Дорнод аймгийн Хэрлэн сум буюу Чойбалсангийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд зураач П.Мэлсийн хөшөөг сүндэрлүүлжээ. Тус аймгаас төрсөн алдар гавьяатай, авьяаслаг зураачдын нэг нь П.Мэлс юм. Өнгө будгийн ертөнцөд өөрийн мөрөө үлдээгээд одсон тэрбээр 1952 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд төржээ. Монголын орчин үеийн уран зургийн нэрт төлөөлөгчдийн нэг П.Мэлсийн “Соёмбын тухай домог”, “Миний урлан”, “Хэрлэн гол урссаар”, “Орхоны хөндий”, “Эгэл цэрэг”, “Яргуй нүдлэх цагаар”, “Үзэмчин гоёо” зэрэг бүтээлийг дүрслэх урлаг сонирхогчид сайн мэдэх төдийгүй гадаадын шүүмжлэгч нар ч өндөр үнэлгээ өгдөг.Түүний бүтээл туурвилд хөрөг зураг болон байгалийн зураг зонхилдог бөгөөд хүний дахин давтагдашгүй гадаад төрх байдлыг дотоод сэтгэлийн гоо сайхантай нь хослуулан гаргахдаа гарамгай, үзэсгэлэнт байгаль, түүх соёлын сэдэвт бүтээлээр мэргэшсэн зураач байсныг мэргэжил нэгтнүүд нь онцолдог юм.
Дашрамд дуулгахад, Дорнод аймгаас Төрийн шагналт, ардын зураач О.Цэвэгжав, Г.Одон, Ү.Ядамсүрэн, Ц.Амгалан, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Чойдог, Ч.Батмөнх. П.Цогзол, О.Мягмар, Буриад улсын соёлын гавьяат зүтгэлтэн Б.Дашням нарын олон алдартай зураач төрсөн билээ.