Өмнөд Солонгосын дуучин PSY-д зориулсан хөшөөг Сөүл хотноо сүндэрлүүлжээ. Алтлаг өнгөтэй хөшөө түүний алдарт "Gangnam style" дууны бүжгийн үндсэн хөдөлгөөнийг илэрхийлсэн хэлбэртэй аж. 2012 онд анх сонсогчдын хүртээл болж улмаар дэлхий нийтийг байлдан дагуулсан уг дууны бүжгийг НҮБ-ын даргаас АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүртэл хийсэн билээ.
Холливудын оддын анхаарлыг татаж амжсан уг дууны хөшөөг жуулчдад зориулан CEOX их дэлгүүрийн өмнө байрлуулжээ. Гангнам дүүргийн аялал жуулчлал хариуцсан захирал Пак Хи Согийн өгүүлж буйгаар жуулчид уг хөшөөний өмнөх суурин дээр зогсож байгаад зургаа авахуулж болох бөгөөд суурин дээр гишгэмэгц "Gangnam style" дуу эгшиглэдэг аж.