Хүссэндээ тэмүүлж ойртох тусам
Хүний ухаан бүдэгрэн мансуурч
Ой дуртгал гүйцэхийн аргагүй
Огт ондоо болдог
Тэнгэрлэг хайрын түүх
Франческа, Паоло хоёр бага наснаасаа ижилдэн дассан сэтгэлийн нандин холбоотой хос. Гэвч Паолагийн төрсөн ах Жотто шунал тачаалдаа хөтлөгдөн, өөрийнхөө хүчирхэг байдлыг давуу тал болгон дүүгээсээ хайрт бүсгүйг нь урвуулан авна.
Франческа хайртынхаа сул дорой байдлыг голж, Жоттогийн баялагт шунан түүнийг сонгосноор амьдралдаа хамгийн том алдаа хийдэг. Энэ бүхэн түүнд аз жаргал авчирсангүй. Жоттогийн хүсэл, шуналд аргамжаа байсангүй.
Мөнгө хөрөнгөө охид бүсгүйчүүдэд хайр гамгүй цацаж, цэнгэн мансуурах түүнийг Франческа өөртөө ойртуулахыг хүсдэггүй ч, эхнэрийнх нь хувиар бусдаас харамлана.
Жотто ч бас өөрт нь хайргүй гэргийгээсээ авч чадахгүй таашаалаа өөр бусдаас хайх хэдий ч Франческаг хайрлах, харамлах орон зайг үргэлж зүрх сэтгэлдээ хадгалсаар байв.
Сэтгэлийн шаналал цаг өнгөрөх тусам гүнзгийрсээр уйтгар гунигаар дүүрэн Франческа амьдралд нь хайрын тод мөр үлдээсэн Паолог эргэн санагалзаж эхэлнэ.
Тэдний хайр үүрд гэдгийг ухаарсан Жотто харгис зан, хар сэдлээр хос хоёрыг мөшгөсөөр тэднийг барина. Тэр ч бүү хэл төрсөн дүү, хайртай бүсгүйгээ өөрийн гараар хороочихоод, амиа егүүтгэнэ.
Энэ бол “Франческа да Риминий” балетын үйл явдал юм. А.Дантегийн “Тэнгэрлэг туульс”-аас сэдэвлэсэн энэ бүтээлийг монголчууд 1963 онд балетмейстр А.В.Чичинадзегийн найруулгаар үзэж сонирхож байжээ.
Тухайн үед нэг бүлэг, найман хэсэгтэй байсан бол 2009 онд ДБЭТ-ын балетын жүжигчин Г.Батчимэг шинэчлэхдээ гурван хэсэгтэй болгон өөрчилсөн байна.
А.ДАНТЕ БА П.И.ЧАЙКОВСКИЙ
Италийн сэргэн мандалтын үеийн их яруу найрагч Данте 1265-1321 онд амьдарч байв. Тухайн үед Италид бүлэглэлүүдийн хооронд ширүүн тэмцэл өрнөж байсан түүхтэй.
Тиймээс яг энэ цаг үед амьдарч байгаа их найрагчийн бүтээлд тухайн үеийн шашин, нийгмийн зөрчил тусгалаа олж, нийгэм улс төрийн үзэлд томоохон шинэчлэл өөрчлөлт авчирсан байдаг. Тиймдээ ч А.Дантег агуу философич гэдэг юм.
Дэлхийн уран зохиолын сор болсон, А.Дантегийн “Тэнгэрлэг туульс” хэмээх алдарт бүтээлд тулгуурлан П.И.Чайковский “Франческа да Риминий” хэмээх нэг бүлэгт хөтөлбөрт симфонио бичин амилуулжээ. Энэ бүтээл нь түүний урын санд хүндтэй орон зай, байр суурь эзлэн дэлхий дахинд танигдсан юм.
“Тэнгэрлэг туульс” бүтээлийн тавдугаар бүлэгт гардаг “Тамын аялгуу” буюу Франческа ба Паологийн хайр дурлалын тухай домог нь урлагийн бүхий л төрөлд янз бүрээр дүрслэгдсэн байдаг.
ЭРТНИЙ ТАНИЛ ШИНЭ БАЛЕТ
СУИС төгсөхдөө “Франческа да Риминий” балетыг шинэчлэн тоглуулж байсан бүжигчин бүсгүй энэ удаа эртний танил энэ бүтээлийг “new classic” буюу орчин үеийн тавилттай болгон өөрчилж буй.
Энэ удаа тэрбээр “Франческа да Риминий” балетад дундад зууны үеийг харуулахаас илүүтэй үнэнч хайр түүнийг тойрсон эргэлзээ, сонголт, хүчтэй болон сул дорой байр суурь зэрэг сэтгэлийн дотоод дуу хоолойг дүрүүдээр илэрхийлэн харуулахыг зорьсон гэнэ.
Мөн өмнөхтэй харьцуулахад илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр 40 минутын балетыг тоглуулахаар болжээ.
Жизель, Одетта, Одилиягийн дүрээр ДБЭТ-ын тайзнаас үзэгчидтэйгээ мэндчилдэг Г.Батчимэг 2003 онд ХБК бүжгийн жүжигчин, 2009 онд СУИС-ийг бүжгийн найруулагч мэргэжлээр дүүргэсэн юм билээ.
ХОЁР АНУЖИН ФРАНЧЕСКАГИЙН ДҮРД СОНГОГДЖЭЭ
Эмзэг, зөөлөн зан чанартай боловч эрх мэдэл, эд баялагт шунан буруу сонголт хийж, түүнээсээ болж өөрийгөө буруутган зэмлэх Франческагийн дүрд энэ сарын 21, 22-нд ДБЭТ-ын залуу гоцлооч О.Анужин, У.Анужин нар бүжиглэнэ.
Харин сэтгэл сайтай ч сул дорой, бор дарсанд толгойгоо мэдүүлсэн идэр залуу Паологийн дүрд О.Ганцоож, А.Эрдэнэболд, түүний дурлалт бүсгүйг булаадаг ах Жоттогийн дүрд М.Од бүжиглэхээр болжээ.
Түүнчлэн найруулагч энэ удаа хийсвэр дүр бүтээж, тус бүр таван эрэгтэй, эмэгтэй бүжигчнийг тоглуулж буй бөгөөд бүсгүйчүүд нь хүний оюун санаанд нуугдсан нүгэлт бодол, сэтгэлийн зөрчилдөөнийг төлөөлөх бол залуус нь ад шүглэсэн хорон санаа, чөтгөр болон эрлэгийн элч юм.
Ж.СОЛОНГО