Холливудын одод, нэртэй бизнес эрхлэгчид, улс төрчдийн хэв маяг бүрдүүлж, донж чимгийг тааруулахын тулд бүхэл бүтэн баг ажилладаг. Оддынх шиг стилистүүдээс бүрдсэн баг биш ч, энэ талаарх зөвлөгөө мэдээлэл өгч, мэдлэгийг тань нэмэх “Миний хувийн стилист” ном хуримаа хийлээ.
Лондоны Regent их сургуулийг урлагийн маркетинг, менежментийн мэргэжлээр төгссөн О.Энэрэлийн бүтээл болох эл номоос та биеийн галбиртаа тохирсон хувцсаа хэрхэн сонгох, зөвхөн танд л нийцэх онцгой өнгийг хэрхэн сонгох зэрэг хувцаслалтын үндсэн мэдлэгийн талаар унших боломжтой.
Хувцас загварын худалдаа, хэв маяг бүрдүүлэх талаарх зөвлөгөө өгдөг “Эновстайл” ХХК-ийн захирал О.Энэрэл номынхоо нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Нийгмийн бүхий л давхаргын бүсгүйчүүдэд өөрт тохирох хэв маягаа олоход нь тусалж, хувцаслалт, гоо сайхны давуу талыг мэдрүүлж, өөртөө итгэлтэй байхад нь өөрийн чадах хэрээр хувь нэмрээ оруулах юмсан гэж бодож явдаг. Тиймдээ ч энэ талаарх суурь мэдлэгийг олгох “Миний хувийн стилист” номоо гаргалаа” хэмээн онцоллоо.