Ирээдүйн хүүхдүүд хожим бага насаа дурсах болбол компьютер тоглоом, ухаалаг гар утас жаахнаасаа хэрэглэж байсан тухай, сошиал медиагаар хүмүүстэй хэрхэн танилцаж нөхөрлөсөн талаараа ярихаас хэтрэх нь юу л бол. Хэдий одоогийнх шиг тансаг зүйл хэрэглэж байгаагүй ч тэртээ 60, 70 жилийн өмнөх хүүхдүүд биднээс сонин адал явдалтай учирч, хоорондоо илүү амьд харилцаатай байсан мэт.
Энэ удаагийн “Миний бага нас” буланд 1920-иод болон 1940-өөд оны хүүхдүүд буюу Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, профессор Г.Хайдав болон ардын жүжигчин, Төрийн шагналт, зууны манлай циркийн жүжигчин Б.Норовсамбуу нар оролцлоо.
Тэд хэдий нас дээр гарсан ч одоо хүртэл хүүхдүүдэд туулсан амьдрал, мэдлэг туршлагаасаа хуваалцаж, багшилсаар байгаа юм билээ. Өдгөө 90 настай, Монголын нэгэн зууны түүх өгүүлэх амьд толь гэмээр Г.Хайдав гуай өөрийн намтар, тэр үеийнхний аж байдлын тухай хойч үедээ үлдээхээр дуу хураагчид ярьснаа бичдэг юм билээ.
Азын од атгаж ТӨРСӨН ХҮҮ
Аав минь Өмнөговийн чинээлэг гаралтай айлын хүү. Хөрөнгө малыг нь хураасан тул ах дүү нар нь хэдэн тийш тарсан гэдэг. Маршал Х.Чойбалсангийн баруун гарын партизан, зургаан хуруут Дамчаа гэдэг хүнтэй аавын эгч гэрлэсэн юм билээ. Хүрээнд буй тэднийхийг бараадахаар аав хоёр хөтөлгөө морь, хэдэн тэмээтэй, эхнэр, хүүхдүүдээ дагуулаад нүүсэн.
Дундговийн нутгаар дамжиж явах зуур Дэлгэрхангай уулын ард би төрсөн гэдэг. Намайг гурван нас хүртэл тэндээ суурьшиж, аажим аажмаар нүүдэллэсээр Төв аймгийн Бүрэн, Баян-Өнжүүл суманд очиж, намайг зургаан настайд хүрээнд ирсэн. Намайг манцуйтай байхад ээж дулаан байлгах гэж тулганы дэргэд тавиад гарч л дээ.
Чарлаад байхаар нь унтчихгүй яагаа юм бол гэж санаж гэртээ ортол манцуйд гал авалцаж байсан гэдэг. Одоо би хөлөн дээрээ сорвитой. Ерөөс тэр цагаас л эхлэн элдвийн адал явдалтай таарч, зовлон үзсэн толгой. Мөлхөж байхдаа ухнад мөргүүлж байсан гэдэг. Багадаа их хурдан гүйдэг, оготно гүйцдэг байсан.
Зургаан настайдаа садангийн дүүтэйгээ тарвага хөөгөөд мухар нүхэнд оруулчихсан. Чулуу нүүлгэсээр нүхнийх нь үүдэнд овооллоо. Өнөөх тарвага чимээ гаргахгүй болохоор нь чулуунуудаа холдуултал сүүл нь цухуйж байна. Сүүлнээс нь татаж гаргатал ер хөдөлсөнгүй. Үхсэн гэж бодоод гэртээ аваад ирсэн. Ээж хараад “Хүүе яадаг билээ, Үхсэн тарвага олоод ирэв үү” гэхэд аав “Хэзээ үхсэн тарвага ийм байсан юм” гээд ер тоосон шинжгүй орон дээрээ цаашаа хараад хэвтсэн.
Ээж “Яадаг билээ” гээд уулга алдахаар нь хартал өнөөх тарвага согтуу хүн шиг гуйваад босго чиглээд явж байна. Аав “Яасан овоо эд вэ” гээд нухсан. Би хүрээ ортлоо гутал өмсөж байгаагүй. Миний тавхайн арьс баргийн чулуу исгэхээргүй, хуруу зузаан болсон байсан. Сургуульд гуталгүй явна гэж хөглөж байсан тохиолдол бий.
Одоогийн Гэрлэх ёслолын ордны дэргэд Үлгэр жишээ бага сургуульд суралцдаг байсан. Багын л сонсгол сайтай хүүхэд байсан юм билээ. Дөнгөж хөлд орж байхдаа ээжийн дуулсан дууг гингэнэж аялдаг байсан гэдэг. Миний хамгийн анх сурсан дуу бол Ленин багш хөдөө нутагт модон шон босгож, утсаар холбоод, дэнг чийдэнгээр сольсон тухай орос дуу.
Ляньхуа нэртэй, эрлийз царайтай манай сургуулийн хөгжмийн багш нэг орос эмэгтэйтэй намайг танилцуулсан юм. Орос хүн анх удаа харсан болохоор айж, багшийнхаа ард нуугдсан. Тэр орос эмэгтэй надад дуу зааж өгөхөд нь гурван удаа дагаж дуулаад л сурсан.
Хожим оросуудаас тэр дууг асуухад мэдэх хүн олдоогүй, их эртнийх юм билээ. Багш “Чамайг оросуудын өмнө дуулна, би мандолин хөгжим тоглоно” гээд Ленин клубийн дүнзэн байшин руу дагуулж орсон. Би дуулахгүй гэж мөн ч их чаргууцалдсан даа.
Бүдэг гэрэлтэй газар багш намайг зогсоогоод “Тайз руу дуудахаар гараад ирээрэй” гэсэн. Дуудахаар нь гартал хав харанхуй, тэгсэн хэрнээ хүмүүс хөхрөлдөөд байх юм. Багш эргэ гэж байна. Эргээд хартал их олон хүн суучихсан алга ташаад бүр ч сандаргалаа. Ляньхуа багш мандолинаа тоглож би дуулахад танхим нам гүм.
Хүмүүс алга нижгэнүүлж, хоёр орос авгай тайзан дээр гарч ирэхээр нь би бас л багшийнхаа ард нуугдчихлаа. Нэг нь гартаа дэвтэр барьжээ. Тухайн үед бид үнсэн самбар дээр бичдэг, цөөн хүүхэд дэвтэр хэрэглэдэг байсан юм. Багш “Чамд бэлэг өгөх гэж байна” гэхээр нь айдсаа мартаад дэвтрийг нь бараг булаах шахам авсан.
Багш “Дэвтрийг чинь хадгалаад гарахдаа өгье” гэхэд нь авчихна гэж харамлаад элгэндээ тэвэрсэн. Хожим циркийн анхны гавьяат болсон Ирина миний бага ангийн ширээний найз. Түүндээ би жигтэйхэн сайн. Хичээлийн үеэр бидэнд оёдлын үйлдвэр үзүүлж байсан юм.
Нэг удаа Иринатай урд урдаасаа харж, бараг тэврэлдэх шахам суугаад оёдлын машинаар юм оёж байна гэж төсөөлж тоглож, багшийг орж ирэхийг ч анзаараагүй. Хоёуланг нь унатал алгадаж билээ. Сургуулийн нүүрсний хашаанд хамтдаа тоглож байгаад хичээлээсээ хоцорсон. Багш хоцорсон учрыг асуухад нь үнэнээ хэлтэл “Очоод тоглож байсан нүүрсээ аваад ир” гэж байх юм.
Тэгтэл биднийг дахиж хичээлээс хоцруулахгүйн тулд сургамж болгохоор нүүрс бариулаад анги хэсүүлсэн. Тэр үеийн хүүхдүүд багшийг бурхан шиг л бодно. Ямар ч хичээл заасан нүдээ ч цавчихгүй харна шүү дээ. Багш нар биднийг шугамаар цохидог, чимхдэг, алгаддаг байлаа. Ингэх л ёстой юм байх даа гэж бодно. Зарим дүрсгүй хүүхдийг шийтгээд индүү өргүүлээд зогсооно. Унагавал түлэгдэх тул хүүхдүүд гараа салгалтал барина.
Надад оролдож үзээгүй спортын төрөл гэж байхгүй.. Манайх Их тэнгэрийн аманд зусдаг байв. Туул голын дэргэд цэргүүд хуарагнана. Тэд жижиг ширээтэй, төмөр бөмбөгтэй тоглоом тоглодог байсан нь бильярд. Одоогийн бильярдны ширээ, бөмбөгөөс тэр үеийнх хамаагүй жижиг.
Би бургас тайрч бильярдны цохиур болгож тоглосоор сурсан. Хожим хойд хөршид суралцаж байхдаа Мөрдорж гуайтай хамт оросуудтай мөрийтэй тоглож, хоолоо олж иддэг байсан. Долдугаар ангид байхдаа машины араагаар хийсэн усны тэргээ түрээд худгаас ус авахаар явлаа. Гэтэл надаас том хүү гарч ирээд тэргийг минь дээрэмдэх гэсэн.
Би ч мөчөөгөө өгөхгүй булаацалдаж байтал аав ирж яваа харагдлаа. Би “Одоо өмөөрнө дөө” гэж бодож бүр омогшоод, нөгөөхтэйгөө үзэлцэж байтал аав ирэв. “Чи яаж байгаа юм бэ” гэхээр нь учрыг хэлтэл намайг үсэртэл алгадсан. Тэгээд “Чи өөрөөсөө жаахан хүүхдийг яагаад дээрэлхэж байгаа юм бэ. Тэргийг нь өг” гэж нөгөө хүүг загнасан.
Босоод иртэл “Тэнхээгээ мэдэхгүй юу гэж том хүүхдийн өмнөөс сарвалздаг юм бэ” гэчихээд нуруугаа үүрээд яваад өгсөн. Би усаа ч авалгүй тэргээ түрээд ижийдээ очоод хэлтэл “Аавынх нь зөв юм байлгүй дээ, миний хүү” гэж байна. Тэр цагаас хойш хүн царайчилна аа гэж гонжийнжоо. Өөрөөсөө том хүүхэдтэй ч зодолдож явсан.
Гэхдээ тэр үеийн хүүхдүүдийн зодоон одоогийнх шиг хорон биш. Бие биенээ түлхэж, мөргөлдөөд, хэн нэг нь түрүүлж хамар руу нь цохиж цус гаргавал тэр яллаа гэсэн үг. Намайг 13 настайд дайн болж, аав намайг нуувч ух гэсэн. Би хэтэрхий том ухсан. Хожим тэнд айлууд өвлийн идшээ хадгалдаг болсон. Аав Хотын захиргааны мал хариулахаар манайх Дамбадаржаа руу нүүсэн юм.
Тэр зүгт эзгүй тал байсан учир чоно гүйнэ. Би тэндээс заримдаа явган, үгүй бол хот руу сүү зөөдөг буриадуудын чарганд дайгдаж, эсвэл хөдөөнөөс яваа аянчидтай ханьсаж сургууль руугаа явдаг байлаа. Өвөл Сэлбэ гол хөлдсөний дараа тэшүүртэйгээ гулгаад хот орчихно.
Заримдаа цанаар гулгаж ирнэ. Нэг удаа чоно хагас км-ийн зайнаас дагасан. Би ч хар хурдаараа гүйж, гүйж эргээд харахад өнөөх боохой давхихаа больж, зогсоод л байна. Нэг хэсэг хөөж байгаад ашгүй буцна лээ. Мөн нэг удаа оргосон япон цэрэг бололтой эр дээрэмдэх гэсэн үү, намайг хөөсөн. Би ч хурдан гүйдэг тулдаа зугтаж чадсан шүү.
Зуны амралтаараа аавд мал хариулахад нь тусалдаг байлаа. Тэгж яваад Сэлбэ голын ойролцоо нэг охин эгчтэйгээ амьдардгийг мэдэж авсан. Холхон зогсоод гэр рүү нь чулуу шидэж, гарч ирэхэд нь зугтдаг байсан. Тэгж 13 настайдаа охин шохоорхсон нь өнөөгийн Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Төрийн шагналт Цогзолмаа.
Сүүлд бид циркийн хөгжимчин болсон хойно энэ тухай дурсаж хөхрөлдсөн. Би олон удаа үхэхээ шахсан. 13 настайдаа хатгаа авсан нь хүндрээд нэгдүгээр эмнэлэгт хэвтсэн. Миний эгч Чимэддулам бол Чойбалсан, Цэдэнбал, Ворошилов нарт хоол хийж өгч байсан тогооч. Тэрбээр Нэгдүгээр эмнэлэгт тогоочоор ажилладаг тул намайг эмнэж байсан эмчтэй найзалдаг байсан юм.
Тэр эмч ням гаригт өвчтөнүүдээ эргэж байтал миний ор хоосон байж. Сувилагчаас учрыг лавлахад “Өөд болсон, одоо моорг руу аваачихаар хонгилд тавьсан” гэжээ. Гайхаад очтол цагаан даавуугаар бүтээчихсэн байна. Тэгээд надад амь тариа хийж, сэхээсэн гэдэг. Бас багадаа эмнэг сургана гэж дааганыхаа дэлнээс зуурч байтал өнөөх нь намайг голын эрэг рүү аваад давхисан.
Гэнэт эргэхэд нь би үерлэж байсан Хэрлэн рүү шидэгдсэн. Зэлэн дээр байсан улс хойноос ирээд “Одоо ч урсаад явчихсан байх даа” гээд эргээ дагаад явж л дээ. Тэгтэл намайг урсаж явахад сүрэг үхэр ус гаталж таарсан юм билээ. Хүмүүс очиход би тогоон чинээ гэдэстэй эрэг дээр бараг үхсэн хэвтэж байсан гэдэг. Нэг лам миний залгисан усыг гадагшлуулж аварсан.
Орост суралцаж байхдаа зуны амралтаараа Монголдоо ирж, аймгуудаар хийдэг аялан тоглолтод оролцоод буцдаг байлаа. Гуравдугаар дамжаандаа сургууль руугаа Эрхүүгээр дамжиж онгоцоор явсан. Новосибирскээс Свердловск нисэх замд дуу цахилгаантай бороо орсон. Аянганд өртөж шатах эрсдэлтэй байсан тул нисгэгч онгоцоо унтрааж, унагаад газарт ойртоход нь асааж, амжилттай газардуулсан.
Ухаан алдаад сэртэл цэргүүд нисгэгчид баяр хүргэж дээш нь шидэж байсан. Хэрвээ чадварлаг нисгэгч байгаагүй бол бид балрах байлаа. Албаныхан цааш мэдээлэл дамжуулахдаа “20 гаруй румын цэрэг, орос генерал гэр бүлтэйгээ, бас нэг япон зорчигч байна” гэж байх юм. Би цагаан хослол, цагаан чемодан, гуталтай, их л дэгжин хүү явсан юм. Хэрвээ монгол гэдгээ мэдэгдчихвэл дорд харилцах байх, хэл мэдэхгүй л царайлчихъя гэж бодсон.
Ийн онгоц буусан газар гурав хонохдоо япон хүн болж жүжиглэсэн. Үнэхээр ч намайг япон гэдэгт итгэж тусад нь пинд ор тавьж өгсөн. Би ч энэ мэтээр олон ч удаа амь гарсан даа.
Жүжигчдийг сандаргасан “НОЙРНЫ СОГТУУ”
Би Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн. Миний ес хүртэлх насны амьдрал хөдөө өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, намайг зургаан настайд Сантмаргацаас манайх Сонгино сум руу нүүж, естэйд Улаанбаатарт ирсэн юм. Хөдөөний хүүхдүүдийн адил хурга, ишгээ хариулна. Манайх гурван тэмээтэй байсан нь Сонгино руу нүүсний дараа нутаг руугаа гүйчихдэг байлаа.
Ээж минь тэмээнийхээ араас явж, намайг дүү нартаа захина. Ээжийн эзгүйд би малаа холбож, саана. Айлд хонохгүй гэсэндээ гэртээ хонохоор болж, айсандаа хурга ишгээ өвөртөлж унтдаг байлаа. Ер нь миний хүүхэд насны найзууд бол хурга, ишиг. Би ингэн тэмээндээ их хайртай, унаж, байнга ноолно.
Хожим Улаанбаатарт ирээд музей үзэж байхдаа тэмээний чихмэл хараад миний тэмээг ийм болгочихож гэж уйлж билээ. Багадаа нохойн гөлөгтэй ижилдэн дасаж, идэж байгаа хоолноосоо хүртэл өгдөг байсан. Таван настайдаа ижий, аавтайгаа хотод ирэхдээ нохойгоо авчирсан юм. Гадуур явахдаа айлд захиж үлдээсэн.
Тэр хойгуур нохой минь намайг эрж яваад буудуулсан өрөвдөлтэй түүхийг би хааяа дурсдаг. Хурга, ишгээ хариулахдаа морь унана. Мориноосоо буучихвал эргээд мордож чаддаггүй тул хадан дээр зогсоод морддог байсан. Улаанбаатарт ирээд тавдугаар дунд сургуульд элсэж, Улсын циркт орсон. Багаасаа урлагтай амьдралаа холбосон хүнд хүүхэд нас гэж бараг үгүй.
Муу сурвал циркт явуулахгүй дүрэмтэй тул хичээж, байнга онц сурна. Найман цагт гэрээс гарч, орой арванхоёр цагтай уралдаж харина. Хичээлээ тараад циркийн сургуулилалтаа хийж, орой тоглолтын завсар зайгаар даалгавраа хийнэ. Заримдаа хичээлийн завсарлагаанаар даалгавраа амжуулдаг байлаа. Би ном унших дуртай, уншсан үлгэр, зохиолоо хүүхдүүдэд их ярьж өгдөг байв.
Олон ном уншсан хүүхдэд өгдөг Нацагдоржийн тэмдгийг авч байсан. Циркт Цэцгээ, Яагаанцэцэг, Энхээ бид дөрөв хамгийн бага нь учир жүжигчид хүүхэлдэй аятай л биднийг шоглоно. Бид дөрөв циркийн хувцасны шүүгээнд орж суугаад үлгэр ярих их дуртай. Энхээг эрэгтэй болохоор заримдаа шүүгээнд оруулахгүй. Циркийнхэн зун бүр хөдөө аймгуудад тоглолт хийнэ.
Манай ахмад жүжигчид бид дөрвийг өөрсдийнхөө хүүхэд шиг л малладаг байсан даа. Хүүхдүүдийг мөнгөний сонирхолтой болгочихно гээд гарт төгрөг бариулахгүй. Эцэг эхчүүд жүжигчдэд мөнгө өгч, тэд хөдөө тоглолтоор явахад бидэнд түүгээр нь хоол унд авна. Цирктэй холбоотой хүүхэд насны паян их бий. Бригадаар явахад жүжигчдийг ийш, тийш нь тоглолтын тасалбар заруулахаар явуулдаг байлаа. “Морьтой ч болоосой” киноны Дондогийн дүрд тоглодог алиалагч Лувсанчимэд ахтай би хамт нутгийн албан газар, айлуудаар явдаг байв.
Лувсанчимэд ах “Манай энэ охин нугардаг” гээд л, би айлын хойморт үзүүлбэр үзүүлнэ. Өнөө айлууд баярлаад хоол хийж өгнө. Сүүлдээ аягаа халаасалж яваад өгсөн хоолыг нь хийлгэж иддэг байлаа. Би их нойртой, хаа таарсан газраа унтчихдаг хүүхэд байсансан. Нэг удаа Сар шинийн өмнөхөн Төв аймгийн Угтаалын сангийн аж ахуйд тоглолт хийсэн юм.
Бидний явсан автобусны арын цонхны тавцан дээрх жижиг зай руу би ороод унтчихсан. Манайхан замдаа зогсож бие засчихаад явахдаа намайг харагдахгүй байгааг гэнэт мэдэж л дээ. Тэгээд хээр үлдээчихэж гэж буцаж яваад шөнөжин хайсан гэнэ лээ.
Өглөө Лувсанчимэд ах автобусны ард бие засаж байхад нь би дөнгөж нүдээ нухаад босоод иртэл “Хүүе нөгөө оргодол чинь энд байна” гэсэн. Ийшээ яаж орж унтдаг байна вэ, Дуудаад байхад сэрдэггүй юм уу гээд ах эгч нар зэмлэж, зарим нь аргадсан. Тэр үеэс нойрны согтуу хочтой болсон.
Өндөр юман дээр авирах дуртай хүүхэд байсан болохоор бас намайг годрон гэнэ. Манай баруун аймгийнхан цайг ундаа гэдэг. Тэгээд ам цангахаар ундаа ууя гэхээр юу гээд байгаа юм бэ гэж уурлацгаана. Хүний ганц хүүхэд болохоор жаахан дураараа.
Би хоол бага идчихээд дороо өлсөж нэхнэ. Гэтэл Бригадаараа сумын төвийн гуанзанд хооллоход дараагийнх нь сум хүртэл 300 км шүү дээ. Манай томчууд ч дараа нь хашраад хоёр литрийн бидонд хар цай хийж, боорцог базаагаад намайг нэхэхэд өгдөг байсан. Ахмад жүжигчдийн дотроос миний хамгийн Жүжигчдийг сандаргасан айдаг хүн нь гавьяат жүжигчин Дорж.
Нүдний шилээ авахаараа их бүлцгэр нүдтэй харагддаг тул түүнээс айдаг байсан юм. Гуанзанд хоол идэхээр Дорж гуай дуудаж дэргэдээ суулгана. Би хоол багахан идээд цадчихлаа гэхээр “Худлаа, цадаагүй. Дахиад ид, чи” хэмээнэ. Дорж гуайгаас сүрдэж идэж идэж, сүүлдээ цадчихаараа хоёр хацартаа хоол дүүргэнэ.
Дорж гуай “Наадхаа асга даа” гэхэд нь амнаасаа гаргавал үнэхээр цадсан байна гэж үздэг. Хөдөө бригадаар явахдаа одоогийн хэллэгээр шоорттой, дээгүүрээ нүцгэн таваргана. Нэг удаа жүжигчин Намсрай гуай мэлхий барьж байснаа гэдэс рүү чулуудчихсан. Би уйлж, шөнө айгаад том ах, эгч нарыг унтсан хойно нь цээжин дээр нь гарч унтаж билээ.
Тэгж хөдөөгүүр явахдаа автобуснаас буугаад хөдөөний хүүхдүүдтэй тоглоод алга болно. Заримдаа гутал, хувцсаа тайлж орхиод жүжигчин ах, эгч нарт зэмлүүлдэг байв. Дараа нь юмаа хаяхгүй гэсэндээ оймс, өмд, гутлаа холбож уяад мөрөн дээрээ тохчихоод тоглоно. Циркийн тоглолт дөхөхөд гар, хөлөө сайртуулчихаад халтар ухна шиг юм орж ирнэ дээ.
Эгч нар хөл гар угааж өгөөд тайзан дээр гаргадаг байсан. Улсын гуравдугаар төв эмнэлгийн тархи нугасны мэдрэлийн их эмч Оюун циркт дугуйн үзүүлбэр хийдэг байсан юм. Тэр эгч миний үсийг их самнаж өгдөг байж билээ. Айлын ганц болохоор бусадтай хувцсаа сольдоггүй. Миний тоглолтын хувцсыг хэн нэгэн хэрэглэсэн байвал дахиж өмсдөггүй.
Манай зураач мэддэг болчихоод “Наадхынхаа хувцсыг битгий өмсөөрэй. Дахиж оёх гэж яршиг” гэдэг байсан. Бүх баяр наадмуудаар урлагийнхан өөрсдөө баярлахаас илүү бусдыг цэнгээх гээд завгүй. Зун бүр бригадаар тоглолттой явдаг учир хүүхдийн пионерын зусланд амьдралдаа ганц л удаа явж үзсэн. Миний гаран дээр юм гарч мэс засал хийлгээд нугарч болохгүй байсан тул Цэцгээ, Ягаанцэцэг хоёртой зусланд амраасан нь тэр.
Ангийнхантайгаа нэг удаа төмс хураахаар явж, өвөртөө унтацгааж, цагаан мод хаяж тоглосон үе бас их дурсамжтай.
Сүлд модны наадамд оролцож, өвлийн өвгөнөөс бэлэг авах нь тэр үеийн хүүхэд бүрийн мөрөөдөл байсан. Их тэнгэрийн аманд харшийн наадам зохион байгуулж, онц сурсан хүүхдүүдийг урьдаг байсан. Тэр шинэ жилийн баярт хэд хэдэн удаа орж байсан. Хүүхэд байхдаа олон удаа шагнуулж байсан ч шилдэг сурагч болж, Самбуу даргаас 48 төгрөгийн кг чихэр авч байснаа мартдаггүй.
48 төгрөгийн чихэр их ховор. Том даргаас шагнал авсан гэдгийг ч тухайн үед тоохгүй, тийм гоё чихэр өгсөнд нь л баярлаж, сар шахам идсэн. Би Чадраабал гэж хүүтэй багшийн ширээний урд суудаг байлаа. Тэр хүү амьтан тэжээдэг байсан. Наймдугаар ангид байхад хичээл дээр нэг удаа туулайгаа аваад ирж. Өнөөхийг нь багшийн ширээн доогуур гүйлгэж, бид хоёр сахилгагүйтсэн хэрэгт ороод самбарын өмнө зогсож байсан.
Аравдугаар ангийн хонхны баяраар “Эгшигт хонхны шингэн дуу
Элэг зүрхэнд минь
Эрдэмд хөтөлсөн хайрт сургууль минь
Энэ насанд минь үүрд дурсагдана” гэж хэлээд хонх цохиж байснаа дурсан санадаг. Өдгөө дүнгийн дэвтрүүд, тухайн үед шагнуулсан тэмдгүүдээ хадгалдаг. Саяхныг хүртэл сурагчийн дүрэмт хувцсаа хадгалж байгаад шатаасан.
Циркийн жүжигчин болоод ч тэр үү, оюутан хөвгүүд, цэргүүдээс надад их захиа илгээнэ. Тухайн үед тэрийг ойлгох мэдрэмж ч байгаагүй, заримыг нь уншиж, нөгөө хэсгийг нь хаяна. Хүнд дурлах зав байгаагүй.
Б.ДӨЛГӨӨН