Цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг иргэд, олон нийтэд эергээр сурталчлах, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Цагдаагийн газар, “JCI Монгол” байгууллага хамтран “Цагдаагийн инээмсэглэл” гэрэл зургийн уралдаан зарласан юм.
Хоёр сарын хугацаатай зохион байгуулсан энэ уралдаанд иргэд, цагдаагийн алба хаагчдаас 100 гаруй бүтээлээ илгээсэн аж.
Энэ уралдаанд “Өнөөдөр” сонины Эрх зүй, эрэн сурвалжлах албаны дарга Г.Цолмонгийн “Тусч цагдаа” гэрэл зураг нэгдүгээр байрт шалгарчээ. Удаах байрт Т.Энхцогтын “Иргэн, цагдаа хоёр ижил хүсэлтэй”, Б.Болорын “Долдугаар сарын 1” гэрэл зургийг шүүгчдийн зөвлөл шалгаруулжээ.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар шагнал гардуулах үеэр “Гэрэл зургийн уралдаанд амжилттай оролцсон иргэд болон бүтээлээ ирүүлсэн нийт оролцогч, ерөнхий зохион байгуулагчаар хамтран ажилласан “JCI Монгол” байгууллага, хамтран зохион байгуулсан “Нью Медиа” группийн хамт олонд талархал илэрхийлье” гэсэн юм.