Монголын хөгжмийн нэвтрүүлгийг орчин үеийн хэмнэлд оруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан “Хит”-ийн Д.Давааням агсныг танихгүй хүн ховор биз. Дэлгэцнээ амилуулсан нэвтрүүлэг бүртээ ховор, содон донж агуулж, хэн нэгэн одын оршин тогтнох эхлэлийг тавьж байсан тэрбээр өдгөө уран бүтээлийн оргил руу тэмүүлж яваа олон ч уран бүтээлчийг урлаг гэдэг их айлын “тогоотой хоолноос хуваалцах” боломжийг нээж өгсөн. Тэгвэл “Хит” нэвтрүүлгийг түүний хүү Д.Даваадорж үргэлжлүүлэх гэж байна. Тун удахгүй шинэчлэгдэн үзэгчдэд хүрэх нэвтрүүлгийн талаар Д.Даваадоржоос тодрууллаа.
-Аавынхаа хийж байсан нэвтрүүлгийг үргэлжлүүлэн хийж эхэлж байна. Яагаад заавал "TJ энтертайнмент"-тай хамтрах болов?
-Одоо үйл ажиллагаа явуулж байгаа шилдэг студиудын нэг нь "TJ энтертайнмент". Шинэ, залуу гэлтгүй бүх л уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг. Тийм ч учраас энэ хамт олонтой хамтран ажиллаж байна. Сүүлийн үед уран бүтээлийг ашиг олох хэрэгсэл болгон ашиглах хандлагатай болж. Харин бид цэвэр уран бүтээл хийж байна.
-Нэвтрүүлэг аль телевизээр үзэгчдэд хүрэх вэ?
-Үүнийг одоохондоо нууцалъя.
-Аав тань соёл урлагийн өргөн мэдлэгтэй хүн байсан. Тийм ч учраас “Hit” шилдэг нэвтрүүлэг байлаа. Түүнийг үргэлжлүүлэхийн тулд маш их хичээх ёстой байх?
-Тийм шүү. Бид нэвтрүүлэгтээ нууцлаг, гэнэтийн бэлгүүдийг бэлдэж байгаа. Энэ нэвтрүүлэг миний болон аавын минь үеийн үзэгчдийн дурсамжийг сэргээх байх. Сэтгэл хөдөлгөсөн дуу хөгжим хүн бүрийн дурсамжид хоногшсон байдаг. Бид энэ дурсамжийг сэдрээхийг хүсэж байна. Аавын минь нэвтрүүлэг завсарласнаас хойш нэг шинэ үе гараад ирж. Энэ хүүхдүүдэд тухайн үеийн уран бүтээлчид хэрхэн хөдөлмөрлөдөг байсан, уран бүтээл ямар чанартай байсныг харуулах зорилготой. Шинэ, залуу уран бүтээлчдэд ч сургамж авахаар нэвтрүүлэг болно.
- “Хит” нэвтрүүлэгт оролцож байгаагүй уран бүтээлч цөөн. Өнөөгийн рок попын шилдгүүд бүгд л энэ нэвтрүүлгийн зочноор оролцож, олонд танигдсан. Тэдгээр уран бүтээлчид энэ нэвтрүүлэг дахин хийгдэж байгааг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Зарим нь мэдээгүй. Гарч эхлэхээр харах байх. Эхний нэвтрүүлгийн зураг авалтаас л зочдын маань аавтай нөхөрлөж байсан нөхөрлөл харагдаж байгаа юм л даа. Их сайхнаар хүлээн авч байна.
-Одоо хийгдэж байгаа “Хит” нэвтрүүлэг өмнөхөөс ямар ялгаатай, давуу байх вэ?
-“Хөх тэнгэр” радиод хийгдэж байсныг нь оруулбал “Хит” нэвтрүүлэг аль хэдийнэ 20 жил болчихож. Энэ хугацаанд уран бүтээлчдийг олонд танигдахад аав маань хамгийн том гүүр нь болж байлаа. Хамгийн ихээр сурталчилж өгч байсан. Одоо бол үзэгчдэд мэдээлэл хүргэхээс илүү мэдлэг түгээх нэвтрүүлэг байна. Рок попын түүр өгүүлсэн, баримтат нэвтрүүлэг болно.
А.Халиун