Дархан хот байгуулагдсаны 54 жилийн ойд зориулсан баярын хурал аймгийн Залуучууд театрт болов.
Анх 1961 оны 10 дугаар сарын 17-нд тухайн үеийн “Давхрын өртөө”-нд Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв Дархан хотын анхны суурийг тавьж Бурхантын хөндийн зэлүүд талд шинэ хот гэрэл гэгээ цацрааж гал голомтоо бадраасан түүхтэй. Хүндэтгэлийн баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга М.Энхболд, сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, Засаг дарга Б.Азжаргал болон ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консул Доржиев Александр Цыденешиевич болон аймгийн үе үеийн дарга нар, иргэдийн төлөөлөл оролцов. Ойн баяраар аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж улсад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий иргэдийг төрийн одон медаль, аймгийн Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа.
Төрийн дээд шагнал ”Алтан гадас одон”-оор Б.Билэгт, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Д.Баянмөнх, Б.Сэргэлэн, Ж.Эрдэнэчимэг, Эрүүл Мэнд, Спортын яамны “жуух бичиг”-ээр Н.Цасчихэр, Ж.Хүрэлбаатар, А.Мөнхцэцэг нар тус тус шагнуулав. Түүнчлэн аймгийн Засаг даргын шагнал “Найрамдлын Дархан” тэмдэг, аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Дархан сумын 30 иргэнийг шагнасныг гардууллаа.