МУСТА Б.Баттөр тархины хүнд өвчний улмаас Солонгос улс руу тархины нарийн төвөгтэй хагалгаанд яаралтай орох болсон талаар өнөөдөр түүний мэргэжил нэгт нөхөд мэдээллээ. Монголын мэргэжлийн дууны урлагт 10 гаруй жил зүтгэж, өөрийн гэсэн байр сууриа хэдийн эзэлсэн тус дуучны маань эмчилгээний зардалд урьдчилсан байдлаар 35-50 мянган ам.доллар шаардлагатай байгаа аж. Тиймээс түүний нэг төгсөлтийн ангийнхан, мэргэжил нэгт нөхөд нь эмчилгээнд нь зориулж “Монгол Улсын урлагийн төлөө зүтгэе” нэртэй хандивын тоглолтыг зохион байгуулах гэж байгаа юм байна. Тус тоглолт ирэх сарын 01-02-ны өдрүүдэд тоглогдох ба тасалбарын үнэ 20 мянган төгрөг аж.
Энэ талаар МУСТА Д.Амаржаргал хэлэхдээ “Б.Баттөр анх “Сонгдо” эмнэлэгт үзүүлэхэд “Анаргизм” хэмээх оноштой гарсан. Үүнийгээ баталгаажуулахын тулд БНСУ, Тайланд, Сингапур зэрэг орнууд руу бичлэгээ явуулсан. Эмчилгээний зардал 35 мянган ам.доллараас эхэлж байгаа. Эмчилгээ хийлгэж байх явцад энэхүү зардал 3-4 дахин нэмэгдэх магадлалтай. Хэрэв яаралтай хагалгаа хийлгэхгүй бол амь нас эрсдэх аюултай. Баттөр маань хоёр хоногийн өмнө таталт өгч, хэвтрийн дэглэм барьж байгаа. Тиймээс ард иргэдийгээ уран бүтээлчдийн сэтгэлийн дэм өгөх хандивын тоглолтыг үзээсэй гэж хүсэж байна. Монголчууд тэр даяараа нийтийн дуу сонсдоггүй учир хоёр өдөр өөр төрөл жанрын дуунуудыг хүргэх болно. Эхний өдөр нийтийн дууны тоглолт болох бол дараагийн өдөр нь рок поп, страд, R&B чиглэлийн дуунуудыг хүргэх болно” гэлээ.
МУСТА Э.Чулуунчимэг: Б.Баттөр маань СУИС-д Дуурийн дуулаачийн багшаар ажиллаж байгаа. Урлагийн салбарт ид хийж бүтээх насандаа яваа авьяаслаг дуучин маань хүнд өвчин туссанд бид бүхэн туйлын харамсаж байна. Тиймээс СУИС, Хөгжмийн урлагийн сургуулийн багш, ажилчид нэг өдрийн цалингаа хандивлах аянг зохион байгуулж байгаа.
МУГЖ У.Далантай: БНСУ-ын эмнэлгийн ирүүлсэн материал дээр долоо хоногийн дотор ирж эмчлүүлэх шаардлагатай гэж дурдсан байсан. Гэтэл эмчилгээний зардал бүрдээгүйн улмаас явуулж чадахгүй байна. Гэхдээ ойрын хугацаанд урьдчилгаа төлбөрийг бүрдүүлээд яаралтай хагалгаанд оруулна. Үүнд Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөл болоод мэргэжил нэгт нөхөд нь халуун сэтгэлээр тусалж байгаа.