Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн заан Б.Түмэндэмбэрэлтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр 2014 оноос МБӨ-нд сар бүр болдог сумын заануудын барилдаанд шилдэг амжилт үзүүлсэн бөгөөд энэ жил аймагтаа долоо давж аймгийн заан цол хүртсэн юм.
-Хэдэн оноос аймагтаа зодоглов?
-Хүүхэд байхдаа л барилддаг байсан. Аманд гараад л уначихна.
-Өсвөрт нь барилдана биз дээ?
-Өсвөрт нэг түрүүлж, нэг үзүүрлэж байсан.
-Хэнд унаж үзүүрлэсэн бэ?
-Жүдогийн Х.Цогтгэрэлтэй үлдэж үзүүрлээд, сумын заан Э.Сумьяабатыг давж түрүүлсэн.
-2014 онд аймагтаа хэдийн даваанд өвдөг шороодсон юм бэ?
-Дөрвийн даваанд аймгийн начин Б.Мөнхбат ахад унасан. Мушгиад доор нь орчихсон л доо.
-Өсвөр үеийн улсын аваргад хэдэн удаа оролцсон билээ?
-Хоёр удаа. Хэнтий аймагт болоход зооноосоо ч гараагүй. Харин Хөвсгөлийн улсын аваргаас мөнгөн медаль авч байлаа.
-Үндэсний бөхийн 2011 оны өсвөрийн УАШТ-д Булганы хоёр бөх алт, мөнгийг авсан гэдэг байх аа?
-Тийм ээ. Сайханы Д.Алтангэрэл түрүүлээд би хоёрт, Увсын Х.Оргилболд арслан гуравт орж байлаа. Аймгийн арслан Б.Бат-Өлзий, Х.Оргилболд бид гурав гурван биенээ тойрч барилдсан юм. Бүр гурван удаа шүү дээ. Би Бат-Өлзийг давчихна, Бат-Өлзий Оргиог, Оргио намайг давчихна. Сүүлд би хоёуланг нь давж хоёрт орсон.
-Аймгийн арслангуудтай л үзээд байж дээ?
-Хөвсгөлийн улсын аваргын эхний аравт орсон залуус одоо бүгд аймгийн цолд хүрчээ. Би л үлдсэн юм, харин энэ жил цолд хүрлээ.
-Өнгөрсөн хавар Эрдэнэтэд болсон нэгэн барилдаанд их сайн барилдсан. Тэр талаараа ярина уу?
-Аймгийн заан Л.Цээсүрэн, аймгийн арслан Б.Уртбаяр, Д.Амарсайхан, начин Ч.Мөнхбат нарыг даваад заан Б.Гантөмөр ахад унаж үзүүрлэсэн.
-Амарсайхан арслан аль ч барилдаанд айлгаж барилддаг бөх. Арслантай яаж барилдав?
-Арсланг барьцаа сэлгэхээр нь гуядаад давсан.
-Чи баруундаа даацтай мушгих юм аа?
-Эв нь таарвал хийнэ. Хааяа хонгодно, хутгана.
-Бөхийн эрдэм зааж буй багш чинь хэн бэ?
-Бааска ах (улсын заан Д.Баасандорж). Бас улсын заан М.Өсөхбаяр байна. Өнгөрсөн хавраас “Шавь” дэвжээнд бэлтгэл сургуулилтаа Г.Элбэг харцагын удирдлагаар хийж байгаа. Манай дэвжээ бүх төрлөөр тамирчид бэлтгэж байна. Бөхийн хувьд одоохондоо үндсээс гадна жүдогоор бэлтгэл хийдэг.
-Аймгийн аваргад олон түрүүлсэн биз?
-Ер нь л түрүүлнэ шүү. Нэлээн хэдэн медаль авсан. Самбын улсын аваргаас хүрэл авч байсан.
-Бөх хүнтэй уулзсаных, удмыг асуух нь зөв байх?
-Манай өвөө аймгийн арслан Одонгарав гэж улсын наадамд дөрөв давж начны даваанд барилдаж байсан бөх.
-Өвөөгөө харж байв уу?
-Харалгүй яахав. Намайг арав гаруй настай байхад бурхан болсон.
-Барилдаж явсан тухайгаа ярина биз?
-Ж.Мөнхбат аваргатай их ойр дотно явсан гэдэг. Сэлэнгэд бил үү, Дарханд бил үү залуучуудын том барилдаан болоход их л сайн барилдсан гэсэн.
-Өвөө чинь аймгийн арслан юм байна. Аав чинь барилддаг уу?
-Аав маань барилддаггүй. Бөх их сонирхдог. Харин нагац ах улсын шонхор Батдэлгэр гэж хүн бий. Анх чөлөөтийн залуучуудын шигшээ баг байгуулахад багтаж байсан юм гэнэ лээ. Шарласнаас болж, цаашид барилдаж чадаагүй гэсэн.
-Сумын заануудын барилдаанд хэзээ анх шөвгөрсөн бэ?
-2014 оны хавар шөвгөрч байсан. Хоёр сар дараалаад тав давсан юм байна.
-Сумын заан гэснээс нийтийн монгол бөхийн барилдаанд үзүүрлэж байсан бил үү?
-Тэгсэн. Бөхийн өргөөнд анх барилдсан маань тэр. Төв аймгийн залууд унаад үзүүрлэсэн.
-Энэ жил аймгийнхаа наадмаар цол авах бөхчүүдийн тааварт зүй ёсоор нэрлэгдэж байсан. Түрүүлэх боломж байсан уу?
-Сайхан барилдаж үзүүрлэлээ. Зургаагийн даваанд Г.Ганбаатартай тунаж хутгаад, долоод аймгийн заан Н.Мөнх-Ирээдүйтэй тунаж давхар тохоод давсан. Үзүүрт Ө.Сүхбатыг хутгаж хөөгөөд унасан.
-Т.Өсөх-Ирээдүй харцагыг өнгөрсөн хавар орхиж байсан. Харцага өөрөө “Түмээтэй жилийн өмнө таарч байсан. Их хувирчээ. Зогсож байсан газраа уналаа даа” гэж байсан. Айхтар бусгасан шүү?
-Тэр бусгааг бэлтгэл дээр давтдаг юм. Хутгах гээд хөлөө тавьтал чангараад байх шиг санагдахаар нь буцаагаад бусгачихсан.
-Цаашдын зорилго юу вэ?
-Улсын заан болно гэж боддог.
-Хүмүүс улсад түрүүлнэ гэж хэлдэг шүү дээ?
-Би бага байхдаа л улсын заан болно гэж боддог байсан. Заан их сайхан дүүрэн цол шүү.
-Бөхчүүдээс хэнийг хүндэлдэг вэ?
-Содномдорж харцагыг хүндэлдэг.
-Хэнтэй барилдаж үзэхийг хүсдэг вэ?
-Мөнхбат аварга, Бат-Эрдэнэ гарьд хоёртой барилдаж үзэх юмсан гэж боддог. Бас Батмөнх заантай барилдаж үзэхийг хүсдэг байсаан, нэг таарсан.
-Заантай барилдах ямар байв?
-Сайхан байлгүй яах вэ. Гэхдээ би юу ч бололгүй унасан даа.
-Үеийнхнээсээ сайхан барилдаж байгаа залуусыг нэрлэвэл?
-Аймгийн арслан Пүрэвгарьд, Гончигтавхай нар.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Цаашдын барилдаанд чинь амжилт хүсье.
-Баярлалаа. Энэ дашрамд Номинчулуун захиралтай “Кардеш” компанийн хамт олондоо ажлын амжилт хүсч, сайн сайхан бүхнийг ерөөе.
Т.ТҮМЭНДЭМБЭРЭЛ