Цохивор хөгжмийн чуулгын аялгуу танхим дүүргэн нүргэлж Олон улсын залуу циркчдийн анхдугаар наадмыг нээлээ. Уртын дууны шуранхай, морин хуурын аялгуу, монгол бүжгийн гайхамшигаар эхэлсэн энэ тоглолтыг ХБК-ийн Циркийн тэнхмийн эрхлэгч Ю.Гэрэлбаатар найруулжээ.
Дэлхийд гайхагддаг уран нугараачдынхаа төлөөлөл болгон Төрийн шагналт, ардын жүжигчин Б.Норовсамбуугийн шавь нарыг манежинд урьснаар тэмцээний эхний өрсөлдөгчтэй үзэгчид танилцав. Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа Олон улсын циркчдийн тэмцээний ерөнхий шүүгч нь Ю.Гэрэлбаатар бөгөөд тэрбээр Швейцарь, орос, вьетнам, турк шүүгчдийн хамт үнэлэлт, дүгнэлт өгөх юм.
Улаан малгайгаа шидлэн үзэгчдийг байлдан дагуулсан жүжигчнийг Тран Нгок Бао гэдэг. Вьетнамын циркийн урлагийн түүх харьцангуй нимгэн ч жүжигчид нь ур чадвараа богино хугацаанд ахиулсныг энэ тоглолтоос олж мэдэв. Түүнтэй хамт эл наадмыг зорин ирсэн сул шаттай тэнцвэрчин Нгуэн Мин Тиен ч бас үзэгчдийг алмайруулж чадсан. Шатнаасаа хальт гишгэн унах гэж жүжиглэхэд нь үзэгчид түүний өмнө уулга алдан сандрахыг хараад жүжигчин залуу инээд алдан ёсолж байна билээ.
Олон улсын циркчдийн тэмцээнд Буриад болон Швейцарийн жүжигчид агаарын гимнастикаар оролцсон. Тэдний хамгаалалтгүй хийсэн зарим трюк анхаарал татаж байсан. Ялангуяа Швейцарийн “Star lights” циркийн Жессика Кайзер эмэгтэй хүнд баймгүй чадал, тэнхээ, тэвчээр гаргаж чадсан. Трапец буюу агаарын дүүжин дээр хоёр бүсгүй ямар ч хамгаалалтгүй гимнастикийн олон төрлийн хөдөлгөөн хийсэн.
Харамсалтай нь Монголын цирк агаарын үзүүлбэр тоглоход зориулсан татагч байдаггүй юм билээ. Жүжигчин залуус хоёр бүсгүйг агаарт өргөх гээд олсны үзүүрээр татаж байгаа нь үзэгчдэд ил харагдаад байсан. Угтаа бол мотортой тусгай төхөөрөмжөөс ийм татлага хийх ёстой.
ОХУ-ын гавьяат жүжигчин, алиалагч Ян Полев үзэгчдийг хоёр хэсэгт хувааж, сонсголыг нь шалгаад амжлаа. Азаар энэ өдрийн циркийн үзэгчид сонсгол сайтай, идэвхитэй байсныг дурдах нь зүй. Тэд удирдаач, алиалагч Яны үгэнд орж тун хэцүү “аялгуу”-г алга ташилтаараа “тоглосон”. Бас орос алиалагч маань таван монгол залууг тайзан дээр циркчин болгочихно билээ. Тавууланг нь сандал дээр суулгаад, бие биеийг нь түшүүлж унагахааргүй болгосон хойноо сандлаа сугалж авсаар тэднийг “авьяас”-ыг гайхуулсан.
Казахстаны жүжигчний хэрчимтэй тэнцвэр, хөөсөөр тоглосон үзүүлбэр сонирхолтой байлаа.
Энэ тоглолтын хамгийн онцгой үзүүлбэр нь “X roses” студийн есөн хос уран нугараачийн “X snakes” байв. Тэд өмнө нь огт харж байгаагүй сонин содон хөдөлгөөн, өвөрмөц хувцаслалт, ион гэрэлд тодрох нүүрний будалт, цэвэр гүйцэтгэлээрээ өндөр үнэлгээ авахаар байв. Монголын уран нугараачдаас хамгийн олон уралдаанд оролцож, амжилт гаргасан залуу жүжигчид тэд байв. БНХАУ-ын Учаод болсон циркчдийн тэмцээнээс гурван удаа хүрэл цом хүртэж, Монте карло, Ватиканд ур чадвараа үнэлүүлчихсэн тэдний тоглолт ийм байхаас ч өөр яах билээ.
Харин өчигдөр шагналтнуудыг тодруулах арга хэмжээ болж эцсийн дүн гарлаа. Монгол Улсад анх удаа өрнө, дорнын циркийн мэргэжлийн жүжигчид өрсөлдөж шилдгээ тодруулсан төдийгүй 75 жилийн түүхтэй Циркийн сургуулийнхан бие даан ийм том ажлын ард гарсан нь онцлууштай үйл явдал боллоо. БСШУЯ-наас энэ тэмцээнийг дэмжиж, хамтран зохион байгуулахаар болж 57 сая төгрөг хуваарилсан байсан ч төсвийн хэмнэлтээс шалтгаалан энэ мөнгө нь ч олгогдоогүй юм билээ. Олон улсын тэмцээн Монголд зохион байгуулахын тулд хамгийн багадаа 300 сая төгрөг шаардлагатай хэмээн тооцоолж байсан зохион байгуулагчид ч тасалбараараа бүх зардлаа нөхөх гэж багагүй сандарлаа.
Гэсэн ч Швейцарь, Вьетнам, ОХУ, Казахстан, Буриад, Японы жүжигчид сэтгэл хангалуун буцлаа.
Анхдугаар тэмцээний гран приг Т.Номуунбаатар ахлагчтай “Шидэх банзнаас үсрэгчид” хүртсэн бол алтан цомын эзнээр Т.Буд багштай “Х roses” студийн уран нугараач охид, Буриадын агаарын гимнастикчид тодров. Мөнгөн алиалагч цомыг Швейцарийн агаарын трапец, Төрийн шагналт, ардын жүжигчин Б.Норовсамбуу багштай “21 дарь эх” уран нугаралтын үзүүлбэрт өгсөн юм. Хүрэл цомыг Вьетнамын жүжигчид ижилсүүлэн авлаа. Тэд сул шат, малгай жонглёроор тэмцээнд оролцсон юм.
Тэмцээнийг хамтран зохион байгуулагч Монголын циркчдийн нэгдсэн холбоо болон БСШУЯ-ны нэрэмжит шагналыг Японы жүжигчин Наоки Юфү хүртсэн. Энэ тэмцээний турш үзэгчдийг инээлгэж, багачуудыг баярлуулсан ОХУ-ын гавьяат жүжигчин Ян Полевт Хөгжим бүжгийн коллежийнхон нэрэмжит шагналаа олгосон.