Монголын уран нугаралт бол тэр чигтээ гайхамшиг. Асар их тэвчээр, хатуужил, удаан хугацааны бэлтгэлийн үр дүнд үегүй мэт нугарах уян бүсгүйчүүдийн бүтээл бий болдог. Байгалиас заяасан уян биеийг багшийн ур ухаанаар төгөлдөржүүлж, дэлхийн түмнийг гайхашруулж байна. Тэгвэл Монголын авьяаслаг нэгэн уран нугараач бүсгүй АНУ-ын Сан-Францискод аж төрж, тэндээ Монгол уран нугаралтын төв байгуулж, үндэсний өв соёлоо сурталчилж байгаа.
Тэрбээр АНУ-д байдаг цорын ганц циркийн мэргэжлийн сургуульд 1999-2011 онд уран нугаралт зааж байсан бол түүнээс хойш уран нугаралтын тусгай хөтөлбөр боловсруулан бие даан ажиллаж байгаа билээ. Түүнтэй цахимаар ярилцсанаа хүргэе.
-Монгол уран нугаралтын төвийн хуудсаар зочилж, үзлээ. Та ихэвчлэн насанд хүрсэн, гадаад хүмүүст уран нугаралт заадаг юм байна. Их л хэцүү санагдах юм. Учир нь уран нугараачдыг багаас нь системтэй бэлдэж амжилтад хүргэдэг. Тухайн хүний биеийн уян хатан байдал ч үүнд нөлөөлдөг шүү дээ.
-Уран нугаралтын техник дээр тулгуурлаад ямар ч мэдэгдэхүүнгүй энгийн хүмүүст хичээл зааж байгаа. Энэ хөтөлбөр маань тун амжилттай хэрэгжиж, хүмүүс фитнесс маягаар сонирхон хичээллэж байна. Тэд уран нугараач болохыг гол зорилгоо болгоогүй.
Харин уран нугаралтын техник эзэмшиж, уян хатан болж буй юм. Би бага насны хүүхдээс илүүтэй насанд хүрэгчидтэй олон жил ажилласан туршлагаа ашиглан сүүлийн таван жил энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
-Насны хязгаарлалтгүй хичээлээ заадаг уу?
-Хөгшин, залуу гэсэн насны хязгаар байхгүй. Хамгийн ахмад нь 60 настай хүн ч хичээл заалгаж байсан. Хүмүүсийн хэвшмэл ойлголтыг өөрчилж, сунгалт болон йогоос өөр төрлийн монгол уран нугаралтын техникт тулгуурласан ийм дасгал байдаг гэдгийг ойлгуулах зорилготой юм.
Мэргэжлийн хүрээгээр хязгаарлаад орхиж болохгүй олон гайхамшигтай дасгал монгол уран нугаралтад бий. Түүнийг яг энэ нэрээр нь, Монголынх гэдэг агуулгаар нь таниулах л чухал юм.
-АНУ-д Монгол уран нугаралтын төв байгуулсан тухай сонсоод эхлээд Монголын нугараачид нэгдэж төрийн бус байгууллага байгуулсан юм болов уу гэж бодож байлаа.
-Намайг энэ төвийг байгуулсны дараа хүмүүс монгол нугараачдаа нэгтгэх юм уу, зөвхөн уран нугаралтыг таниулах юм уу зэрэг олон асуулт тавьж байлаа. Би монгол уран нугаралтаа сурталчлах л зорилготой энэ төвийг байгуулсан.
Сүүлийн 3-4 жил америк оюутнуудаа Монголд аваачиж, монгол багш нараар хичээл заалгаж байгаа. Мөн монгол уран нугараачдаа олон улсад сурталчилж, таниулах, тоглолт, хөтөлбөрт хамруулах чиглэлтэй ажилладаг.
-Өдий хүртэл хэчнээн хүнд монгол уран нугаралт заасан бэ?
-Тоолж байгаагүй юм байна. Барагцаагаар 500 давах байх аа. Орчин үеийн циркчид зөвхөн нэг төрлийн үзүүлбэр тоглохоо больсон. Агаарын үзүүлбэр хийдэг бол газрын тэнцвэр сурахыг зорьж байна. Акробат, нугаралтын сургуульд багшилдаг болохоор олон шавьтай болсон. Бас тэнцвэрийн үзүүлбэр хийж байгаа жүжигчид уран нугаралтын хөдөлгөөн оруулахыг хичээдэг болсон байна.
Тийм болохоор мэргэжлийн жүжигчид ч гэсэн ирж хичээл заалгадаг. Балетын жүжигчин залуу надаар уран нугаралт заалгаад одоо том циркт хос уран нугаралт хийж байна.
-Шавь нараас нь амжилттай ажиллаж, уран бүтээлээ хийж яваа хүн олон уу?
-Кристина Некиа “Fit&Bandy” төв, Кэти Бриер “Intensive contortion” хөтөлбөр удирдан ажиллуулж байгаа бөгөөд намайг урьж багшлуулдаг. 1996 оны олимпийн алтан медальтай, усанд сэлэлтийн мэргэжлийн тамирчин Кэтрин Фокс, 2006 оны Тайванийн сайхан бүсгүй, йогийн багш Тэри Инг, балетын жүжигчин Нобүтака Мочиморү надаар уран нугаралт заалгадаг.
“Нарны цирк”-ийн “Амалуна” хөтөлбөрийн агаарын үзүүлбэрийн жүжигчин Хэли Вилориа уран нугараач болох замаа манай мэргэжлийн хөтөлбөрт хамрагдаж эхлүүлсэн. Вита Радионова гэдэг шавь маань “Zin Zanni” театрт уран нугараач хийдэг.
Энэ жилийн “America’s got talent”-ын шилдэг оролцогч Ангела бас миний шавь. 5-6 жилийн турш надтай хичээллэж байгаа монгол охид маань “America’s got talent” шоунд мөн амжилттай оролцсон. Тэд Монголд байдаг хүүхдүүд шиг долоо хоногт дөрвөөс олон удаа хичээллэдэггүй. Чөлөөт цагаараа хообий болгон сурч байгаа ч амжилттай яваа.
-Анх яагаад АНУ-ыг зорьсон бэ?
-1998 онд урилгаар АНУ-д ирж байлаа. Нөхөртэйгөө ярилцаад энд амьдарч үзэхээр шийдсэн. Эхний нэг жил яаж тоглолт хийх учраа олохгүй нэлээд будилсан. Долоон сарын дараагаас циркт ажиллаж, байнга тоглолт хийх болсон. Сүүлийн 10 жил багшилж байгаа.
-Та хэний шавь билээ?
-Т.Цэнд-Аюуш багшийн шавь. Найман настай байхдаа циркт орж, багштайгаа учирсан даа. Гавьяат жүжигчин Л.Энхцэцэг эгч хөдөө цэргийн ангид тоглолт хийхээр ирэхэд би шалгуулж байсан юм. Манайх тэгэхэд Хөтөлд байлаа. Ээж минь цэргийн хүн. Ээж минь багадаа нугардаг байж байгаад мэргэжлээ дагаад хөдөө ажиллах болсон юм.
Харин дараа нь миний хүсэл сонирхлыг дэмжиж, ээж минь бүх зүйлээ орхиод намайг сургахаар хотод ирж байлаа.
-Анх нугарч байхад ямар дасгал хамгийн хэцүү санагддаг байсан бэ?
-Надад циркийн сургуулийн шалгуур, дасгал хэцүү санагддаггүй байсан. Харин амьдралын эх үүсвэрээ орхин, намайг сургахаар ирсэн ээжийгээ хараад, амьдрал хэцүү байгааг мэдрэх л хүнд байсан даа.
-Нугарч байхдаа олон улсын уралдаанд амжилт үзүүлж байв уу?
-1992 онд Германы циркийн фестивальд оролцсон ч тэр нь европчуудад зориулсан наадам байсан учраас надад шагнал өгөөгүй. Ази тивээ төлөөлөн тэнд урилгаар нугарч байлаа.
-Таныг ҮДБЭЧ-д их олон жил нугарсан гэж сонссон.
-Тийм ээ. Би Улсын циркт нэг их удаан ажиллаагүй. Ардын урлагт илүү сонирхолтой болохоор ҮДБЭЧ-д орсон. Уран нугаралт бол монгол үндэсний өв соёл шүү дээ.
-Таны монгол шавь нарын болон таны тоглолтын хувцас хуучны уран нугараачдын хэв маягийг санагдуулж байна. Ийм хагалбартай өмд өмсөж нугарахаа одоо бараг больсон шүү дээ.
-Харин тийм ээ, жүжигчид янз бүрээр нугарч байна. Түүнийгээ дагаад хувцаслалт нь ч өөр болжээ. Харин надад үндэсний хэлбэрээрээ уран нугарах нь илүү таалагддаг. Үүнийг хуучинсаг гэж бүү хэлээрэй. Орчин үеийн уран нугаралт тэнцвэрээс ялгарахааргүй болчихоод байгаа.
Харин монгол уран нугаралт нууцлаг, уянгалаг байдлаараа ялгаатай. Би ч бас олон янзаар нугарч байсан ч энэ шар хувцастай, үндэсний нугаралт маань үзэгчдэд илүү хүрдэг байсан.
уран нугаралтын төвөө ч гэсэн үндэсний хэлбэрээр нь уламжилж явъя гэж зорьж байгаа болохоор дасгалын хувцсаа ч гэсэн монгол загвараар хийнэ. Зургийг нь гаргачихсан байгаа боловч хөрөнгө, мөнгөнөөс болоод хийлгэж амжаагүй байна. Алхам алхмаар л урагшилж явна даа.
-Энгийн хүмүүс уран нугаралт сурж, уян хатан болох нь эрүүл мэндэд нь ямар эерэг нөлөө үзүүлдэг вэ?
-Миний харж байгаагаар уян хатан байна гэдэг бол эрүүл байх гол үндэс. Хөшиж, хөдөлгөөн дутагдсанаас булчингийн олон төрлийн өвчин үүсдэг. Зарим хүн хэтэрхий их хөдөлснөөс өвдөж байна гэж эндүүрдэг. Гэвч үгүй. Хөдөлгөөнгүй байсан булчин нь хөндүүрлэхээр л өвдчихлөө гэж ойлгоод өвчин, өвдөлт хоёроо ялгадаггүй.
Надад тамирчин, жүжигчин гээд олон янзын мэргэжилтэй шавь бий. Дугуй унадаг, хүндийг өргөдөг хүмүүсийн мөр нь хөшчихсөн, бас ихэнх хүмүүс нурууны доод булчингийн зангирлаас болж өвдчихсөн явдаг. Циркийн жүжигчид нуруу, хөлийн сунгалт хийдэг учраас ийн өвдөх нь ховор.
Тийм ч болохоор надаар дасгал заалгасан хүмүүсийн булчингийн зангирал нь тавигдаж, мөрний өвчний 90 хувь нь эдгэсэн.
-Таныг америкчууд сайн таньдаг болсон уу. Монгол уран нугаралтын талаар тусгай сурталчилгаа хийж сурагчдаа олдог уу?
-Үгүй ээ, тэгж сурталчилдаггүй. Амнаас ам дамжин яригдсаар тэд намайг зорьж ирдэг. Өөрсдөө хичээллээд үр дүнг нь мэдрэхээрээ хүмүүс бусдад хэлж өгдөг. Том хүнд сунгалтын дасгал заах амаргүй. Хүн бүртэй тулж ажиллахгүй бол үр дүнгүй. Уран нугаралттай харьцуулахад йог нь амраах дасгал л гэсэн үг.
-Уран нугаралтын дасгалын үр дүнг сайн мэдэхийн хувьд та ойр дотнынхондоо бас хичээл заадаг уу?
-Зааж өгнө. Манай нөхөр нуруугаа өвдөхөөр сунгалт хийдэг. Том хүүгээ би циркийн жүжигчин болоосой гэж хүсдэг. Завтай үедээ надтай хичээл хийдэг. Хүн хүсэж дурласан зүйлээ илүү сайн хийдэг болохоор сонирхоогүй байхад нь хүнийг “Чи хий” гэж шахах дэмий.
Ж.СОЛОНГО