Ганц мод гал болохгүй Ганц хүн айл болохгүй гэдэг. Гэхдээ ганц хүний идэвх, санаачилга байхад бусдын дэмжлэгээр уулыг өргөж, усыг эргүүлэхээс наахна үйл бүтээх боломж бий. Зураач Р.Батцэнгэл археологич, түүхч, зохиолч зэрэг нэг зорилго дор санаа нэгдсэн эрхмүүдтэй хамтран монголчуудынхаа хандив, дэмжлэгээр “Чингис хаан” анимейшн бүтээхээр зориг шулуудсан нэгэн. “Хэзээ манай улс хөгжинө дөө” гэж толгойгоо салаавчлаад хэвтэхийн оронд түүн шиг зүтгэдэг хүн илүү олон болоосой. “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангийн тэргүүн Р.Батцэнгэлтэй ярилцсанаа хүргэе.
-“Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангаа хэзээ байгуулсан бэ?
-“Монголын нууц товчоог дэлхийд түгээе” төсөл санаачилж байснаа илүү том хүрээтэй, үр дүнтэй үйл ажиллагаа болгох зорилгоор өнгөрсөн Үндэсний их баяр наадмын үеэр сан байгуулж, “Монголын нууц товчоо түгээмэл эх” зурагт номынхоо хоёр дэвтрийг хэвл үүлсэн. Үлдсэн нэгийг нь арванхо ёрдугаар сард гаргахаар төлөвл өж байна. Гурав дахь нь өмнөх хоёр дэвтрээсээ санхүүжих ёстой байсан. Манай зах зээл жижиг учир өмнөх дэвтрүүдээсээ санх үүжиж чадахг үй байгаа. Сүүлийн дэвтрээ дуусгаад гурвууланг нь урд хөршид хятад, англи хэлнээ хэвлүүлнэ. Одоо Хятадад хэвлүүлэх гэрээнийхээ мөнгөөр гурав дахиа санхүүжүүлж байна.
-“Монголын нууц товчоо”-г монголч эрдэмтэд тус тусын хэлнээ хөрвүүлсэн нь бий. Монголч эрдэмтэдтэй хамтарч энэ зурагт номоо гадаадын бусад улсад хэвлүүлэх бодол бий юү?
-Японы хамгийн нэр хүндтэй монголч эрдэмтэн Ш.Озаватай холбоо тогтоосон. Тэрбээр “Монголын нууц товчоо”-г хятад ханзаар галигласан эхээс нь орчуулсан юм билээ. Тэр орчуулгатай нь энэ номоо гаргахаар ярилцаж буй. “Монголын нууц товчоо”-г орчуулсан Өргөнгөө Онон, Игор де Рахевилц нарын хувилбарыг дэлхий даяар өргөн ашигладаг юм билээ. Гэхдээ хангалттай сайн орчуулж чадаагүй. Игор де Рахевилц гэхэд эхний бүлэгт Бөртэ чоно гэдгийг чоно гэдэг утгаар ойлгож бичсэн. Бид өөрсдөө англи хэл рүү орчуулж байгаа. Нэгэнт энэ ажлыг эхлүүлснийх илүү сайн орчуулах гэж хичээж явна. Дууслаа гэж бодтол дахиж засварлах зүйлс гарч ирээд л байна.
-“Монголын нууц товчоо”-г кодтой зохиол гэдэг. Энэ бүтээлийг олон жил судалж буйн хувьд танд өвөрмөц тайлал бий юү?
-Нууц гэдэг нэрнээс нь болж нууцалсан гэж хүмүүс бодож, нууцалсан учир далд утгатай гэж ойлгоод байгаа юм болов уу гэж би таамагладаг. Манай ургийн бичгийг хөтөлдөг өвөө өнгөрсөн сар шинийн баяраар зочлоход нь түүнтэй үүх түүх ярилаа. Тэрбээр ургийн бичгийг сүлжээ болон шастир гэсэн хоёр янзаар хөтөлдөг тухай хэлсэн. Шастир хэлбэрийн ургийн бичигт энэ хүний сайн муу тал нь тэр, ийм өвчин туссан, тийм шалтгаанаар тэнгэрт хальсан, ийм тийм үйл явдал болсон гэж бичдэг аж. Өөрөөр хэлбэл, манай удмынхан ихэвчлэн зүрх нь хаагдаж, эсвэл нарийнтаж өөд болсон, ийм зангаасаа болж буруудсан гэх зэргээр үр удамдаа сургамж болгох зорилгоор бичдэг байж. Тийм нарийн ширийнийг дурддаг тул ургийн бичгийг гаднын хүнд үзүүлэлгүй нууцалж, өвлүүлэхдээ хүртэл тухайн хүний болон эхнэр хүүхдийнх нь байр байдлыг харгалзан сонгодог байсан гэнэ. Тиймээс “Монголын нууц товчоо”-г алтан ургийнхны шастир хэлбэрээр бичсэн ургийн бичиг гэж би ойлгодог. “Монголын нууц товчоо”-нд эхнээсээ дуустал эв нэгдлийг л сургадаг шүү дээ. Өүлэн эх эв нэгдэлтэй байхыг давтан давтан хэлж байна.
-Зурахдаа ямар судалгаа хийсэн бэ. Судалгааны явцад олж мэдсэнээсээ хуваалцахгүй юу?
-Би “Монголын нууц товчоо”-г дөрөвдүгээр ангиасаа хойш буюу 29 дэх жилдээ зурж байна. Тухайн үед Чингис хааны тухай ярих хориотой, ойлголт бүдэг байсан болохоор Бөртэ чоно, Гуа маралыг зурсан. 1999 оноос түүхч, археологичидтой харилцаж, 2008 оноос номынхоо зургийг зурж эхэлснээс хойш гүнзгий мэдлэг хуримтлуулж байна. Тухайлбал, монгол малгайн үндсэн нэг хэлбэр байдгаас бусад загвар гарсан юм билээ. Чингис хааны өмссөнөөр дүрслэгддэг харцага малгай хоёр талдаа шилэвчтэй. Малчид салхи, жавартай хүнд нөхцөлд ажилладаг учир шилэвчийг нь буулгаж зангиддагаас бас нэг хэлбэр үүссэн. Язгууртуудынх арай хээнцэр учир доошлуулах шаардлагагүй шүү дээ. Хожим хүрээний үед дээш шовойлгодог болж хэлбэр нь жаахан өөрчлөгдсөн.
-Таны энэ номын зурагт хатдын дээлний хормой даашинзных шиг дэрэвгэр юм.
-Малтлагаар олдсон язгууртнуудын дээл харсан хүмүүс солонгос үндэсний хувцас юм биш үү, урт хормойтой бол үнээгээ яаж саах вэ дээ, үхрийн баас болчихгүй юу гэх зэргээр ярьж, гайхдаг. Тухайн цаг үеийн нийгмийн байдлын талаарх бидний баримжаа буруу байгаагаас болж язгууртнуудынхаа хүч чадалд итгэлгүй хандаад байна. Тухайн үеийн язгууртнууд Хятадын “Чингис хаан” кинон дээрх шиг хэдхэн гэртэй, ноорхой улс байгаагүй. Тэр үеийн язгууртнууд олон албаттай, тэр хэмжээгээрээ эрх ямбатай байсан. Яг л европ язгууртнуудынхтай адил хатдын хормойг шивэгчид барьдаг байж. Гоо ван Мухулайн урилгаар ирсэн хятад элчийн тэмдэглэлд “Хатдын бортгон малгай дээрээ өдтэй. Сүйх тэргэнд суух гэхээр малгай нь тулж, өдөө шивэгчиндээ бариулдаг” гэж бичсэн байдаг. Гэхдээ дээл хувцасны талаар нарийн ярих гэхээр мэдээлэл хангалтгүй. Олдсон хэдэн дээлээр ийм байсан гэж шууд дүгнэх боломжгүй. Тэр үеийн малчны, ямбаны, ан ав, дайн тулааны дээл олон янз. Манай садангийн эмээ баян айлын бэр байсан юм. Өдөр бүр түүнд эхнэр хувцсыг иж бүрнээр нь өмсгөдөг, тайлья гэхээр хүн ороод ирнэ гээд зөвшөөрдөггүй, хар бор ажил хийлгэдэггүй байсан гэдэг. Бид наранд гандсан царайтай хатдаар ихэс дээдсийг төсөөлдөг. Мал хөрөнгөө хураалгасан язгууртнууд л тийм байдалтай амьдарч байсан байхгүй юу.
-Таны ажигласнаар “Монголын нууц товчоо түгээмэл эх”-ийг голчлон ямар насны хүмүүс худалдан авч байна вэ?
-Эмээ, өвөө нар их идэвхтэй. Төрийн түүхийн музейд номынхоо зургаар үзэсгэлэн гаргана гэж зурагтаар ярьтал онгойгоогүй байхад нь эмээ өвөө нар ирсэн байх жишээтэй. Настнууд амьдралын утга учрын талаар ойлголттой болсон байдаг. Ялангуяа эмээ нар хүүхэдтэй илүү ойр байдаг тул тэдний амьдралд юу хэрэг болох, юуг мэдэх ёстой вэ гэдгийг ухаарсан байдагтай энэ номыг идэвхтэй худалдаж авч буй нь холбоотой болов уу.
-Танай сан “Чингис хаан” анимейшн бүтээхээр ажиллаж буй тухай дуулсан. Монголд хүүхэлдэйн кино бүтээх урлаг тасраад 20 гаруй жил болж буй. Анимейшн чиглэлээр ажилладаг уран бүтээлч цөөн байгаа нь туршлагагүй. Энэ анимейшнээ бүтээх багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?
-Хүүхэлдэйн кино бүтээх ажил тасарсан нь үнэн ч болохгүй зүйлгүй. Би 2010 онд анимейшн хийх боломж хайж, цөөн дүртэй бүрэн хэмжээний зохиол бичиж, оролдож үзсэн. Тэр үед цаг хүнд, анимейшний тухай хүмүүсийн ойлголт тааруу байснаас болоод ч тэр үү, дэмжлэг авч чадаагүй. Одоо ч сэргээсэн болохоор төсөл бий. Тэгж явахдаа Монголын түүх, соёлын нэвтэрхий толь болсон “Монголын нууц товчоо”-гоор анимейшн хийх зайлшгүй шаардлагатайг ойлгосон. -Чингис хааны тухай кино дэлхийн хэд хэдэн улс хийсэн. Анимейшн хэлбэрийн бүтээл байдаг, эсэхийг судалсан уу? -Италичууд 10 жилийн өмнө хийж байсан юм билээ. Гэхдээ тэр нь тааруухан, зурмал 2D хүүхэлдэйн кино. Бид “Пиксар”-ын хүүхэлдэйн кинонуудын энд хүрэхээр 3D анимейшн хийхээр хичээж байна.
-“Пиксар” анимейшнийхээ нэг секундийг дунджаар 16 мянган ам.доллараар үнэлдэг юм билээ. Та нар хэд орчим төгрөгт босгох вэ?
-80 гаруй сая ам.доллараар бүтээснээ секундэд нь хуваахад тиймэрхүү өндөр тоо гарч байгаа юм. Найруулагч, продюсер, дуу оруулж буй одод зарлагынх нь ихэнхийг зулгаачихдаг юм. Мэдээж тийм өндөр түвшний кино хийдэг тусгай мэргэжилтнүүд өндөр цалин авна. Бид зураачдынхаа хөлсийг хамгийн боломжтой хувилбараар бодож байна. Манай уран бүтээлчдэд мэдлэг боловсрол байгаа ч амьдрал дээр чадвар нь баталгаажаагүй учир анимейшн хийж чадах, эсэх нь эрсдэлтэй. Тиймээс гадаадынхантай, тэгэхдээ заавал өндөр өртөг нэхэхгүй Азийнхаа мэргэжилтнүүдтэй хамтарна. Тухайлбал, өвөрмонголчууд, Бээжин, Шанхайн кино академийнхантай хамтрах боломж байна. Тэднийг оролцуулбал манай уран бүтээлчид туршлагажиж, дараагийн төсөлд хүний гар харахааргүй болно. Бидний хамтрах санал тавьсан өвөрмонгол студиуд “Монголын нууц товчоо”-ны агуулгаар бүтээл хийж туршсан байсан. Манай улс ичих ёстой юм билээ. Өвөрмонголд бүтээсэн дөрвөн минутын 30 ангитай түүхэн хүүхэлдэйн киног жирийн цэцэрлэг санхүүжүүлсэн байна лээ. Би гайхаж, “Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан байгууллагаас санхүүжүүлсэн байх” гэтэл монгол хүүхдүүдэд ёс заншил, түүхийг нь мэдүүлэх сургалтын материалын зорилгоор яах аргагүй цэцэрлэгээс хөрөнгө оруулсан байсан. Өвөрмонголчуудад мөнгө, чадварлаг мэргэжилтнүүд байгаа ч цэвэр монгол дүр төрх, соёл уламжлалаа дүрсэлж чадахгүй байна. Тиймээс л бидэнтэй хамтрах хэрэгцээ бий. Манай уран бүтээлчдэд том санаа байдаг ч түүнийгээ хэрэгжүүлэх зориг, тэвчээр тааруу. Хонгилын үзүүрт гэрэл харагдахгүйгээс болж бодсоныхоо төлөө дайчин, махруу тэмцэж, амьдралаа золиосолж чаддаггүй байх. Төр засаг рок поп урлагийг анхаарч дэмжихгүй байна гэж шүүмжлэхийг дуулаад инээд хүрдэг. Төр засагт поп урлаг ямар хамаа байна вэ. Ардын уламжлалт урлаг, түүх соёлд л анхаарах ёстой.
-Чингис хааны түүхийг дэлхий нийт хэр сонирхох бол. Та анимейшнийхээ үр дүнг хэрхэн төсөөлж байна вэ?
-Гайхамшигтай үр дүнг хамгийн түрүүнд гурван сая монголчуудаасаа авахын тулд хүсэн хүлээсэн хүүхэлдэйн киног нь бүтээх хэрэгтэй. Үүний дараа Чингис хааны туган дор нэгдэж байсан эсгий туургатан улсуудын зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Цаашлаад Хятад, Япон, Америк зэрэг том зах зээлтэй улсад гаргаж болно. Маркетингийн хамгийн гол асуудал нь дистрибьютерээ сонгох. Олон анимейшн “Уорнер бразерс” үзүүлж байна гэж эхэлдэг шүү дээ. Энэ нь тухайн бүтээлийг тус компани бүтээсэн гэсэн үг биш. Ямар нэг студи дистрибьютерээрээ “Уорнер брозерс”-ийг сонгож, сүлжээгээр нь борлуулсан гэсэн үг. Гэхдээ бидний төсөл цэвэр арилжааных биш. Арилжааных болговол хамтран ажиллах компаниуд Чингис хааныг энэ өнцгөөс харуулбал америкчууд сонирхоно, тэгж үзүүлбэл оросууд дургүйцнэ гэж төрөл бүрийн нөхцөл тавина.
-Энэ анимейшндээ “Монголын нууц товчоо”-ны үйл явдлыг чимэг хачиргүй өгүүлэх үү, эсвэл сонирхолтой өгүүлэмжүүд оруулах уу?
-“Монголын нууц товчоо”-ны өгүүлэмжээс хазайлгүй, үйл явдлыг уран сайхны аргаар сонирхолтойгоор үзүүлнэ.
-Тухайн үеийн хүмүүсийн төрхийг төсөөллөөрөө бий болгоно байх. Таньдаг хүмүүсийнхээ ч юм уу, олны танилуудын төрхөөс санаа авсан уу. Тухайлбал, энэ ном дээрх нэг баатар Түвшинбаяр аваргатай төстэй юм. -Зарим хүн хараад “Энэ манай ахтай адилхан юм, тэр Хөвсгөлийн начинтай төстэй юм. Тэрийг зурсан уу” гэдэг. Чингис хааны тухай кино хийх боллоо гэхэд хэнийг тоглуулах вэ. Гайхамшигтай жүжигчин сонголоо ч гэсэн түүнийг хүмүүс Чингис хаан гэж хүлээн авахгүй. Харин анимейшнд хүмүүсийн нийтлэг дүр бүтээж болдгоороо гайхамшигтай. Анимейшний бүх зүйл хүний уран сэтгэмжээс бий болдог. Кинонд хэдий уран сайхны аргаар үзүүлдэг ч ихэнх нь бодит зүйл.
-Хэрвээ танд өнгөрсөн үе рүү аялж, Чингис хаантай уулзах хувь тохиовол юу асуух вэ?
-Асуухыг хүссэн юм хэтэрхий олон байна. Дэлхийг тохинуулах итгэл үнэмшил хэрхэн бий болсныг нь хамгийн түрүүнд асууна даа. Би сүүлийн үед бөөгийн онгодоос асуудаг судалгааны шинэ аргатай болсон. Уг нь итгэдэггүй байсан юм. Тэгээд ураг удамдаа л зөвхөн үйлчилдэг, өөр хүмүүс ирвэл дургүйцдэг, Чингис хааны шадар хүмүүсийн сүнс гэгдэх онгодын талаар дуулж очоод, итгэсэн. Улаач нь мэдэхээргүй, түүхэн судалгаатай холбоотой юм асуухад мэдэж байсан. “Монголын нууц товчоо”-нд дүрслэгдээгүй биет зүйлүүдийн талаар их асуудаг. Тухайлбал, Дай сэцэний үгэнд Хиад боржигоны сүлд цагаан шонхор байсан тухай дурддагийг нарийн асууж тодруулсан. Шинжлэх ухаанчдын хувьд байж боломгүй тэнэглэл байх. Харин би урлаг бүтээж буй учир тэр зэргийн судалгаа хийхэд харшлахгүй.
-Та “Марко Поло” цувралын зураачдын ажилд ямар дүн тавих вэ?
-Үнэхээр хэрэг алга. Монгол зураачид нь өөрсдөө хийж чадахгүй байхад гадаад уран бүтээлчид бидний соёл, уламжлалын тухай мэдэхгүй байх нь арга үгүй шүү дээ. Археологийн олдвор илрүүлээд байхад л монгол зураачид ашигладаггүйг нь гайхдаг. “Зурсан малгай чинь биетээрээ олдоод, Төрийн түүхийн музейд байна лээ” гэхэд “Харсан, харсан” гээд хэрэгсдэггүй. Дан уран сэтгэмжээр хийгээд байвал хүний ой ухаан, сэтгэлд хүрэхгүй. Судалгаа гэдэг өнгө, дүрс биш. Тухайн үеийн нийгмийн байгуулал, ахуй амьдралын нөхцлийг бүрэн ойлгохгүй, өнөөгийн малчдын амьдралаар төсөөлөөд зурчихна. С.Бодровын “Монгол” кинонд урцанд амьдардаг хэдэн хүн байлдаад л байдаг. Монгол уламжлал байтугай тэр үеийн үс гэзэг, хувцас хунарын “үнэр” ч байгаагүй. Уг нь алдаршаад буй Даши Намдаков зураач ажилласан юм билээ. Тува, халимагууд нь оросжоод, өвөрмонголчууд хятаджаад байгаа хойно арга ч үгүй биз.
-Түүхэн сэдэвт зургаар дагнадгийн хувьд бусад зураачаас юугаараа ялгаатай вэ?
-Маш их цаг зарцуулдаг. Уг нь өдөрт нэг зураг үйлдвэрлээд байвал илүү зугаатай байх. Найман жил хөдөлмөрлөсний дүнд ийм үр дүн гарч, өнөөдөр жаахан ярьж байна. Долоон жилийн турш өрөөний мухарт сууж “Хүнд хэрэгтэй зүйл хийж байгаа. Үүнийг хийснээр ийм ач холбогдолтой” гэж өдөр бүр өөртөө итгүүлнэ гэдэг хэцүү. -Өөр төрлөөр зурдаг уу? -Багадаа Пикассо, Сальвадор Дали, Марк Шагал нарыг дуурайж, зүсэн зүйлээр зурж туршсан. Явсаар түүхэн сэдвээр зурдаг боллоо. Дүрслэх урлаг 100 жилийн өмнөх гялалзаж явсан үетэйгээ өдгөө адилгүй. Хүн төрөлхтний анхаарлын төвөөс уран зураг холдож, кино урлаг, энтертайнмент орыг нь залгажээ. Зураг зурах нь энэ цаг үед утга учиргүй. Ганц утга учир нь ерөөсөө л түүхэн сэдэв. Түүхийн талаар бичээд л байдаг. Үүнийг дүрслэн буулгах шаардлага бий.
-“Нирун фильм” студийн Р.Батсайхан таны ах юм билээ. Анимейшн хийх ажилд нь дэм болж байна уу?
-1989 оноос хойш манай гэр урлагийнхны оромж болсон. Батсайхан ах хүүхэлдэйн киноны зураач, бага ах Бат-Эрдэнэ хөгжмийн зохиолч болоход манайхаар зураач, найруулагч, яруу найрагч, хөгжимчид тасрахаа больсон. Байнга урлаг ярина. Грэммийн шагнал гардуулах ёслол ингэж болдог, кино тэгж хийдэг гэж тухайн үедээ цоо шинэ, өнөө үед энгийн явдал мэт ярьдаг зүйлсийн талаар ам булаалддаг байлаа. Бид эхээс есүүлээ. Хоёр том нь тухайн үеийн амьдралын боломжоос шалтгаалж хүссэн их, дээд сургуульдаа орж дуртай замаараа явж чадаагүй. Нэг эгч минь социализмын үед Орост гэрэл зурагчнаар суралцсан, манай дүү бүжигчин. Нэг дүү хөгжмийн зохиолч болно гэдэг байсан ч Бат-Эрдэнэ ах болиулсан. Манай эмээгийн ээж нутагтаа уран Дунжаа нэрээр алдартай бурхан урладаг, ихэс дээдсийн хувцас оёдог авьяастай хүн байсан нь биднийг урлагтай холбогдоход нөлөөлсөн байх.
-Дөрөвдүгээр ангидаа Бөртэ чоно, Гуа марал зурсан гэхээр багаасаа л зураач болохоор шийдсэн бололтой.
-“Огонёк”, “Спутник” сэтгүүлд нийтэлдэг дэлхийн алдартай зургуудыг багадаа цуглуулдаг байлаа. Намайг дөрөвдүгээр ангид ороход том ах СУИС-д элссэн нь цаг хугацаааны хувьд гоё тохироо. Усан болон тосон будаг, модон болон хулдаасан барын аргаар урлах, баримал барих зэргийг нь хараад дагаж хийдэг байсан. Гэхдээ зураач болно гэж бодож байсангүй. Дунд сургуулийн уйтгарт амьдралаас хамгийн хурдан салах зам нь Дүрслэх урлагийн дунд сургуульд орох явдал байсан.
-“Чингис хаан” анимейшнээ хэзээ бэлэн болгох вэ. Энэ ажлынхаа ард гарсны дараа өөр түүхүүдийг хүүхэлдэйн кино болгохоор төлөвлөж байна уу?
-2017 оны дөрөвдүгээр улиралд нээлтээ хийх байх. Энэ нас, бие хүрэлцэж, боломж олддог юм бол надад хийхийг хүссэн зүйлээс их юм алга.