XVII зууны Шотландын Ламмермур толгодынхон. Эдгардо эцэг эхийг нь хороож, хөрөнгийг нь булаасан айлын охин Лучиатай хайр сэтгэлийн холбоотой болжээ. Гэсэн ч тэр эртний өсийг мартан Лучиатай гэрлэхээр түүнтэй бөгж солилцон, хайрын тангараг өргөнө. Ингээд улс төрийн ажлаар Франц руу түр хугацаагаар явах болсноо бүсгүйд дуулгаж, салж ядан одно.
Ламмермурын лорд Энрико дүүгээ эрх мэдэл ихтэй Артуротой гэрлүүлэхээр хүчлэн, Лучиад Эдгардо чамайг мартсан гэж хуурамч захидал өгдөг. Дээрээс нь тэнгэр нурах шиг болж, сүнсгүй сүг мэт царайлсан тэрбээр ахынхаа ятгалгаар гэр бүлийнхээ сайн сайхны төлөө амьдралаа гаргуунд нь гаргахаар шийдэж, Артуротой гэрлэх баталгаанд гарын үсгээ зурчихдаг. Артуро хайртыг нь эргүүлэх болсныг дуулсан Эдгардо яаравчлан буцаж ирээд Лучиа аль хэдийнэ гэрлэлтээ батлуулсныг мэдмэгц түүнийг муу муухайгаар харааж, бөгжөө газар дэвсэв.
Өөрийнх нь хүслээр болсон дүүгийнх нь амьдралд гай тарьж болзошгүй гэж Энрико болгоомжлон Эдгардог нэг мөр дуусгахаар ирүүл тулаанд дууддаг. Хувь заяаны хатуу тоглоомд хожигдсон хөөрхий бүсгүй эцсийн аргаа хэрэглэж, Артурог хөнөөж, галзуурснаар өөд болдог. Энрикогийн илдэнд үхэхээр шийдсэн Эдгардо энэ тухай дуулаад түүнтэй тэнгэрийн оронд уулзахаар амиа хорлосноор хөшиг хаагдав.
Эртний өстэй хоёр гэр бүл, тэдний бие биедээ сэтгэлтэй хүүхдүүд, үхлээр төгссөн хайр... “Ромео Жульетта хоёр”-ын эмгэнэлт түүхтэй төстэй өгүүлэмж бүхий “Лучиа ди Ламмермур” дуурь өнгөрсөн амралтын өдрүүдэд сонгодог урлагийн ягаан харшид нээлтээ хийлээ. “Хайр дурлалыг эсэргүүцэх нь улам шинэ эрч хүчээр түүнийг цэнэглэж байгаагаас ялгаагүй” хэмээн Францын зохиолч Жорж Сандын хэлсэн нь бодогдов.
Тэдний хайранд бартаа саад байгаагүйсэн бол амиар үнэлэгдэх хайр цэцэглэх байсан эсэх нь, урт удаан аз жаргалтайгаар хамт амьдрах байсан эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ дундуур нь жороолсон илжгэнүүдэд хүн үнэнхүү хайртаасаа илүү их итгэдэг нь эмгэнэлт явдал болохын эхлэлийг тавьдаг гэлтэй. Дуурийн цомнолыг Сальвадор Каммарано Английн зохиолч Вальтер Скоттын “Ламмермурын сүйт бүсгүй” туужид үндэслэн бичжээ.
Италийн хөгжмийн зохиолч Гаэтано Мариа Доницетти 70 гаруй дуурь бичсэний хамгийн алдартай нь 1835 онд зохиож, тус оныхоо есдүгээр сарын 26-нд Наплесийн “Сан карло” театрт нээлтээ хийсэн “Лучиа ди Ламмермур” аж. Улмаар 1938 онд Англид, дараа жил нь Францад, 1941 онд Америкт тогложээ. Дэлхийн хоёрдугаар дайн дуусаж, урлагийн тоглолт сэргэхэд 1952 онд Италид хамгийн анхны тоглолтоор угдуурийг толилуулж, Лучиад Мариа Каллас дуулсан аж.
“XVI зуунд Италид анх дуурь үүсэж, хөгжсөн гэдэг. Доницетти бол дуурийн дөрөв дэх үеийн төлөөлөгч. Энэ бүтээл дуурийн урлагт дуулаачийн арга барил, чадварыг илүү хөндөж, хөгжүүлсэн. Дуучдаас ихийг нэхдэг учир дуучнаа сайн бэлдээгүй театрт энэ бүтээлийг тавьж чаддаггүй. Бельканто буюу тансаг аялгууг дуурийн урлагт оруулснаараа онцлогтой бүтээл” хэмээн урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх хэлсэн.
Дэлхийн дуурийн шилдэг 10 хөгжмийн зохиолчийн наймынх нь буюу Пуччинигийн “Богема”, Бизегийн “Кармен”, Вердигийн “Травиата”, Моцартын “Дон Жуан”, Россинигийн “Севилийн үсчин” зэргийг ДБЭТ өмнө нь тавьсан бөгөөд ийн ес дэхээр нь Доницеттигийн гурван бүлэгт, долоон үзэгдэлт эмгэнэлт дуурийг сонгожээ.
Хэрвээ ДБЭТ-ын ягаан байшин амьтай байсан бол Италийн алдарт дуурийг эгшиглүүлж, их танхим, лоож, бельтаж нь хүнээр хахсанд хагартлаа баярлах байсан мэт. Урьд нь манайд “Травиата”-г тавьсан, Чүннамийн их сургуулийн дуурийн дуулаачийн анги болон БНСУ-ын урлагийн үндэсний их сургууль, “Academia Lirica Italina in Milano” их сургуулийн дуурийн найруулагчийн анги төгсөж, улсдаа “Тоска”, “Богема”, “Севилийн үсчин”, “Увдист лимбэ”, “Риголетто” зэргийг тавьсан солонгос найруулагч Ан Ху Вон уг дуурийн ерөнхий найруулагчаар ажиллажээ.
“Лучиа ди Ламмермур”-ын нээлтийн тоглолтод Лучиад гавьяат жүжигчин Ө.Уянга, түүний амраг Эдгардод Б.Гомбо-Очир, ах Энрикод Ч.Энхтайван, зарц Алисад Р.Доржхорол, ламтан Раймондод Д.Бат-Эрдэнэ, Лучиагийн хууль ёсны нөхөр, хайр дурлалын золиос болсон лорд Артурод Б.Батжаргал, цайзын хамгаалалтын ахлагч Норманнод Г.Шижирболд дуулсан бол маргааш нь Италид ажилладаг дуучин У.Уранцэцэг урилгаар Лучиагийн дүрийг бүтээсэн.
2012 оноос ДБЭТ-т ажиллаж, “Ламбугайн нулимс”-ын хятад, “Кармен”-ий Ремендадогийн дүрд тоглосон залуу дуучин Г.Энхболд Эдгардод, Энрикод гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Раймондод Ж.Бямбажав, Артурод Д.Эрдэнэ-Очир, Норманнод М.Даваадорж, Алисад Г.Саранчимэг дуулсан юм. Итали хэлээр гурван цаг орчим жүжиглэнгээ дуулна гэдэг амаргүй.
Тэр тусмаа “Лучиа ди Ламмермур” зөвхөн гол дүр гэлтгүй оролцсон бүх дуучнаас хамаг байдаг авьяас чадвар, бүхий л нөөц бололцоог нь шавхдаг аж. Мэдээж дуучин бүр өөр өөрийн өнгө төрх, арга барилтай учир хоёр өдрийн бүрэлдэхүүнийг харьцуулах нь өрөөсгөл. Уг дуурийн гуравдугаар бүлгийн хоёрдугаар үзэгдэлд Артурог хөнөөн, галзуурсан Лучиагийн “II dolce suono” ари дуучдаас өндөр чадвар, төрөл бүрийн хувирал нэхдэг бөгөөд олон колоратура сопрано хоолойтныг алдаршуулсан гэдэг. Хайр дурлалд ямагт бага зэрэг солиорол байдаг.
Гэхдээ солиорол бүхэнд бага боловч эрүүл утга учир агуулагддаг гэдэг дээ. Ө.Уянга эмзэг, энхрий, хонгорхон, өр өвтгөм Лучиаг бүтээж, галзуурсан алуурчин болсон үедээ ч үзэсгэлэнтэй, аз жаргалтай харагдсан бол У.Уранцэцэг нарийн жиргээ хоолойн чадлаа гайхуулан, илүү сэтгэл хөдлөлтэй, шийдэмгий, яг л солиорсон мэт авирлаж, тайзыг эзэмдсэн.
Ерөөс л энэ дуурийн тэр хэсэгт л тайзан дээрх дуучид хийгээд үзэгчид ДБЭТ-ын байшинтайгаа цаг хугацаагаар аялж, тэртээ XVII зууны үеийн гачлант өдөрт очиж, хөөрхий бүсгүйн гунигт тавиланг хамт мэдрэх шиг болдгоороо энэ бүтээл алдартай мэт. Хэдий дүүгийнхээ хувь тавиланг өөрийн аз жаргалын тасалбар болгох гэдэг ч Энрикогийн дүр Лучиагаас дутахааргүй олны анхаарлыг татдаг аж. Сөрөг дүр хэрнээ цаанаа л хүндэтгэх сэтгэл төрүүлэх Энрико байсан Ч.Энхтайван, Э.Амартүвшин нарын дуулалтад өөлөх зүйл байсангүй.
Ялангуяа Амартүвшингийн зөөлөн баргил хоолой Уранцэцэгийн уянгалаг хоолойтой сайхан хосолсон. Хонгор буржгар үс нь романтик дүрд нь захиалсан мэт зохисон Б.Гомбо-Очир, цайзын хамгаалалтын ахлагч Нармонна буюу Г.Шижирболд, Алисад тоглосон Р.Доржхорол нар дүрдээ сайн тохирч, сайн ч амилуулжээ, баяр хүргэе.
Эдгардо чичлүүр хутга өөртөө зоон, тэнгэрийн оронд бүсгүйтэйгээ уулзахаар гунигт дуу аялж, Лучиагийн сүнс түүний цогцсыг энхрийлэн дуурь төгсөв. Хэдий дуурь гайхалтай, үзэгчид алга ташилтаар харамгүй шагнаж байсан ч ийм гунигт хайрын түүхэд алга ташихаас гар минь нэг л хөдөлж өгсөнгүй.
Хөшиг хаагдаж, уран бүтээлчдэд баяр хүргэж, дурсгалын зургаа хамт татуулах гэсэн хүмүүсийн хөлд тайз дарагдана. Эхний өдрийн тоглолтын дараа найруулагч Ан Ху Вон уран бүтээлчдэд баяр хүргэж, ирэх оны нэгдүгээр сарын 7-нд уг дуурийг дахин тоглоход гурав дахь бүрэлдэхүүнийг бэлдэх болсноо дуулгасан. Ө.Уянга “За, их том ажлын ард гарлаа шүү дээ. Ингээд бодохоор “II dolce suono” аригаа дахиад нэг дуулмаар санагдаж байна” хэмээн хамтрагчидтайгаа ярилцах нь дуулдав.
Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Таны дуулж байсан бусад дүрүүдээс юугаараа онцлог байв. Сэтгэгдлээ хуваалцахгүй юү?
-Маш олон хүний хөдөлмөр шингэсэн учир надад муу дуулах эрх байсангүй. Их ажлын ард амжилттай гарсны дараах мөч хамгийн сайхан. Эндээс л аз жаргалын амтыг мэдэрдэг. Галзуурсан хүний дүр бүтээх их хэцүү.
Тэр үед дуулдаг ари ур чадвар, мэдрэмж их шаарддаг. Тэр ариг л сайн дуулбал дуурь сайн боллоо гэсэн үг. Миний дуулсан хамгийн хэцүү дүр байлаа.
-Энэ дуурийн гурав дахь бүрэлдэхүүнийг бэлдэхэд Эдгардод Б.Батжаргал, Энрикод Э.Отгонбат дуулах тухай сонслоо. У.Уранцэцэг дуучин зочноор уригдсан тул дахин дуулахгүй буцна. Тэгэхээр энэ дүрд та л дуулах уу?
-Одоогийн байдлаар театраасаа Лучиагийн дүрд би л байна. Заавал нэг дүрд хоёр хүн бэлддэг. Дараа дараагийн колоратура сопрано хоолойтон гарч ирэхийг үгүйсгэхгүй.
-Хүмүүс хоёр өдөр тоглосон бүрэлдэхүүнийг хүссэн хүсээгүй харьцуулж ажиглана байх. Ер нь хоёр состав хоорондоо өрсөлддөг үү, эсвэл бие биедээ тусалж, туршлага солилцдог уу?
-У.Уранцэцэг эгч Лучиад 2008 оноос дуулсан тул надаас илүү туршлагатай. Би түүнтэй өрсөлдөнө гэж ярих зохимжгүй. Дутахааргүй дуулахыг хичээсэн. Надад суралцах зүйл их бий. Дүртэйгээ маш шахуу хугацаанд буюу 14-хөн хоног ажилласан.
Тиймээс хоёр бүрэлдэхүүн хоорондоо зөвлөлдөх завгүй бэлдсэн. Одоо л Урнаа эгчтэй дүрийнхээ тухай ярилцаж, зөвлөгөөг нь сонсоно доо гэв.
Хоёр дахь өдрийн тоглолт зочин дуучинтай болоод ч тэр үү, илүү олон үзэгчтэй, бельтажны шатан дээр хүртэл хүмүүс сууж харагдсан. ДБЭТ-ын тайзнаа анх удаа дуулсан сэтгэгдлийг нь У.Уранцэцэгээс асуухад “16 жилийн дараа Монголдоо ирж, дуулсан учир сэтгэл их хөдөлж байна.
Богино хугацаанд бэлдэж дуулахад уран бүтээлчдэд их хүнд байлаа. Гэхдээ энэ томоохон ажлын ард гарна гэдэг монголчуудын гүргэр, хөдөлмөрч зантай холбоотой байх. Хамтран дуулсан Э.Амартүвшин бол дэлхийн түвшинд тоогдох, сайн дуучин” гэв.
Удахгүй Итали явах түүнээс Монголдоо дахин хэзээ ирэх талаар лавлахад “Миний ажлын хөтөлбөр хоёр жилээр төлөвлөгддөг. Ирэх арванхоёрдугаар сард ажлын хуваарьт ороогүй хэдэн өдөр бий. Тэр үед Монголдоо ажиллахаар ярьж байна. Гэрээ байгуулбал ирнэ” хэмээсэн.
Б.ДӨЛ