“Соёл-Эрдэнэ” хамтлагийн бөмбөрчин Б.Цолмон өдгөө 60 нас дөхөж яваа. Гэсэн ч хэзээнийхээрээ л үсээ урт ургуулж, жийнс өмссөн хэвээр. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Уран бүтээлийн сонин сайхнаас тань ярилцлагаа эхэлье.
-Бөмбөрөө тоглоод л явж байна. Хэдэн ресторан, баартай гэрээ байгуулж, тоглодог ажилтай болсон. Гэхдээ өдөр бүр шинэ уран бүтээл хийнэ гэж байхгүй л дээ. Хэрэв нөгөө хэд маань шинэ уран бүтээл гаргавал хамт ажилладаг даа.
-Та одоо аль хамтлагт харьяалагддаг вэ. Нэлээд олон хамтлагт тоглож байсан шүү дээ?
-Миний үндсэн хамтлаг “Соёл-эрдэнэ”. 1978 онд Хөгжим, бүжгийн сургууль төгсөөд Улсын филармонид хуваарилагдсан. 1979 оноос өнөөг хүртэл “Соёл-Эрдэнэ”-д харьяалагдан, хажуугаар нь олон хамтлагт тоглож байсан.
“Өргөө” хамтлагийн И.Болоож, Бархас, “Хөх тэнгэр” хамтлагийн “Хоовон” Энхбаяр бид тав “Соёл-Эрдэнэ-Өргөө” гээд хамтлаг байгуулан, ганц нэг гэрээгээр энд тэнд тоглолт хийх болсон.
-Яагаад бөмбөрчин болохоор шийдэв. 1970-аад онд бөмбөрчин ховор байсан нь нөлөөлсөн үү?
-Мэргэжлийн талаас авч үзвэл бөмбөрчин одоо ч ховор. 1970-аад оны үед авьяастай хүүхдүүдийг Хөгжим, бүжгийн дунд сургуульд элсүүлэх шалгалт авдаг байсан. Шалгалтад тэнцээд, цохиур хөгжмийн ангид орсон. Тэр үед бөмбөр заадаггүй байлаа. Ангийнхан маань хамтлаг байгуулж, би бөмбөрчнөөр орсон юм. Гэхдээ тухайн үед эстрад урлагийг хөрөнгөтнийх гэдэг байсан учраас амжилт олоогүй.
Үүний дараагаар 1979 онд “Соёл-эрдэнэ” хамтлагт орсноор бөмбөрчний замнал минь жинхэнэ утгаараа эхэлсэн дээ.
-Тухайн үед бөмбөр ховор, хүмүүс өөрсдөө хийдэг байсан гэсэн. Яаж хийдэг байв?
-“Өргөө” хамтлагт байснаар нь Баярааг хүмүүс мэдэх байх. Одоо “Айзам”-д тоглож байгаа бөмбөрчин. Тэрбээр бөмбөр хийдэг байсан юм. Цахилгаан станцад байсан болов уу даа, хоолойг хөрөөдөж бөмбөр хийдэг байсан.
Тухайн үед Зүүн Герман, Чехсловакаас бөмбөр орж ирдэг байсан юм. Улсын гэдэг тодотголтойгоороо “Соёл-Эрдэнэ” хамтлаг, “Баян Монгол” чуулга тэр үедээ хамгийн гоё бөмбөртэй нь байлаа.
-Та анх ямар бөмбөр тоглож байв?
-Сургуульд байхдаа “Парава” гэдэг бөмбөр тоглодог байсан. Харин “Соёл-Эрдэнэ”-д ороод “Тама” бөмбөр дээр тоглож эхэлсэн. Энэ бөмбөр одоо ч “аймшигтай” бөмбөр хэвээрээ л байгаа. “Тама” нэртэй бөмбөрийг өдгөө ч үйлдвэрлэж байгаа. Гэхдээ анх гарч байсан шиг нь хийдэггүй юм.
Учир нь тус бөмбөрийг дөрвөн улс хамтарч хийсэн байдаг юм. Хүрээг нь Японд, хальсыг Америкт, жижиг цанг нь баруун Германд, томыг нь Англид хийгээд, нэгтгэдэг байсан юм.
-Та бөмбөр цуглуулдаг уу?
-Гэрт маань японы “Ямаха” бөмбөр бий. Монголдоо үнэтэйд тооцогдоно. Том тоглолтуудад гаргаж тоглодог. Харин өрөөнд маань “Тама” бий.
-Рок, попынхон таныг “багш” гэдэг юм билээ. Хэдэн хүнд бөмбөр зааж сургасан бэ?
-Шавь байхгүй гэж болно. Яах вэ, зүгээр л хэдэн хүүхдэд заасан явдал бий. “A sound”-ийн Батпүрэв намайг багш л гэдэг. Улсын филармони ахмадын байранд байх үед тэрбээр бөмбөр зөөгөөд л гүйдэг байсан. Мөн “Никитон”-ы Золбоо байна.
1990 оны эхээр Өөжгий, Баачка нар анх “Соёл-Эрдэнэ”-ийн нэр дээр хамтлагаа байгуулж, Золбоог авчирч байсан. Түүнээс биш гардаж заасан зүйлгүй. Гэхдээ надад нэг мөрөөдөл байдаг юм. ХБК, эсвэл СУИС-д эстрад, жааз хөгжмийн анги нээдэггүй юм гэхэд, цагийн анги байгаасай гэж боддог.
Ноот хараад, шууд тоглодог хүн ховор шүү дээ. “Баян Монгол” чуулгын бөмбөрчин Нямбаяр ах л тийм чадвартай хүн байсан.
-Бөмбөр тоглохын сайхан нь юу вэ?
-Бөмбөр бол удирдаач л гэсэн үг. Бөмбөр яаж дуугарна, хөгжимчид тэрийг л дагадаг. Тэгэхээр бөмбөрчин их хариуцлагатай юм уу даа.
-Бөмбөр тоглоход дөрвөн мөч байнгын хөдөлгөөнтэй байдаг. Хэр ядардаг вэ?
-Залуу байхад бөмбөрөөсөө их таашаал авдаг байлаа. Одоо бол 2-3 цагийн тоглолтын дараа ядраад, унтаж чадахаа больчихдог. Ер нь бөмбөр тоглох амаргүй. “Соёл-Эрдэнэ”-ийн анхны бөмбөрчин Жаргалсайхан ах маань бөмбөр тоглоод хөлийнх нь судас бүдүүрсэн.
Бөмбөрчин хүний гарын булчин чангардаг учраас буруу сурвал гар нь татдаг болно. Ер нь бэлтгэл хийж, зөв цохиж сурах л хэрэгтэй. Ер нь бөмбөрчин нарийн мэргэжил, тэр бүү хэл, хүнд хөгжимд тооцогддог байсан. Хөдөлмөрийн хуульд зааснаар бөмбөрчин 20 жил ажиллаад тэтгэвэрт гардаг байлаа шүү дээ.
1996 онд хуульд өөрчлөлт оруулж, бөмбөрчин гэдгийг хасчихсан юм. Шинэчилсэн хуулиар үлээвэр хөгжимчин, нугараачид 20 жил ажиллаад тэтгэвэрт гарч байгаа. Хууль шинэчилэхээс өмнө тэтгэвэрт гарсан ганц л бөмбөрчин байдаг. Тэр нь “Баян Монгол” чуулгын Нямбаяр ах. 20 жилээр тэтгэвэрт гарахаар олон хүн зүгээр сууж мөнгө авах болчихно гэдэг юм билээ.
Уг нь улсыг хохиролд оруулаад байхаар тийм олон эстрадын бөмбөрчин байхгүй шүү дээ. Үүнээс болоод би гэхэд 60 настай тэтгэвэрт гарах болчихоод байгаа юм.
-Та гэртээ байхдаа ч стилдээ үнэнч юм. Ер нь өөр хувцас өмсөхөөр эвгүй байх уу?
-Рок, поп хөгжимд дуртай болсон цагаасаа л “Битлз”-ийг сонсож эхэлсэн. Ийм хөгжим сонсоод байхаар хувцаслалтад ч нөлөөлдөг юм байна. Энд, тэнд явж байхад сонсдог хамтлагийн маань зурагтай малгай, цамц байвал авна. Бүрх малгай миний имиж. Настай хүн урт гинж зүүгээд, жийнс өмсөхөөр эвгүй харагддаг байж магадгүй. Би хослол өмсөх дургүй.
Том арга хэмжээнд оролцохдоо өмсөхөөс өөр аргагүй. Нэг удаа хослол өмсөөд, соёлын тэргүүний ажилтны тэмдгээ зүүгээд очтол манайхан гайхаад “Чиний төрсөн өдөр болж байгаа юм уу” гэж асуусан.
-Анх ийм хувцас өмсөөд их л шүүмжлүүлж байсан байх?
-1970 онд залуучууд “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхныг дуурайж хувцасладаг байсан. Тэр үед жийнс ховор. Гэсэн ч бүгд л өмсдөг байлаа. Одоо ч хэвээрээ л байна.
Харин тэр үед үсээ ургуулахыг хориглодог байсан. Шинэ уран бүтээл батлуулахад хурлаар хэлэлцдэг байсан юм. Тийм нэг хурлын протоколд “Наранбаатар үсээ засуул, өмд чинь өргөн байна, Зундуй дууныхаа дундуур хашгирч байна, болиорой” гэхчлэн тэмдэглэсэн байдаг юм.
-Рок, попынхон таныг гавьяат болох хүн гэдэг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-“Соёл-Эрдэнэ” улсын хамтлаг. Соёлын яамны сайд нарын зөвлөлийн тогтоол гарч баталж байсан юм. Би одоо болтол улсдаа харьяалагдаж, улсаас цалингаа авдаг. Намайг гавьяатад тодорхойлж байсан. Харин тодорхойлолт нь хааччихдаг юм бүү мэд. Манайхан бүгд намайг гавьяатаа л гэдэг юм.
Би гавьяат биш гэхээр хүмүүс “Гавьяат аваагүй юм уу. Найзууд чинь бүгд гавьяат юм байна” гэдэг. Энд тэнд явж байхад таван гавьяат дээшээ суу л гэдэг. Монгол Улс маань гавьяат цол, тэмдгийг ямар шалгуураар, яаж өгдгийг мэдэхгүй. Би хувьдаа, төрийн гавьяа босго өндөр юм байна л гэж боддог. Тэр босгыг нь би лав давж дийлэхгүй л байгаа юм.
-Танд анхны гэсэн амжилт олон байдаг юм билээ. Анхны цохивор хөгжмийн тоглолт зохион байгуулсан гээд л...
-2008 онд 17 бөмбөрчнийг нэг дор цуглуулж, тоглолт хийсэн анхны хүн. Ганцаараа анхдагч байна гэж байхгүй, энэ бүгд хамтлагтай минь л холбоотой. Манай “Соёл-Эрдэнэ” хамтлаг анхны рок, поп хамтлаг. Монголд рок, поп урлагийг хөгжүүлэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн.
-Сэтгэлд хоногшсон сайхан дурсамжаасаа хуваалцана уу?
-1991 онд нийгэм солигдож, бүх юм хэцүү байсан үе. Урлаг байтугай ард түмнээ яах вэ л гэж байсан цаг шүү дээ. Тэр үед Японы Токио хотод болсон дэлхийн шилдэг хамтлаг шалгаруулах тэмцээнд “Соёл-Эрдэнэ” хамтлаг маань уригдсан юм. Тэнд бид шалгарсан 17 хамтлагтай “Бүдакан” хүрээлэнд тоглох боллоо. 1966 онд “Битлз” Японд анх тэнд тоглосон байдаг.
Ринго Стар тоглож байсан гэхээр гайхалтай санагдаж байлаа. Тоглолтын өмнөх өдөр нь тоглолтыг бөмбөрчид эхлүүлнэ гэдгийг хэлсэн. Ингээд цоо шинэ 17 бөмбөр авчраад тарааж өглөө. Бөмбөрөө угсарсны дараа ноот тавиад өгчихдөг юм байна. Бөмбөрчдийг тоглуулж үзлээ.
“За Монголын бөмбөрчин тогло” гэхэд нь би айж, ичсэн гэдэг жигтэйхэн. “Соёл-Эрдэнэ”-ийн бөмбөрчин Цолмон биш, Монголын бөмбөрчин гэж харж байгаа болохоор их сандарсан. Ямартай ч ноотных нь дагуу тоглочихсон.
Дараа өдөр нь тоглолт амжилттай болж, 17 орны хамтлаг дундаас бид тусгай шагнал авч байлаа. Доллараар шагнуулсан шүү дээ. Тэгээд шагналын мөнгөөрөө тоглуулагч (приставка) авч байсан.
-Та урлагийн гэр бүлээс төрсөн уран бүтээлч. Зээ тань төгөлдөр хуур тоглодог гэсэн. Танай хүүхдүүд дунд урлагийн хүн бий юү?
-Аав маань циркчин байлаа. Дэлхийн II дайны дараа Монголын циркчид Европт тоглоход аав маань явж байсан. Ээж минь Гадаад явдлын яаманд насаараа ажилласан, дипломатч хүн. Аав, ээж маань нэг хүүхдээ урлагийн хүн болгоё гээд намайг дэмжсэн.
Харин миний хүүхдүүдээс урлагаар явсан хүн алга. Урлагийн зам хатуу, тэр дундаа бөмбөрчин байх хэцүү гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн учраас хүүхдүүдээ эл зам руу оруулаагүй. Гэхдээ зээгээ хөгжмөөр хичээллүүлж байгаа. Ирээдүйд нийгэм өөрчлөгдөж, сайхан болох байлгүй дээ.
Зээ маань төгөлдөр хуур, бөмбөр тоглодог. Би ч зааж өгдөг.
-Та анхны “Алдрын од”-ыг хүртсэн. Сэтгэл тань тэр үед ямар байсан бэ?
-Рок, попын анхны гавьяат “СоёлЭрдэнээс” төрсөн. Харин өнгөрсөн зун бид албан ёсоор “од” боллоо. 1970-аад онд ийм хөгжим хэрэгтэй, байх ёстой юм гэдгийг улс мэдэрч хамтлаг байгуулсан.
Тэгвэл өнгөрсөн зун яалт ч үгүй ул суурийг нь тавьсан юм гэдгийг хүлээн зөвшөөрч, эрхэм хүндтэй том шагналыг манай хамтлагт өгсөн гэж ойлгож байгаа. Энэ шагнал маань хамтлагт амьдралаа зориулсан хүмүүсийнх. Урам зориг дүүрэн байгаа.
Г.БАЯРЦЭЦЭГ