Хүний тэмүүлэл хязгааргүй. Амжилтаас амжилтад буухиалан ахиж дэвшин тэмүүлж яваа хэрнээ хийх ёстой зүйлээ л хийсэн гэж бодож, илүү өндөр оргил өөд хараа чиглүүлэх нь сайхан. Мэргэжилдээ хайртай, бусдын төлөө гэсэн чин сэтгэлтэй тийм л хүмүүсээр хорвоо дүүрвэл хэчнээн таатай билээ.
Монголын уран нугаралтыг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрч, энэ улсаас л хамгийн шилдэг жүжигчид төрнө гэсэн итгэл үнэмшил хэдийнэ бий болжээ. “Мадам Цэнд-Аюуш” хэмээн хүндлэгдэж явсан Төрийн шагналт, ардын жүжигчин Т.Цэнд-Аюушийн эхлүүлсэн буухиа өнөө ч үргэлжилж байгаа. Түүнийг залгамжлан, багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж яваа уран нугараач, уран нугаралтын багш Төмөрбаатарын Будтай ярилцлаа.
Түүний шавь нар “Нарны цирк”-т ажиллаж, олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд тогтмол амжилт гаргадаг. Ромын хамбын өмнө тоглож, түүнийг алмайруулж ч явсан. Хамгийн залуухан буюу 13-17 настай соёлын тэргүүний ажилтнууд “X roses” студиэс л төрдөг гэхэд болно.
Саяхан БНХАУ-ын Учао хотноо болсон олон улсын циркчдийн тэмцээнээс Б.Золбаяр ахлагчтай акробатын жүжигчид “X Evolu-tion” үзүүлбэрээр мөнгөн цом хүртсэнийг уншигчид санаж буй биз ээ. Тэднийг тэмцээнд бэлтгэн, хамтран зүтгэж, уран бүтээлийнх нь продюсерээр ажилласан хүн нь ч бас Т.Буд билээ.
-Танай охид БНХАУ-ын Учао хотноо болдог олон улсын циркчдийн тэмцээнээс гурван ч удаа хүрэл цом хүртэж байсан. Харин та энэ жил акробатын жүжигчидтэй хамт Учаог зорьжээ. Алтан медаль их ойрхон байсан гэсэн үү?
-Манай залуус маш амжилттай оролцлоо. Энэ үзүүлбэрийн дунд хэсэгт л гэхэд оросын жүжигчдийн үзүүлбэрийнхээ төгсгөлд хийдэг трюкүүд болон дэлхийн циркийн дээд амжилт болсон таван хэсгийг багтаалаа. Тухайлбал, шидэх банзнаас арагшаа харж үсрээд 1080 градус эргэж, нэг бланш, хоёр сальто хийнэ гэдэг амаргүй.
Сандал руу эмэгтэй хүн анх удаа гурван удаа, дамнуурган дээрх модон хөлтэй сандал руу эрэгтэй хүн гурван удаа эргэж очсон. Зургаан давхар хүний дээр эмэгтэй хүн эргэж очлоо.
Монголд болсон Олон улсын залуу циркчдийн анхдугаар наадмын гала тоглолтод Б.Золбаяр ахлагчтай жүжигчид урилгаар тоглохдоо зургаа давхарласан хүний дээр шидэх банзнаас үсэрч, хоёр удаа эргэж буусан.
Жүжигчдийн маань түвшин алтан цом авахаар байсныг үзэгчид болон тэмцээнд оролцсон жүжигчид хэлж байсан. Их гүрний бодлого өөр юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнд монгол хүн байсангүй, оросын хоёр ч хүн байлаа.
Тоглолтын дараа өрөөндөө сууж байхад тэр тэмцээнийг сурвалжилж байсан бараг л бүх сэтгүүлч биднийг зорьж, манай өрөөний үүдэнд цугласан. Бахархмаар үзүүлбэр хийж чадсандаа сэтгэл өндөр байгаа.
-Уран нугараач хүн яагаад акробатын үзүүлбэр сонгож, тэмцээнд оролцуулахаар авч явсан юм бэ?
-Би уран нугаралтаар хичээллэхээсээ өмнө гимнастикийн тамирчин байсан. Акробатын залуустайгаа хамтарч нэг сайхан уран бүтээл хийнэ гэж боддог байснаа энэ жил биелүүлж, тэргүүн мөнгөн цом хүртлээ.
-Монголын циркийн жүжигчид уралдаан, тэмцээнд оролцохдоо олныг алмайруулсан гайхамшигтай үзүүлбэр хийдэг хэрнээ тэр тоглолтоо Монголын үзэгчдэдээ хүргэж чадахгүй юм аа.
-Энэ тэмцээнд оролцсон Б.Золбаяр ахлагчтай жүжигчид бол зүгээр л гадаадад гэрээгээр ажиллаад явдаг жирийн, чансаа муутай хамтлаг биш л дээ. Испани, Италид болсон тэмцээнээс алт, БНХАУ-ын Уханийн тэмцээний мөнгөн цомтой.
Манай залуус энэ удаа алтан цом авахын төлөө зорьсон. Тэмцээнд бэлдэнэ гэдэг амаргүй. Оролцох эрхээ авч, сонгогдсоны дараа, өвөрмөц, дэглэлт найруулга хийж, чансаатай трюк хийх хэрэгтэй. Энэ тэмцээнийг зохион байгуулагчид монголчуудад хүндэтгэлтэй ханддаг нь миний багшийн л гавьяа, засаж өгсөн зам нь юм.
Өмнө нь манай охид Учаогоос гурван ч удаа хүрэл цом авч байсан. Гэхдээ том тэмцээний тэргүүн шагналыг ихэвчлэн олныг хамарсан, агаарын болон акробатын “гар салсан” эрсдэлтэй үзүүлбэрт олгодог.
Дараа нь тайз дүүрэн уран нугараачтай тоглолт хийж, амжилтад хүрнэ гэсэн хэтийн зорилго надад бий. Монголын циркийн жүжигчид зөвхөн мөнгө хайж, гадаадад тоглодоггүй, эх орноо алдаршуулах сэтгэлийн тэмүүлэлтэй гэдгийг харуулмаар байна.
-Тоглолтын бичлэгийг үзээд хувцасны зураач, хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч, оёдолчид нэг баг болж сайхан ажиллажээ гэж бодсон шүү.
-Миний багын найз Зоригоо ерөнхий зураачаар ажилласан. Бас оёдолчин Дашдулам эгч, Гэрлээ хоёртоо баярлалаа. Зунжин баярлах, амрах, хөдөө аялах завгүй манайхны хувцасыг урласан. Зураачаар олон хүн ажилласан.
Нэг өдөр л хувцасыг маань будаж үзээд ажиллагаа ихтэйг нь гайхаад, зав боломж тааруу байна гээд явчихаж байсан ч сэтгэл нь шингэсэн болохоор сайхан байна. Найз нараа хүртэл манекен болгож байж л хүний биеийн бүх булчинг тодруулсан өвөрмөц зохиомжтой хувцаснуудаа хийсэн.
“Т” студийн захирал, Жамъянжав гуайн хүү Төгс-Эрдэнэ хөгжмийг маань зохиосон. Мөргөлийн, ёсолгооны гээд олон хэсэгтэй, 10 минутад нэг ч ая давтагдахгүй, киноны хөгжмөөс дутахгүй маш сайн бүтээл төрүүлсэн.
ҮДБЭЧ-ын бүжигчин, гавьяат жүжигчин А.Даваахүү хөдөлгөөний тавилтыг хийсэн. Мэргэжлийн, сэтгэл нийлсэн уран бүтээлчидтэй хамтран ажиллах сайхан байлаа. Энэ дашрамд, бүгдэд нь баярлаж, талархсанаа уламжилъя.
-Шагнал авах тэр мөчид энэ бүх хичээл зүтгэлийн үр дүн гардаг уу?
-Залуучууд цомоо аваад зогсож байхад би бичлэг хийгээд л, тэрүүхэндээ огшоод л сууж байлаа. Хийсэн уран бүтээл маань үзэгчдийг байлдан дагуулж байгааг харах л юутай ч зүйрлэшгүй сайхан.
-Сүүлийн үед Монголын циркийн урлагт менежер, продюсерүүд бий болж, уран бүтээлчдийг зуучилж, тэмцээн уралдаанд оруулж байна. Энэ нь илүү үр дүнтэй сайн арга барил байж болох юм.
-Монгол циркийн хөгжлийн төвийн Н.Эрдэнэ гээд залуу байна. Олон уран бүтээлчийг тэмцээнд оролцуулж, гадаадад аялан тоглуулсан. Залуу циркчдийн холбооны тэргүүн А.Энхтөр, “Puje and guys” хамтлагийн ахлагч Ж.Пүрэвжаргал, Б.Ариунболд гээд олон сайн менежер, продюсер бий.
Тодорхой бодлоготой болж, залуус хамтраад ямар тэмцээнд аль үзүүлбэрээ явуулах вэ, хэрхэн оролцох вэ гэх мэтээр төлөвлөгөөтэй нэгдэж ажиллаж чадвал дэлхийд илүү том амжилт гаргах ирээдүй бидэнд бий.
-Дараагийн зорилго хаашаа чиглэж байгаа вэ?
-Учаогийн тэмцээний мөнгөн цом хүртсэнийхээ дараа манай залуус гурван ч тэмцээний санал авсан. Бусад тоглолтынхоо хуваариас хамаарч тухайн тэмцээнд оролцох эсэхээ шийдэх учраас тэр үед нь та бүхэнд тодорхой мэдээлэл өгье.
Монте-Карло болон Уханийн тэмцээнд сайн уран бүтээл бэлтгэн оролцуулах хүсэл байна. Б.Золбаяр ахлагчтай жүжигчид өмнө нь Уханиас мөнгөн цом авч байсан болохоор хоёр ч “А” зэрэглэлийн тэмцээний хошой мөнгөн цом хүртсэн амжилтаараа циркчдийнхээ дунд дээгүүр эрэмбэлэгдэхээр боллоо шүү дээ.
-БНХАУ-д болсон тэмцээн дуусахтай зэрэгцэн Монголд Олон улсын залуу циркчдийн анхдугаар наадам эхэлсэн. Таны уран нугараач шавь нар энэ тэмцээний алтан цомыг хүртсэн. Бэлтгэл, дэглэлт хийх цаг зав хомс байсан уу?
-Учаогоос хүүхдүүдтэйгээ интернэтээр ярилцаж, ямар ямар трюк бэлдэхийг нь хэлж өгчихөөд ирсэн даруйдаа хоёр хоног өдөр шөнөгүй бэлдсэн. “Лусын чуулган” гэдэг шинэ үзүүлбэр дэглэсэн.
-Могой, аалз, араг яс, уул усны эзэд гэх мэт өвөрмөц дүрийг уран бүтээлдээ шингээх юм. Энэ санааг хаанаас олдог вэ?
-Үзэгчид миний дэглэсэн тоглолтыг хүлээж авбал урамшаад дараагийнхыг нь хийх эрч хүчтэй болдог. Магадгүй энэ хэв маяг нэг өдөр өөрчлөгдөнө. Бүр энгийн хувцастай тоглолт ч хийж болох юм.
-Нэгэн үе цирк үздэггүй хүн бараг л байхгүй байлаа. Харин одоо циркийн жүжигчдийг хүмүүс тэр бүр танихгүй юм. Эрсдэлтэй, хүнд хэцүү бүхнийг хийдэг хэрнээ амжилтаа үнэлүүлж чадахгүй байгаа нь харамсмаар санагддаг.
-Тогтмол тоглолт хийх хэрэгтэй байна. Анх би хос акробатын үзүүлбэр хийдэг байхад баасан, бямба гаригт бид хоёрыг үзэхээр ирдэг бараг л фэнтэй болсон байлаа шүү дээ. Циркийн тоглолт цөөн байгаа болохоор үзэгчдээсээ холдоод байгаа юм болов уу даа. Залуустайгаа хамтран урсгал хөтөлбөр боловсруулж, ашиг харахгүйгээр тогтмол тоглолт хийдэг болохыг хүсдэг.
Би анх удаа цирк үзэхдээ гайхамшгийн ертөнцөд ирчихсэн мэт хөөрч, баярлаж байсан. Тэр дээрээс унжсан олс, агаарт дүүлэх жүжигчид гээд тэднийг харж гайхширч байсан төсөөлөл минь хүүхэд насны дурсамж дунд хадаатай байдаг болохоор одоогийн хүүхдүүдэд ч бас тэр бүхнийг мэдрүүлмээр байна.
-Та хэдэн жил багшилж байгаа вэ. Хэр олон шавьтай болов?
-2004 оноос хойш багшилж байна. Олон л хүүхэд сургасан байх. Зарим нь миний муухай аашнаас зугтаад, бас шантраад явсан байна. Бүх зүйлийг тэгшитгэх боломжгүй болохоор хааяа харамсдаг ч дараа дараагийн хүүхдүүдээ сургаж, өөрөө ч суралцаад явж байна даа.
-Амжилттай яваа шавь нараасаа нэрлэж болох уу?
-Манай студиэс 12 соёлын тэргүүний ажилтан төржээ. Нарны циркт Төгөлдөрсайхан, Энхгэрэл хоёр ажиллаж байгаа. “О”, “Амалуна” гээд хоёр өөр шоунд ажиллаж байна.
-Монголын уран нугаралтын багш нарын сургах дэг өөр үү?
-Б.Норовсамбуу багш “Бусад улсын жүжигчний заах арга барилаас монголчуудынх өөр болохоор чансаагаараа ялгардаг” гэж хэлдэг юм.
-Гарын таван хуруунд багтах эрэгтэй нугараач Монголд байдгийн нэг нь та. Одоо өөр эрэгтэй шавь сургаж байна уу?
-Манай багшийн анхны эрэгтэй шавь нь Одгэрэл ах, дараа нь би, удаах нь Лхагва-Очир. Одоо надад нэг эрэгтэй шавь бий. Олон жилийн шалгуур давж, амжилттай сурч байгаа Мэргэн гэдэг хүү байгаа.
-Уран нугаралтын дасгал хийж байгаа хүүхдүүдийг харахад халширмаар байдаг шүү. Нас ахих тусмаа л хэцүү болдог байх. Тиймээс багаасаа хичээллэвэл илүү амжилт гаргадаг уу?
-Би 11 настайдаа хичээллэж эхэлсэн. Хүний төрөлхийн уян хатан байдлаас хамаарна. Хэцүү бэрх санагдаж байгаа ч тухайн хүүхдэд ямар боломж байгааг багш нь мэддэг болохоор ачааллыг нь зохицуулдаг.
Насанд хүрчихсэн, 22-23 настай хүмүүс ч уран нугаралт заалгахаар ирдэг. Бас Япон, АНУ, Англи, Австралиас 35-36 настай хүмүүс манайхыг зорин, уран нугаралтын өлгий нутагт, Монгол багшаар заалгана гээд ирдэг л юм.
Ж.СОЛОНГО