Өнгөрөгч гуравдугаар сард "NB&Sally" нэвтрүүлгийнхээ хаалт болгож үдэшлэг зохион байгуулсан хөтлөгч Р.Нямбаяр шинэ нэвтрүүлэгтэй эргэн иржээ. Тэрбээр энэ удаад жүжигчин Г.Золзаяатай хамтран "Хайртай" хэмээх нэвтрүүлэг хийж эхэлсэн байна. Нэвтрүүлгийн эхний дугаар өнөөдөр үзэгчдийн хүртээл болж Youtube дэх "B studio" гэх хуудсанд тавигджээ. Улс төр, эдийн засаг, хов жив, хувийн амьдралыг дэлгэдэг ярилцлагын нэвтрүүлгүүдээс найз нөхдийн энгийн л хөөрөлдөөн мэт өрнөдөг өвөрмөц хэв маягтай түүний нэвтрүүлгийн анхны зочин нь дуучин М.Нара.
Сэтгүүл зүйн салбарт шинэ өнгө төрх нэмж, нэвтрүүлгийг зөвхөн телевизийн сувгаар цацагдах ёстой гэсэн ойлголтыг эвдсэн хүн бол Р.Нямбаяр. Тэрбээр сошиал ертөнцөөр дамжуулан үзэгчдэд хүрсэн Монголын анхны нэвтрүүлэг болох "Фэйсбүүкийн эрхмүүд"-ээ жүжигчин О.Анхбаяртай хамтран 2013 оны гуравдугаар сард цацаж байжээ.