Италийн Миланаас цуурайлсан яруу эгшиглэнт хоолой 16 жилийн дараа эх орныхоо тайзнаас, анх удаа Монголын үзэгчдэд хүрэхээр болжээ. ДБЭТ 53 дахь жилийн үзвэрийн нээлтээ хийгээд удаагүй байгаа ч Италийн суут хөгжмийн зохиолчдын нэг Г.Доницеттигийн “Лучиа ди Ламмермур” дуурийг тайзнаа тавихаар болсон.
Аравдугаар сарын 17, 18-нд үзэгчдийн хүртээл болох энэ дуурийн гол дүр буюу Лучиад гавьяат жүжигчин Ө.Уянга, Италийн Милан хотноо ажиллаж, амьдардаг дуучин У.Уранцэцэг дуулах юм.
Бага байхдаа урлагийн ертөнцөд хөл тавьж эгч, дүүсийнхээ хамт “Гурван Урнаа” нэрээр үзэгчдэд танигдсан Уртнасангийн Уранцэцэг төлөвлөгөөтэй тоглолтоо цуцлан байж, ДБЭТ-ын тайзнаа Монголын анхны Лучиа болохоор хүрэлцэн иржээ.
Сопрано хоолойтнуудын авьяас, чадварыг сорьсон хамгийн хэцүү аритай дуурийн гол дүрд дуулахаар болсондоо тэр баяртай байлаа.
-Бүтэн жилийн өмнө төлөвлөгдсөн тоглолтоо цуцлах нь хялбар шийдвэр биш байх. Гэхдээ л сэтгэлээс уяатай байдаг нутгаа зориод ирсэнд тань баяртай байна.
-Европт тоглолт цуцлах ярвигтай асуудал л даа. Бичиг баримт, өмгөөлөгчийн оролцоо гээд яривал их юм бий. Гэхдээ би яагаад Монголын театрын урилгыг шууд хүлээн авсан бэ гэхээр, Италид дуулсан 16 жилийн хугацаанд анх удаа л надад эх орноос минь санал тавилаа шүү дээ.
Үнэхээр олзуурхмаар. Өмнө нь би хэзээ ч Дуурь бүжгийн эрдмийн театраас урилга авч байгаагүй. Энэ удаа урилга ирсэн, бас миний хамгийн хайртай дуурь, дүрийг надад санал болгосон.
-“Лучиа ди Ламмермур” дуурийн гол дүрд хэдэн онд анх дуулсан бэ?
-2008 онд анх дуулсан. Дараагийн жил нь бас энэ дуурьт дуулж байлаа.
-Анх энэ дүрд тоглоход танд хамгийн хэцүү санагдсан нь юу байв?
-Дүрдээ орох хамгийн хэцүү байсан. Хайрынхаа төлөө өөрийгөө золиосолж, ахынхаа шахалтаар хүн алаад, сүүлд нь галзуураад нас барж байгаа эмгэнэлт бүсгүйн дүр. Дуулах ур чадварын хувьд ч сурах зүйл байсан. Гэхдээ мэргэжлийн хэмжээнд би өөрийгөө голоогүй ээ. Энэ дүрийн сэтгэл зүйг мэдэрч, дуулах л чухал сорилт болсон.
-Мэргэжлийн дуучин болгон хүссэн дүрээ шууд сонгоод дуулчихдаггүй. Нас, туршлага бас нөлөөлдөг байх. Лучиаг хэдий хэрийн туршлагатай хүн дуулах бол?
-Туршлагатай л дуучин дуулна. Маш хэцүү дүр гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө. Бараг л “Гиннес”-ийн номд бичигдэх хэмжээний хэцүү гэж ярьдаг. Энэ дуурьт маш хэцүү хоёр ч ари бий. Хамгийн сүүлийнх нь ари 16 минут үргэлжилдэг. Ийм удаан, тайзан дээр ганцаараа дуулахад нарийн техник шаардана. Сопрано хоолойтнуудын авьяас, чадварыг сорьдог хүслэн болсон дүр дээ.
-Шувуудын жиргээг сануулдаг клартурный сопрано хоолойг ховорт тооцдог. Эмэгтэй дуучдын хэдэн хувь нь ийм хоолойтой байдаг вэ?
-Лирический, драматический сопрано хоолой бол элбэг байдаг. Би клартурный драматик сопрано хоолойтой. Энэ нь ховор. Өтгөн дуугарахдаа өтгөн дуугардаг хэрнээ дээшээ маш нарийн өнгө гаргадаг. Өөрөөр хэлбэл, бүх зохицол нь бүрдсэн хоолой.
-СУИС-д М.Найдалмаа багшийнхаа удирдлагад сурч байхдаа ирээдүйд өөрийгөө ийм амжилттай дуулж, дэлхийн алдартай тайзан дээр гарна гэж төсөөлж, мөрөөдөж байв уу?
-Би дуурийн дуучин болно л гэж мөрөөдсөн. Хүслээ биелүүлэхийн тулд хар хөлсөө урсгаж, урагшилсан. Тэр хичээл зүтгэлийнхээ хэмжээнд хүрч амьдарч, ажиллаж байгаа гэж боддог. Гадаадад сурч байгаа оюутнууд мэднэ дээ, зовлонгүй юм гэж байхгүй ээ.
Шантрахгүйгээр маш сайн хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулан, хүсэл мөрөөдлийнхөө төлөө бүх хүчээ дайчлан зүтгэх хэрэгтэй.
-Энэ их эрч хүч таны хаанаас ундраад байна аа?
-Би их хор шартай хүн л дээ. Өөрийгөө оргилд хүрчихлээ гэж хэзээ ч боддоггүй. Бусдын хэлсэн үг, санал, зөвлөмжийг их сайн сонсдог. Надад өрсөлддөг дуучид бий. Европын төвшинд Жессика Пратт, мөн сүүлийн үед маш сайн дуулж байгаа Италийн клартурный сопрано Дезирий Ранкантори (Desirйe Rancatore) нарыг сонсоно. Тэдний хэмжээнд хүрэхийн тулд ханцуй шамлан зүтгэнэ. Тэднийг болон залуу, авьяаслаг дуучдыг сонсоод “Хөөх, ямар мундаг юм бэ” гээд л эрч хүчнэ авна шүү дээ.
Бас маш сайн амарч, ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Нөхөртэйгээ үзье гэсэн зүйлээ үзэж, 14-21 хоногоор сайхан амардаг.
-Европын театрт байнга ажилладаг дуучин гэж байдаггүй. Бүгд л өөр өөр улсаас уригдан ирж, нэг бүтээл тоглоод буцдаг гэсэн. Үргэлж шинэ танилтай болж, хамтран ажиллах сонирхолтой байдаг уу?
-Тийм ээ. Дэлхийн театрын хэв маяг ийм л байдаг. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн дуучид сар хагасын хугацаанд хамт бэлдэж, бие биетэйгээ зохицож, нэгэн бүтээл бий болгодог.
-Монгол дуучидтайгаа энэ удаа хамтран ажиллаж байна. Тэдний ур чадвар, түвшин ямар байна вэ?
-Театрын түвшин гээд яривал би мэдэхгүй. 16 жилийн дараа би анх удаа Монголдоо уригдан ирж байна. Энэ дуурьт хамт дуулах дуучдынхаа тухайд л санал бодлоо хэлж болох юм. Манай дуучид их зүйл сурч, мэдэх хэрэгтэй байна. Бас надад хоёр дуучин их таалагдаж байгаа. Лучиагийн ахын дүрд дуулах гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Ч.Энхтайван хоёр. Тэд хаана ч гологдохгүй дуучид.
-Бид олон улсын мэргэжлийн дуучдын уралдаанд амжилт гаргаснаар нь дуучдаа үнэлж, хүндэтгэж байна. Харин таны ажиллаж байгаа орчинд дуучдад ямар шалгуур тавьдаг бол?
-Зарим театр мэддэг дуучнаа шууд урих тохиолдол байдаг ч ихэнх нь дуучдыг сонсож байгаад сонгож авдаг. Тийм уралдааны амжилт, төгссөн сургууль, эрдмийн зэрэг гээд олон зүйл уншиж судлах зав тэдэнд байхгүй. Чухал нь түүний чадвар л юм. Тамирчидтай л ижилхэн. Үргэлж л шалгуурт орно.
-Өрсөлдөөн ихтэй, үргэлж өөрийгөө хурцалж, чадвараа ахиулж байдаг гэхээр цаг хугацаа алдвал мартагдаж, орхигдох талтай юу. Магадгүй хоёр жил дуулахгүй байлаа гэхэд эргээд өмнөх хэмжээндээ хүрэх амаргүй юү?
-Өөрийгөө байнга мэдүүлж, мэдрүүлж явахгүй бол мартагдалгүй яах билээ. Миний ард дугаарласан олон дуучин байгаа болохоор тэдэнтэй өрсөлдөхийн тулд байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тамирчид бэлтгэл хийхгүй удвал зэвэрдэгтэй адил бид ч байнга дасгал хийх ёстой.
-Таныг Монголын дуучин гэдгийг сонсоод хүмүүс гайхдаг уу?
-Надаас “Монголд театр байдаг юм уу” гэж асуудаг. Маш их сонирхоно. “Та морио унаад явдаггүй юм уу” л гэх нь халаг байна. Мэдэхгүй болохоор аргагүй дээ. Зарим нь Хятадын Монгол уу гэдэг. Харин тусгаар Монгол Улсын дуучин гэдгийг минь сонсоод олзуурхдаг, хамтран ажиллаж байхдаа миний хоолойг сонсоод гайхан “Үгүй ээ, чи хаана ингэж дуулж сурав аа. Хаанаас ирсэн бэ” гэж асуухаар нь өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг шүү.
-“Лучиа ди Ламмермур” дуурийн нээлтийг аав, ээж хоёр тань үзэх үү?
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ өмнө нь манай аав, ээж хоёр Италид очиж охиныхоо дуулахыг сонссон л доо. Монголын театрт бол анх удаа сонсох нь.
-Ээж тань уртын дуу сайхан дуулдаг гэсэн. Та уртын дуу дуулдаг уу?
-Сонсохоос хэтрэхгүй ээ.
-Монголын дуучдад сурах зүйл их байна гэсэн шүү дээ. Авьяасаа яаж тордвол алс хэтдээ дэлхийн хэмжээний дуучин болох бол?
-Төгссөн сургууль, сурсан эрдэм чухал. Тэр тусмаа Монголын залуу дуучид маань гадаад хэл сайн эзэмшээсэй. 4-5 хэлээр ярих хэрэгтэй. Дэлхийн түвшинд аль нэг театрт ажиллахаар боллоо гэхэд найруулагчтайгаа ойлголцохгүй бол дүрдээ орж чадахгүй.
Найруулагчийнхаа хүссэнийг илэрхийлж ч чадахгүй. Хэл сурахгүй л бол хоцрогдоно шүү. Энэ сайхан дуучдад материал нь байгаад байдаг. Түүнийгээ түгээх, бусдад хүргэх хөтөч хэрэгтэй байна.
-Та ямар ямар хэлээр ярьдаг вэ?
-Би орос, итали, герман, франц бас монголоороо ярина.
-ДБЭТ-ын тайзнаа “Лучиа ди Ламмермур” дуурийг найруулж байгаа БНСУ-ын Ан Ху Ван найруулагчтай италиар ярьдаг уу?
-Тийм ээ.
-Найруулагчийн шийдэл, тавилт ямар санагдаж байна вэ?
-Маш их таалагдаж байна. Сонгодог хэлбэрээр нь тоглохоор бэлдэж байгаа төдийгүй Лучиагийн эмзэг, эмэгтэйлэг байдлыг илүү нээж харуулахаар ажиллаж байна.
-Танд тоглолтын дараа олон хүн урмын үг, магтаал хэлдэг байх. Тэр дундаас хамгийн чухал, мартагдашгүй үнэлгээг хэн хэлсэн бэ?
-Миний нөхөр, дотно найз, хамгийн үнэнч зөвлөх минь. Бусад дуучин сэтгэгдлээ хэлж, урам хайрладаг. Гэхдээ тэр дундаас би хань болон эгч, ойр дотныхоо хүмүүсийн үгийг илүү сонсдог. Тэднийхээ үгэнд 100 хувь итгэдэг.
-“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны дууг дуулснаар тань одоогийн Монголын үзэгчид таныг илүү сайн мэдэх байх. Гэртээ монгол дуу аялдаг уу?
-Аялдаг гэж худлаа яриад яах вэ. Миний толгой сонгодог бүтээлээр л цэнэглэгдсэн. Аялахдаа хүрвэл “Травиата” дуурийн хэсгээс ч юм уу аялна.
-Эгч дүү гурван Урнаа гитар барин тайзан дээр гарч ирээд олон сайхан дуу дуулдаг байсан. Одоо та гитар тоглодог уу?
-Бариагүй их уджээ. Төгөлдөр хуурын өмнө л ихэнх цагаа өнгөрүүлж байна
-Таны тоглолтыг Монголын Төрийн тэргүүн эсвэл албаны хүмүүс, Элчин сайдууд очиж үзэж байсан уу?
-Зарим хүн ирж сонсож байсан. Парисын зүрхэнд байдаг, “Шатли” хэмээх алдартай театрт дуулахад Францад суугаа Элчин сайд ирж үзсэн. Бас тэр тоглолтыг Францын Ерөнхийлөгч асан Николь Саркози, тэргүүн хатагтай Карла Бруни нар ирж үзээд баяр хүргэж байлаа. Карла Бруни “Таны дуулахыг сонсох сайхан байлаа” гэж тусгайлан баяр хүргэсэн нь надад таатай байсан.
-Дэлхийн түвшинд хүрсэн дуучид хэрхэн аж төрж, уран бүтээлээ туурвидаг бол. Сонгодог урлагийн түүх нь зузаарсаар байгаа манай улсад энэ салбарт ажиллаж байгаа уран бүтээлчдийн үнэлэмж бага болохоор ийн асуулаа.
-Европт мөнгө ярьсан хүн, мөнгөний талаар асуусан асуултыг бүдүүлэгт тооцдог. Гэхдээ би дэлхийн түвшний дуучин ямар үнэлэмжтэй байдаг баримжаа хэлье. Би өөрийгөө хэлээгүй шүү. Дэлхийн түвшний дуучин “Лучиа ди Ламмермур” дуурьт нэг удаа дуулахад 20-25 мянган евро авдаг юм.
-Сонгодог урлагийн салбарт хүссэн хүн болгон амжилт гаргаж чадахгүй. Тиймээс ийм өндөр босготой салбарт ажиллаж байгаа хүмүүс тэр чинээгээр үнэлэгддэг байх болов уу гээд ингэж асуулаа. Мөнгөний тухай дурдах мэдээж таатай биш л дээ.
-Би мөнгөө нэг их цацаад, үрээд байдаггүй хямгач талдаа. Монголчуудыгаа хөндлөнгөөс ажиглахад их материаллаг ард түмэн болоо юу даа гэж санагдсан. Өр тавиад тийм цүнх авлаа, гутал авлаа гэх зэргээр ярьж байгаа нь зөрөөд өнгөрөх төдийд л сонсогдох юм.
Ж.СОЛОНГО