“Морьтон” энтертайнмент, “Борн фильм” студийн хамтын бүтээл “Бохир ертөнц” кино саяхан Азийн Холливуд гэгддэг Хонконгод нээлтээ хийсэн. Энэ үеэр “Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг тус киноны дуу “Энэ бол хайр”-ыг дуулсан нь алдартай мэргэжилтнүүдэд таалагдаж, хамтран ажиллах санал хүлээн авчээ. Энэ талаар Г.Эрдэнэбилэгээс утсаар тодрууллаа.
-Хятад нэрийг нь сайн мэдэхгүй юм. Бөөрөнхий гэгддэг театрт нь “Бохир ертөнц” кино нээлтээ хийж, Хонконг, Хятад, Өвөрмонголын урлагийнхан ирсэн. Сингапур, Хонконг, БНСУ, БНХАУ, Японд энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Tin Kiu” компанийн захирал Моу Жи Жиан, дэд захирал Чан Чи Хун нарын хөгжмийн профессор “Энэ бол хайр” дууг өндрөөр үнэлж, дээрх улсуудад түгээхээр болж, цаашид хамтран ажиллах талаар ярьсан. “Бохир ертөнц” кино ирэх 23-нд Монголд нээлтээ хийхэд тэд ирнэ. Энэ үед хамтран ажиллах тухай албан ёсоор ярилцах байх. Хөгжмийн профессор гэснийг продюсертэй зарим хүн андуурч байна. Продюсер бол үйлдвэрлэгч, гүйцэтгэлийн ажил хийдэг бол профессор гэж хөгжмийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж, зэрэг цол хамгаалсан хүнийг хэлдэг. Надад санал тавьсан профессорууд улсынхаа хөгжмийн салбарт тэргүүлэх байр суурьтай юм билээ.
-“Бохир ертөнц” өөр улсад нээлтээ хийх болов уу?
-Энэ нээлтэд ирсэн Азийн хэд хэдэн улсын төлөөлөгч монгол киног сонирхсон. “Бохир ертөнц” киноны нээлтийг улс орондоо зохион байгуулж, цаашид монгол кино уран бүтээлчидтэй холбоо харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна лээ.
-Танай хамтлаг олз, омог ихтэй юү?
-2006 оноос “Анддаа”, “Үг”, “Хайрлая”, “Гандан буурахгүй”, “Чамгүйгээр”, “Амьдралд тавтай морил” зэрэг дуу хийж, “Дижитал” цомгоо гаргахаар төлөвлөсөн ч бүтэхгүй явсаар энэ онтой золголоо. 10 жилийн хугацаанд хийсэн “Дижитал” цомгоо сонсогчдод одоо л хүргэхээр Хонконг руу хэвлүүлэхээр явуулсан. Миний шинэ цомгийн бичлэг удахгүй дуусна. Өнөө маргаашгүй цомгийнхоо дөрөв дэх клипийг хийнэ.
-Тэгвэл удахгүй тоглолт хийх бололтой.
-Энэ онд тоглолт хийх худлаа. Ирэх онд болох байх.