Шинэ ба хуучин
Тэд уулзаж сууна. Ярилцаж байна. 1996 онд Жульеттад тоглож байсан гавьяат жүжигчин А.Одончимэг, Ромео О.Гэрэлсүх нар ирэх сарын 12-нд шинэ зууны домогт дурлалт хосын дүрд тоглох залуу жүжигчин О.Дөлгөөн, Б.Шинэбаяр нартай уулзаж байна.
Сонгодог жүжгийн охь дээжсийн нэг, У.Шекспирийн домогт бүтээл энэ удаа цоо шинэ өнгө төрхтэйгээр үзэгчдийн хүртээл болно. Найруулагч Н.Наранбаатар орчин үеийн хэв маягаар, нэлээд зөгнөлийн шинжтэй гэмээр тавилт сонгосон тухай нь дуулсан. Монголчууд энэ жүжгийг 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар сонгодог хэлбэрээр нь үзэж байсан. Магадгүй Жульетта энэ удаа цагаан даашинз, Ромео эртний хувцас өмсөхгүй л болов уу.
Энэ жүжгийн ерөнхий продюсерээр урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын дарга Д.Цэрэнсамбуу, гүйцэтгэх продюсерээр 1996 онд Ромеогийн дүрийг бүтээсэн жүжигчин О.Гэрэлсүх, хөгжмийн зохиолчоор Б.Чинбат, ерөнхий зураачаар Д.Ариундэлгэр, хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээчээр Г.Ган-Очир, дизайнераар Н.Үнэнбат ажиллаж байна.
Ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Бид 23 үзэгдэлтэй “Ромео Жульетта” жүжгийн зохиолыг 15 үзэгдэлтэй болгон шинэ дэг тавилтаар XXI зууны үзэгчдэд хүргэх гэж байна. Жүжгийг бид тэртээх зууных нь сэтгэлгээ, ахуй байдлаар нь бус харин өнөөдрийн бидний нийгмийн бодит дүрүүдэд ажиглагддаг харилцаа, хандлага, соёл, үг хэллэгээр илэрхийлэн хүрuэх болно” хэмээн шинэ бүтээлийнхээ талаар эхний мэдээлэл түгээв.
Цоо шинэ тавилтаар дахин амилж буй “Ромео Жульетта” бүтээлийн тайз, хувцас хэрэглэл шинэлэг, өвөрмөц шийдэлтэй байх бөгөөд дахин давтагдашгүй үнэ цэнэтэй, драмын урлагийн хөгжилд онцлох бүтээл болно хэмээн УДЭТ-ынхан найдаж буй. Дэлхий дахинд олон зуун дуу, жүжиг, кино урлагийн охь болоод буй энэхүү сонгодог жүжиг та бүхэнд шинэлэг бүхний утга агуулга, өнгө илэрхийлэл болон хүрч, мөнхөд орших хайр дурлалын үнэ цэнийг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.