Мадридын консерваторийн профессор, төгөлдөр хуурч Б.Мэндмаа хотынхоо баяраар ая, эгшгэн өргөл барихаар эх орондоо иржээ. Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн хөгжимчин, Испанийн хамгийн том хөгжмийн сургуульд багшилдаг гэхээр түүний авьяас, чадварыг түвэггүй ойлгож болно. Тэрбээр энэ консерваторийн багш болохын тулд дөрвөн даваа давж, 300 хүнээс хоёрдугаарт шалгарсан юм билээ. Анх шалгуулахад нь тус улсын хөгжмийн мэргэжилтнүүд “Монголд төгөлдөр хуурч байдаг гэж үү” хэмээн асууж байсан ч түүнээс хойш Монголын тухай судлан, профессорууд нь Монголд ирж амардаг болжээ.
Нутагтаа жил бүр ирэхдээ Хөгжим бүжгийн коллежийн сурагчдад мастер класс хичээл заадаг тэрбээр хоёр жилийн өмнө Монгол Испанийн хамтын нийгэмлэг байгуулж, Испанид өсвөрийн хөгжимчдийн уралдаан зохион байгуулах болсон билээ.