Жиргээ... шувууд жиргэж байна уу гэмээр уянгалаг хоолойд “хөтлүүлэн” ДБЭТ-ын хаалганаас тайз хүртэл алхав. Гайхалтай уянгалаг сопрано хоолойтой бүсгүй тайзан дээр шувуу шиг л жиргэж байна. Энэ бол Италиас эхлээд дэлхийн алдартай тайзнаа эх орныхоо нэрийг дуурсган, дуулж яваа У.Уранцэцэг юм. Тэрбээр Гаэтано Доницеттигийн “Лучиа ди Ламмермур” дуурийн гол дүрд энэ сарын 18-нд дуулахаар Монголдоо иржээ. Харин эхний өдрийн тоглолтод гавьяат жүжигчин Ө.Уянга Лучиагийн дүрийг бүтээнэ.
Хайртай залуугаа амь эрсэдсэнийг хараад айх, гайхах, бас ямар нэгэн ер бусын зүйлийг хайж бүр алмайрч гүйцсэн Лучиа тайзан дээр эргэлдэнэ. Түүний цөхрөл, гуниг дээд цэгтээ хүрч, үдэшлэгт ирсэн олны дундаас үнэнийг хайж дуулна. Лучиагийн хөдөлгөөнийг нэг бүрчлэн ажиглаж зарим хэсэгт нь өөрийн биеэр үлгэрлэн зааж зогсох нэгэн анхаарал татав. Түүнийг Ан Ху Вон гэдэг. Тэрбээр өмнө ДБЭТ-ын тайзнаа “Травиата” дуурийг шинэчлэн тавьж байсан бол энэ удаа Г.Доницеттигийн “Лучиа ди Ламмермур” дуурийг найруулж буй юм. Өглөөнөөс хойш их үд хүртэл тасралтгүй үргэлжилсэн бэлтгэл завсарлахад найруулагч гоцлооч бүсгүй болон бусад уран бүтээлчдэд баяр хүргээд гарав. Ан Хун Вон найруулагч сэтгэл хангалуун байгаа нь илт. Түр амсхийж зогсоход нь түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.
-Дуурь бүжгийн эрдмийн театрынхантай хоёр дахь удаа хамтран ажиллаж байгааг тань мэднэ. Энэ удаа өмнө нь Монголд тоглож байгаагүй дуурийг амилуулах гэж байна. Та “Лучиа ди Ламмермур” дуурийг аль театрт найруулан тоглуулж байв?
-БНСУ-д “Лучиа ди Ламмер” дуурийг найруулан тавьж байсан. Гэхдээ энэ удаа Монголд илүү шинэлэг, сүнслэг, сонирхолтой хэлбэрээр тоглуулахаар бэлдэж байна..
-Лучиагийн дүрд дуулах хоёр дуучин бүсгүйн тухай ямар бодолтой байгаа вэ?
-Лхагва гаригт бид ДБЭТ-т хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөсөн юм. Тэр үеэр би дуучдынхаа тухай ярихаар төлөвлөж байлаа. Гэхдээ танай сонины уншигчдад зориулан багахан нууц задалъя.
Урнаа маш цэвэрхэн хоолойтой, клартурный сопрано. Тийм ч учраас Лучиагийн дүрийг хангалттай сайн бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна.
Харин Уянга бол хоолойгоороо хүнийг татах увдистай. Тиймээс энэ сэтгэл татам хоолойгоороо үзэгчдийг Лучиад илүү дурлуулж чадна гэж бодож байна.
Дуурь дуурийн дундаас хамгийн хэцүү аритай нь Лучиагийнх. Үнэхээр хэцүү хэдий ч дуулах тусмаа түүнийгээ сайжруулж, илүү болгох боломжтой. Дуучид ч тэгж хүсдэг.
-ДБЭТ-ын симфони найрал хөгжим болон дөрвөн гоцлооч удахгүй БНСУ-д очиж энэ дуурийг тоглох юм билээ. Манай найрал хөгжим танд ямар сонсогдож байна вэ. Бас бусад дуучдын ур чадварыг хэрхэн дүгнэх бол?
-“Лучиа ди Ламмермур” дуурийн дараагийн гол дүр бол Эдгардо. Э.Гомбо-Очир, Г.Энхболд хоёр энэ дүрд дуулна. Монголын үзэгчид авьяаслаг тенор Э.Гомбо-Очирыг сайн мэдэх байх. Харин Г.Энхболд анх удаа ийм том дүрд дуулах гэж байна
Энэ дашрамд, ДБЭТ-ын захирал Ч.Мөнхзулын хичээл зүтгэлийг онцгойлон дурдмаар байна. Шинэ залуу дуучдаа нээн таниулж, тэдний авьяасыг дэмжин ажиллах бодлого барьж, түүндээ үнэнч байдагт нь талархмаар байна.
Ж.Солонго