ХБК-ийн хоёрдугаар курсын оюутан Г.Ичинхорол Диттерс фон Диттерсдорфийн нэрэмжит олон улсын залуу контрабас хөгжимчдийн уралдаанд оролцож, гуравдугаар байрт шалгарчээ. Түүний мэргэжлийн багш Л.Баасанхүү “Ичинхорол маань уралдааны гуравдугаар байрт шалгарснаас гадна тухайн бүтээлийг хамгийн сайн тоглосон хөгжимчинд олгодог тусгай шагнал хүртсэн. Уралдааныг шүүх журамд өнгө, техник, зохиолтойгоо ажилласан сэтгэлгээ гэхчлэн олон талыг харгалзан тус бүр оноо өгдөг. Манай хүүхэд бусад орны хөгжимчдөөс ерөнхийдөө дутсангүй. Сайн байсан. Гэхдээ техник болон сэтгэлгээний талдаа илүү анхаарах ёстойг анзаарлаа. Ер нь уралдаанд мэргэжлийн өндөр түвшнийхэн оролцсон учраас сурах, мэдэх зүйл их байсан. Монголын хөгжмийн урлагийн түүхэнд чавхдасm хөгжмөөр олон улсад насан хүрэгчдийн ангиллаар авчирсан анхны шагнал гэж их бахархаж байгаа” хэмээн сэтгэгдлээ хэлсэн. Дэлхийн хэмжээнд зохион байгуулдаг хөгжмийн уралдаануудад Монголын хөгжимчид жил бүр амжилттай оролцдог. Гэхдээ энэ удаагийн уралдаан хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, контрабас хэмээх хөгжмийн зэмсгээр манайхан анх удаа гоцлоочийн түвшинд оролцоод, амжилт гаргасан. Хоёрдугаарт, Монголын чавхдасm хөгжимчид өмнө нь бүгд бага насны буюу насанд хүрээгүйчүүдийн ангилалд өрсөлдөж байжээ. Тодруулбал, Г.Ичинхорол удахгүй 19 нас хүрэх учраас насанд хүрэгчдийн ангилалд уралдсан аж. Ингээд үзэхээр “анх удаа” гэсэн тодотголтой хоёр амжилтын эзэн болсон гэсэн үг. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
Г.ИЧИНХОРОЛ: КОНТРАБАСЫГ БИ ХҮНТЭЙ ЗҮЙРЛЭНЭ
-Контрабасаар гоцлоочийн түвшинд анх удаа оролцоод гуравдугаар байрт шалгарна гэдэг чамлахааргүй амжилт. Баяр хүргэе. Уралдааны талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Австрийн хөгжмийн зохиолч Диттерсдорфийн нэрэмжит уралдааныг жил бүр Словак улсад зохион байгуулдаг. Энэ жил тав дахь удаагаа болсон бөгөөд өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 2 хүртэл хоёр үе шатаар, насны гурван ангиллаар болж, 12 орны контрабас хөгжимчид өрсөлдсөн. Би 18-аас дээш буюу насанд хүрэгчдийн ангилалд 25 хөгжимчинтэй өрсөлдлөө. Эхний шатанд П.И.Чайковскийн “Ноктюрн”, Словакийн хөгжмийн зохиолч Л.Райтерын “Сонатина”-г тоглосон. Сүүлчийн шатанд Диттерсдорфийн ми мажорын концерт тоглосон.
-Энэ жил тус уралдаанд Азиас ганцхан Монголын хөгжимчин оролцсон гэж сонссон. Тэгэхээр нэлээд босго өндөртэй уралдаан байх нь ээ?
-Зэрэглэл өндөртэй уралдаан юм билээ. Үнэхээр Азийн тоглооч надаас өөр байгаагүй. Шүүгчдийн хувьд уран бүтээлээрээ танигдсан, өдгөө алдартай театруудад өндөр алба хашдаг хүмүүс байсан. Тэднийг ахалсан хүн нь Лондоны симфони оркестрын маэстро (удирдаач), Оксфордын их сургуулийн профессор гэсэн.
-Ер нь уралдааны амжилтаас илүүтэйгээр оролцох нь чухал гэж мэргэжлийнхэн ярьдаг. Энэ уралдаан уран бүтээлчийнх нь хувьд Ичинхоролыг хэр нээв. Өмнө нь хэд хэдэн уралдаанд оролцож байсан гэл үү?
-Уралдааны үеэр олон зүйл мэдэрсэн. Мөн дараа нь шүүгчийн бүрэлдэхүүнд багтсан мундаг хөгжимчид хүүхдүүдэд мастер классхичээл орсон. Тэндээс бас их зүйл сурлаа. Би өнгөрсөн жил Америкт “Крешендо” уралдаанд орж, тэргүүн байрт шалгарсан. Ж.Чулууны нэрэмжит уралдаанд 2009, 2011 онд оролцож байсан.
-Саяын уралдаанд сандрав уу. Ер нь бэлтгэл, сургуулилалтын үеийн гүйцэтгэлдээ хүрч хөгжимдсөн үү? Хөгжимчин хүн тамирчин шиг сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой гэдэг дээ.
-Ер нь хөгжимчид өөрийн санасандаа хүрч 100 хувь илэрхийлж чаддаггүй байх. Сандарсан, ядарсан гэхчлэн тухайн үеийн нөхцөл ч үүнд нөлөөтэй. Миний хувьд бэлдсэн хэрээрээ, сандралгүй гайгүй тоглосон гэж бодож байгаа.
-ХБК-д одоогийн байдлаар контрабасын ангид эмэгтэй хүүхэд хэд байна вэ. Ер нь чи яагаад энэ хөгжмийг сонгосон юм бэ?
-Надаас гадна нэг охин бага ангид сурч байгаа. Би 2008 онд ХБК-д шалгалт өгөөд, тэнцсэн. Уг нь ятгын анги сонгохыг хүссэн ч элсэлт нь дуусчихсан байсан. Тэгж яваад Баасанх үү багштайгаа тааралдаад контрабасын ангийг сонгосон. Энэ хөгжмийн талаар мэддэгг үй байсан болоод тэр үү, анх хараад жаахан эргэлзсэн. Ийм том хөгжмийг барах болов уу гэж. Тэгсэн ч угаасаа хөгжимчин болох сэтгэлдээ дийлдсэн.
-Контрабас сурахад юу анхаарах хэрэгтэй вэ?
-Аливаа зүйл сурахад багшийн үг, зөвлөгөө их чухал. Дээрээс нь өөрөө хичээж, зүтгэх нь зайлшгүй. Тэгээд уйгагүй давтах л хэрэгтэй.
-Уралдаанд бэлтгэж байхдаа өдөрт хэдэн цаг хөгжимтэйгөө “ноцолддог” байв?
-8-12 цаг тасралтгүй бэлдэж байсан. Багшийнхаа зусланд зунжин бэлдсэн. Жирийн өдрүүдэд ч бэлтгэл хийхгүй өнжих нь үгүй. Тэгж байж л хөгжимчин болно.
-Хөгжимчин, бүжигчин болох замаасаа шантраад буцсан хүн цөөнгүй байдаг. Нэлээд тэвчээртэй, гүрийж байж л урлагийн ертөнцөд хөл тавьдаг. Ичинхорол шантраад, уйлж байв уу?
-Багадаа ер нь уйлж байгаагүй. Арваннэгдүгээр ангид орсноосоо хойш хааяа уйлдаг болсон.
-Хариуцлага гэдэг зүйлийг мэдэрч, ухамсарлаж байгаагийн илрэл нь нулимс байх.
-Харин тийм. 2014 онд Орос руу уралдаанд явахаар бэлтгэж байхдаа нэг их уйлсан. Давтаад байхад ерөөсөө болж өгөхгүй, хар аяндаа нулимс гараад, жаахан шантарсан тохиолдол бий.
-Хөгжим сэтгэлтэй холбоотой гэдэг. Эзэн нь айж, бухимдаад байхаар контрабас дагаад “сандарсан” юм байлгүй дээ?
-Нээрэн, сэтгэл дагадаг шүү.
-Чиний хувьд энэ хөгжим ямар учир утгатай вэ. Амьтантай зүйрлэвэл “хэн” байх бол?
-Контрабасыг би хүнтэй зүйрлэнэ.
Л.БААСАНХҮҮ: МОНГОЛД КОНТРАБАСЫН СУРГАЛТ ДЭЛХИЙ, ЕВРОПЫН ТҮВШИНД ХҮРЧЭЭ
Г.Ичинхоролыг “амлан авсан”, ХБК-ийн контрабасын багш Л.Баасанхүүгээс хэдэн зүйл тодрууллаа.
-Контрабас хөгжим охидод хэр зохимжтой бол. Дэлхийн жишгийг харахад голдуу л эрчүүд энэ хөгжимтэй “ноцолддог” юм билээ.
-Бие бялдрын хувьд эмэгтэй хүн эхэндээ жаахан хүч султай байдаг ч зэмсгээ эзэмшээд ирэхээр ерөнхийдөө жигдэрдэг. Хамгийн гол нь тоглох техникээс шалтгаалдаг учраас эрэгтэй, эмэгтэй гэлтгүй тохиромжтой шүү дээ. Сүүлийн үед охид контрабасыг их сонирхох болсон. Саяын уралдаанаас харахад Монголд контрабасын сургалт дэлхий, Европын түвшин хүрчээ.
-ХБК-ийг энэ зэмсгээр мэргэшин төгссөн эмэгтэй хөгжимчин хэд байдаг бол?
-Ичинхоролоос өмнө гурван охин төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа.
-Та 30 гаруй жил энэ мэргэжлээр багшилжээ. Ер нь энэ хөгжмийн гарал үүсэл, хөгжлийн талаар товчхон танилцуулна уу?
-Контрабас бол утсан хөгжмийн хөгжлийн явцад бий болсон зэмсэг. Хийл, эрдүү хийл, виолончель гэхчлэн явсаар XVI зууны эцэс гэхэд хэрэгцээгээ даган арай бүдүүн дуугарах зэмсэг бодож олсон нь энэ юм. Алдартай хөгжмийн зохиолчид контрабасыг оркестрын суурь хөгжмөөр ашигладаг байжээ. Өдгөө бүр гоцлоочийн хэмжээнд ч тоглох боломжтой зэмсэг шүү дээ. Эхэн үедээ гурван утастай байж. Хөгжлийн явцад дөрөв, таван утастай болж, нэлээд боловсронгуй болсон гэж үздэг. Жааз, оркестр гэхчлэн ер нь бүх төрөлд зохистой зэмсэг.
-Симфони найралд энэ зэмсгийн хөг аялгуу хамгийн чухал гэдэг. Ер нь яг ямар үүрэгтэй вэ?
-Тухайн зохиол бүтээлийн үндсэн суурь нь контрабас болдог. Барилгын суурьтай зүйрлэнэ.
-Хийлийг Монголдоо урладаг болсон. Энэ зэмсгийг хийдэг болов уу. Ер нь ХБК контрабасаа хаанаас авдаг вэ?
-Монголд нэг контрабас хийсэн, дажгүй болсон. Гэхдээ үйлдвэрлэх хэмжээнд хүрээгүй байх. Манай сургууль голдуу гадаадаас л авдаг байх.
-Эл хөгжмөөр хичээллэх хүсэлтэй хүүхдүүд юунд анхаарах ёстой вэ. Зарим зэмсгийн хувьд гар, хуруу урт байна гэхчлэн шаардлага тавьдаг юм билээ.
-Бараг хоёр метр шахуу өндөр, том зэмсэг учраас бие бялдрын хувьд бадриун, бүдүүн хуруутай хүүхэд байвал зүгээр л дээ. Ер нь тийм шаардлага тавьдаг.
-Овор ихтэй эл хөгжим дунджаар хэдэн кг бол?
-Дээхнэ үеийн контрабас нэлээд жин татдаг байсан. Сүүлийн үеийнх нь дунджаар 10 гаруй кг л байгаа.
-Хөгжимчин болохоор сурч байгаа хүүхдүүд өөрийн гэсэн хөгжимтэй байдаг. Тэгэхээр нэг контрабас хэр үнэтэй вэ?
-Гадаадад бол мастер хөгжим нь 30 орчим сая төгрөгөөр үнэлэгддэг. Суралцагчдын хувьд эхлээд жирийн зэмсэг нь дээр л дээ. Тэр нь ойролцоогоор 10 гаруй сая төгрөг байгаа шүү.
-Олон улсын уралдаанд явахад эдийн засгийн бололцоо, нөхцөл гэж хүндрэлтэй тал байдаг тухай эцэг эх, хүүхдүүд ярьдаг. Та хоёр хаанаас ивээн тэтгэгч олов?
-Манай Ичинхоролын аав, ээж хүүхдийнхээ урлагийн замналд хэрэгтэй бүхнийг нь бэлдэж, санаа тавьдаг. Тэр утгаараа аав, ээж нь бүх зардлыг гаргасан. Ер нь ивээн тэтгэгч олно гэдэг хүнд асуудал юм шиг байна лээ. Тэгээд ч хийл, төгөлдөр хуур гэхээр бага зэрэг ойлгож, мэддэг. Контрабасыг ер нь тоохгүй, мэдэхгүй байх шиг.