Монгол киноны зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид Кино урлагийн дээд сургуулийн “Оюутан” театрт өчигдөр цуглав. Тэд “Цогт тайж” уран сайхны кинотой холбоотой хэд хэдэн маргаантай зүйлсийг хэлэлцэн ярилцаж, түүхийн үнэнийг тодруулахаар эрдэм шинжилгээний хурал хийж буй нь энэ. XX зууны Монголын дэлгэцийн урлагийн бүтээлийн охь дээж нь болсон “Цогт тайж” уран сайхны кино дэлгэцэнд гарсны 70 жилийн ой, Монголын үндэсний кино урлаг үүсэж, хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож байгаа.
Эрдэм шинжилгээний хуралд ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, П.Цэрэндагва, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд, кино судлаач Т.Чимэд, С.Батчулуун, сэтгүүлч, судлаач Ч.Болд, МУИС-ийн багш, доктор Б.Дэлгэрмаа нар оролцож “Цогт тайж” уран сайхны киноны судалгаа, тус киноны ерөнхий найруулагч хэмээн тэмдэглэгдсэн Ю.Тарич, Монгол талын ерөнхий болон туслах найруулагчийн талаар хэлэлцсэн юм.
Хэлмэгдүүлэлтийн бараан сүүдэр Монголын киноны түүхэнд хар мөр үлдээж, 70 жилийн түүхтэй гайхамшигт нэгэн бүтээлийг найруулсан М.Лувсанжамц, туслах найруулагч Ч.Гомбо нарын хийсэн бүтээснийг үгүйсгэж байсныг энэ хурлаар ярилцаж, архивын баримт дэлгэсэн юм. Энд цугласан эрдэмтэд, киноны зүтгэлтнүүд ч тэднийг туурвилыг нэхэн сануулах нь зүй гэж үзсэн учраас энэ эрдэм шинжилгээний хурлыг илтгэлүүд удахгүй эмхтгэл болгон хэвлүүлэхээр болсон юм.