Франческа, Паоло хоёр бага наснаасаа ижил дасал болсон сайхан хосууд. Гэвч Паологийн төрсөн ах Жотто хэтэрхий их шуналаасаа болж дурлалт хосуудыг салган, үзэсгэлэнт Франческаг өөрийн болгохыг оролдоно. Хүчирхэг ахынхаа дэргэд хэтэрхий сул дорой байгаа Паолог Франческа голж, Жоттогийн баялагт шунан түүнийг сонгосон нь түүний амьдралын хамгийн том алдаа байх болно.
Энэ бол А.Дантегийн “Тэнгэрлэг туульс” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Франческа да римини” балетын эхлэл юм. Нэг бүлэгтэй, 25 минут үргэлжилдэг энэ балеты хөгжмийг П.И.Чайковский бичсэн бөгөөд балетын жүжигчин Г.Батчимэгийн найруулгаар 2009 онд Монголын үзэгчдийн хүртээл болж байсан юм.
Тэгвэл бүжигчин бүсгүй энэ жил дээрх бүтээлээ шинэчлэн орчин үеийн бүжгэн жүжиг болгон өөрчилжээ.
Арваннэгдүгээр сарын 21, 22-нд үзэгчдийн хүртээл болох энэ балетын гол дүрд О.Анужин, У.Анужин нар ээлжлэн тоглох бол дурлалт залуугийнх нь дүрийг О.Ганцоож, А.Эрдэнэболд, эсрэг дүр буюу Жоттод М.Од бүжиглэнэ.