Нью-Йорк хотын Манхэттэн дахь Рубины музейд морин хуурч Н.Жигжиддорж тоглохоор болжээ.
Соёлын эд өлгийн зүйлс, урлагийн бүтээл цуглуулагч Дональд Шэлли Рубин нар 1974 оноос эхлэн цуглуулсан Төвдийн урлагийн үнэт бүтээлүүдээрээ үзэгчдэд толилуулахаар шийдэж, 1998 онд 22 сая ам.долларыг музей барихад зарцуулсан байдаг. Хожим нь буюу 2004 оны аравдугаар сард “Рубины урлагийн музей” нээлтээ хийжээ.
Өдгөө зөвхөн музей бус урлагийн боловсролын төвтэй болж, уран зургийн үзэсгэлэн гаргаж, урлагийн тоглолт зохион байгуулж үйл ажиллагаагаа өргөжүүлээд буй тус байгууллага ирэх сард морин хуурын тоглолтоор үзэгчдийнхээ сонорыг мялаахаар төлөвлөжээ.
Арванхоёрдугаар сарын 2-нд болох морин хуурын тоглолтоо тус музей “Морин хуур бол хүн төрөлхтний соёлын шилдэг өв юм. Уг тоглолтод Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж Дорнын соёлын өнгө аяс бүхий Монголын орчин үеийн болон уламжлалт сонгодог бүтээлүүдийг тоглож сонирхуулна. Тэрбээр Морин хуурчдын олон улсын IV наадмын тэргүүн байрт шалгарсан” хэмээн танилцуулжээ.