохгүй байлаа. Тэрбээр сэтгүүл гаргах, кинонд тоглох, зураг авах гээд олон ажил хийж эхэлсэн ч амжилтад хүрэлгүй унтарсаар байв.
Дээрээс нь сүрьеэ өвчин нь хүндэрч, байнга эмчилгээ хийлгэх шаардлага гарна. Тэр үед түүний үзэл бодол их өөрчлөгдсөн байлаа. Тэрбээр эх орныхоо өмнө өртэй хүн гэж байнга ярих болсон нь Зөвлөлт засгийг дэмждэг болсонтой холбоотой байв.
Эфрон эх орондоо буцах талаар боддог болжээ. Энэ үзэл нь түүнийг Оросын Дотоод яамтай хамтарч ажиллахад хүргэжээ. Тэд түүнд эх оронд чинь буцахад тусална гэж амласан нь ойлгомжтой.
1937 онд Эфрон Зөвлөлтийн тагнуул Игнатий Рейсийн аллагад холбогдсон тул Францаас гэнэт явах болжээ. Зөвлөлт засгийг дэмжих болсон аавынхаа үзэл бодлыг охин Аля нь хуваалцан, жилийн өмнө түрүүлээд Орос руу явсан байлаа.
Энэ мөчөөс эхлэн Оросын цагаачид Цветаевагаас нүүр бууруулсан байна. Хүний газарт гутамшигт гадуурхлыг тэрбээр бас л ганцаараа үүрчээ. Эртний анд, тайж Волконски нь нас барахад Марина салах ёс хийхээр Парисын үнэн алдартны сүмд очжээ. Тэндхийн шатан дээр ганцаараа зогсох түүнийг оршуулгын цуваанд явсан хүмүүс тойрон явж байсан гэдэг.
Тэрбээр 1939 онд нөхрийнхөө араас Орос руу буцжээ. Өөрийнхөө үхэл рүү явж байгааг найрагч бүсгүй мэдээгүй нь лав.
Тэр жилдээ эгч Анастия нь, охин Аля, Сергей ч баригдана. Урьд нь Цветаева өвчин зовлон, ядуу зүдүүг үл харгалзан шүлгээ бичсээр байсан бол энэ удаа далавч нь хугарч үзэг, цаас нийлүүлэхээ болив. Тэрбээр нөхөр, охин, эгчийгээ өршөөж, суллахыг хүссэн өргөдөл л бичих болов. Тэгж байтал дайн ч эхлэв.
1941 оны наймдугаар сарын 31-нд ХХ зууны нэгэн агуу найрагч энэ хорвоогоос хальжээ. Тэрбээр 48 настай байв. Аравдугаар сарын 16-нд Сергей Эфрон буудуулав. Тэрбээр 49 настай байв. Охин Аля нь 63 насыг туулахдаа 17 жилийг нь гянданд өнгөрөөсөн байдаг. Хүү Георгий нь 1944 онд Варшавын ойролцоох тулаанд амь үрэгдэхдээ 19-хөн настай байжээ.
Н.ЭНХТҮВШИН