Энэ сарын 23-наас өчигдөр хүртэл ӨМӨЗО-ы Хөх хотод “Монгол туургатан” бүжгийн наадам зохион байгуулжээ. Халимаг, Тува, Буриад зэрэг монгол туургатан уран бүтээлчид оролцсон наадамд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжгийн ангийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ С.Сүхбаатарын удирдлага дор уран бүтээлээ толилуулж, есөн номинацийн зургаад нь алтан цом хүртсэн байна. Хөгжмийн зохиолч М.Бирваагийн зохиолыг нь бичиж, Б.Баярбаатарын бүжгийг нь дэглэсэн “Жороон жороо” шилдэг уламжлалт монгол бүжиг, уламжлалт монгол бүжгийн хөгжим, хувцасны зураачийн төрөлд түрүүлсэн байна. Хувцасны зураачаар Ганбат ажиллажээ. М.Бирваагийн хөгжмийг нь зохиож, А.Даваахүүгийн дэглэсэн “Салхит шувуун” бүтээл орчин цагийн монгол бүжгийн төрөл, орчин цагийн монгол бүжгийн хөгжмийн төрөлд шилдгээр тодорчээ. Хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амарын ая зохиож, С.Сүхбаатарын дэглэсэн “Монгол угсаатны уламжлал” гранпри хүртсэн байна.
Б.ДӨЛ