Туркийн Измир хотноо энэ сарын 25-31-нд зохион байгуулах даамын эрэгтэйчүүдийн дэлхийн аваргын төлөөх “Халз тулаан”-ыг монголын шүүгч ажиллахаар томилогджээ.
ОХУ-ын Их мастер, дэлхийн долоон удаагийн аварга Александр Георгиев, Камеруны гроссмейстер, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Африк тивийн олон удаагийн аварга Жанмарк Нжофанг нар дэлхийн аваргын төлөө халз тоглох юм. Дэлхийн даамын холбоо (FMJD)-ноос тус халз тоглолтыг шүүх шүүгчээр Монголын Улсын иргэн Чимэддоржийн Бат-Эрдэнийг томилсон нь монголчуудын хувьд анхны тохиолдол болж байна. Ч.Бат-Эрдэнэ нь Дэлхийн даамын холбооны дэд ерөнхийлөгч, Азийн даамын холбооны ерөнхийлөгч, МДХ-ны дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг.