Улс улсын шилдгүүд Монголд цуглаж, уран бүтээлээрээ өрсөлдөх тухай мэдээллийг та бүхэн сонссон уу. 74 жилийн түүхтэй Монголын циркийн урлагийн түүхэнд өмнө нь ийм үйл явдал болж байсангүй. Олон улсын жүжигчдийг урьж тоглуулснаас өрсөлдүүлж дүгнэсэн удаагүй.
Тэгвэл өнөөдөр нээлтээ хийж байгаа Олон улсын залуу циркчдийн анхдугаар наадамд ОХУ-ын гавьяат жүжигчин, алиалагч Ян Полев, Казахстаны Ильяс Рахманкулов, Айсулу Абдекирим, Тимур Ахтоты, Швейцарийн Констанс Бугнон, Кайзер Жейсика Санжа, Мартин Элис Сюзан, Вьетнамын Нгуан Мин Тиен, Буриадын Александр Слайковский, Виктория Дамдинова, Екатерина Болотова, Дулмаа Пунцукова, Японы Наоки Юфү нар оролцохоор Монголд иржээ.
Японы жүжигчин Наоки Юфү
Тэдэнтэй эх орныхоо нэрийг гарган өрсөлдөх монгол жүжигчид нь Б.Золбаяр ахлагчтай “Шидэх банзнаас үсрэгчид”, Т.Номуунбаатар ахлагчтай “Дудартай акробат”, “Шидэх банзнаас үсрэгчид”, Төрийн шагналт, ардын жүжигчин Б.Норовсамбуу багштай уран нугараачид, Т.Буд багштай есөн хос уран нугараач юм.
Дээр нэр дурдагдсан жүжигчид сүүлийн хэдэн жилийн турш олон улсын тэмцээнд амжилттай оролцсоор байгаа бөгөөд хамгийн сүүлд Б.Золбаяр ахлагчтай жүжигчид “X evolution” үзүүлбэрээрээ БНХАУ-ын Учаод болсон тэмцээнээс мөнгөн цом хүртээд байгаа юм. Тэд өмнө нь БНХАУ-ын Ухань, Франц, Испанид болсон тэмцээнээс алт, мөнгөн цом хүртэж байсан билээ.
Казахстаны жүжигчид
Мөн Т.Буд багштай уран нугараач охид 2007 онд Монте карлогийн өсвөрийн циркчдийн уралдааны мөнгөн цом, 2009, 2011, 2013 онд БНХАУ-ын Учаод болсон тэмцээнээс хүрэл цом, Италийн Ромд болсон тэмцээнээс алтан цом хүртсэн авьяастнууд юм.
Б.Норовсамбуу багшийн шавь нар ч гэсэн өнгөрсөн жил БНХАУ-ын Уханьд болсон тэмцээнээс мөнгөн цом хүртэж байсан. Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид өнгөрсөн сард ОХУ-д болсон “IDOL 2015” тэмцээнээс мөнгөн цом хүртэж, дэлхийд дээд амжилтад тооцогддог шидэх банзнаас үсрэн агаарт зургаан удаа эргэсэн үзүүлбэрээрээ орос жүжигчдийг ч алмайруулаад амжсан.
БСШУЯ, ХБК, Монголын циркчдийн холбоо, Монголын залуу циркчдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа энэ тэмцээний Гран при шагналтанд тусгай цом зэхсэн бөгөөд, Монголын циркийн урлагийн бэлгэ тэмдэг болсон цоройж байгаа морины барималыг урлуулаад буй. Мөн алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулж, улс бүрээ төлөөлж, шүүгчид нэрэмжит шагналаа олгох юм.
Өнөөдөр тоглолт эхлэх хэдий ч энэ сарын 17-ний 15.00 цагт шүүгч нар шалгаруулалтаа явуулах юм билээ. Энэ тэмцээнийг Монгол, Швейцарь, ОХУ, Вьетнам, Турк улсын найман шүүгч шүүх юм.
Тэр дундаа Швейцарийн “Starlight” циркийн захирал Кайзер Хенрих, тус циркийн дэргэдэх сургуулийн захирал Кайзер Жозелин нар энэ тэмцээнийг шүүхээр Монголыг зорин ирсэн нь байна.
Олон улсын циркийн анхдугаар наадмын шүүгчид
Түүнчлэн Буриадын циркийн уран сайхны удирдагч Туяанаа Догданова, Буриадын циркийн сургуулийн захирал Наталъя Юриева, Вьетнамын циркийн ерөнхий найруулагч Нгуэн Дук Де, Туркийн циркийн захирал Ахмед Экси, ХБК-ийн циркийн тэнхмийн эрхлэгч Ю.Гэрэлбаатар, Төрийн шагналт, ардын жүжигчин Б.Норовсамбуу нар шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.
Б.Золбаяр ахлагчтай шидэх банзнаас үсрэгчид
Швейцарийн жүжигчид
ТЭМЦЭЭНИЙ ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЛҮҮД
• ОХУ-ын гавьяат жүжигчин, алдарт алиалагч Ян Полевийн ээж нь мөн циркийн жүжигчин бөгөөд 20 жилийн өмнө Монгол Улсад ирж найрамдалт орнуудын циркийн тоглолтод оролцож байжээ.
• Тэмцээний үеэр соёлын тэргүүний ажилтан Т.Номуунбаатар шидэх банзнаас үсэрч, зургаан удаа эргэдэг дэлхийн дээд амжилт тогтоосон үзүүлбэрээ үзүүлнэ.
• Бяцхан жаалууд хөөсөн бөмбөлөг гаргаж тоглох дуртай байдаг. Тэгвэл энэ тэмцээнд Казахстаны жүжигчид аварга том хөөсөн бөмбөлөгний үзүүлбэрээр оролцоно. Тэдний үлээсэн хөөсөн дотор хүн хүртэл багтана гэсэн.
• Сул шат, хүрд, багана зэрэг Монголд сүүлийн жилүүдэд огт тоглоогүй сонирхолтой үзүүлбэрийг Вьетнам, Швейцарь, Японы жүжигчид үзүүлнэ.
• БНАСАУ, БНХАУ, ОХУ-ын шилдэг жүжигчидтэй энэ сарын 7 хүртэл өрсөлдөж, мөнгөн цом хүртэж чадсан Б.Золбаяр ахлагчтай жүжигчид өнөөдөр 14.30 цагт эх орондоо ирэх бөгөөд тэмцээний хүчтэй өрсөлдөгч нь тэд байх юм.
• Энэ тэмцээнд есөн кобра “могой” оролцохоор болжээ. Гэхдээ тэр нь жинхэнэ могой биш уран нугараач охид юм. Т.Буд багш өмнө нь аалз, гүрвэл зэрэг амьтдын дүрээр циркийн жүжигчдийг тоглуулж байсан бол энэ удаа уран нугараач охидыг кобра болгож буй.
Ж.СОЛОНГО