Улаан Жамсран бурхны шүрэн баг, бурхны орныг дүрсэлсэн XIX зууны үеийн урлал гээд Чойжин ламын сүм музейн гайхамшигт үзмэрүүдийг олны өмнө дэлгэж, монгол цамын ёс дэгийг гайхуулсан нэгэн сонирхолтой үзэсгэлэн өнгөрсөн баасан гаригт нээгдлээ.
Энэ музейг монгол төрийн их чойжин, хутагт Лувсанхайдавын нууц тарнийн зан үйлд зориулан 1904-1908 онд байгуулсан гэдэг. Чойжин лам Лувсанхайдав нь VIII Богд Жавзандамба хутагтын төрсөн дүү юм.
Нууц тарнийн зан үйлийн нэг цам нь гай зовлон, гаслангийн уг шалтгааныг дарж, хөөн зайлуулдаг бэлгэдэлтэй бөгөөд энэ музейд өдгөө цамын 80 гаруй баг, хувцас хэрэглэл байдаг аж.
Олны өмнө тэр бүр дэлгэн үзүүлээд байдаггүй үзмэрүүдээ танилцуулж, бас тэднээсээ 45-ыг нь дээжлэн гэрэл зургийн цомог гаргаснаа энэ өдөр танилцуулав.
Эрдэмтэн мэргэд, лам хувраг, соёлын салбарын зүтгэлтэн, албаны хүмүүсийг урин залж үзэсгэлэнгээ нээхдээ “Түмэн эх” чуулгын бүжигчдээр цам харайлгасан нь нэн сонирхолтой байлаа. Цам олон төрөлтэй бөгөөд тэр дундаа хамгийн их алдаршсан нь хүрээ цам билээ.
Шашны сахиусны бүжиг болон цам харайх үйл VIII зуунд Төвдөд үүсэж, Юань гүрний үеэс ордны гол бүжгийн нэг болон Монголд суурьшжээ. Эрдэнэ зуу хийдэд 1786, Хүрээнд 1811 онд цам гаргаж байсан бол Чойжин ламын сүмд 1916 онд Буян ерөөлт буюу “Дашчойнхорлин” хийдийн дэгээр цам харайж байжээ.
Монголын олон хүрээ хийд ёс дэгийнх нь дагуу цам гаргаж байсан ч 1937 оноос хойш хэлмэгдүүлэлтийн хар сүүдрийн нөлөөгөөр энэ ёс мартагдсан билээ. Харин 1999 онд Төгс баясгалант их хөлгөн хийдэд цам гарч, улмаар бусад хийд ч хүрээ цам харайлгах болсноор монголчуудын гайхамшигт нэгэн соёлын өв сэргэж байв.
МУТРЫН ТЭМДЭГ
Мутрын тэмдэг нь хувцас өмсгөлийн салшгүй нэгэн хэсэг болохынхоо сацуу догшид, бурхдын гүйцэтгэх зан үйл бэлгэдлийг тодотгон харуулдаг.
- ХОНХ -Үүсэл хөдлөлийн эх, хоосон чанарын илэрхийлэл.
- СЭЛЭМ -Би хэмээн баримтлах сэтгэлийг хорих хүч, шуналыг таслагч гэгээн ухааны бэлгэдэлтэй.
- ГАВАЛ -Цусаар дүүрсэн байх ба амьдралын хүч нэмэн олгох, хүчтэнийг сөхрөөн дарах “хүчтэй”.
- ДАМАР -Аливаа зүйл хоёр талтайг таниулах зорилготой.
ЦАМЫН БАГ
Цамын баг нь догшин бурхад хийгээд уул усны лус, савдаг зэргийн төрх байдлыг дүрслэн харуулах хамгийн гол хэрэгсэл болно.
Шашны номлолд дөрвөн үйлс гэж алдаршсан Шижайбандагийнлай гэх буюу амирлуулагч, дэлгэрүүлэгч, эрхэнд оруулагч, хатуу ширүүн үйлс байдаг ба өөр өөр өнгөөр илэрхийлэгддэг.
Цамын багийг урлахдаа эдгээр өнгийг болон бурхан бүтээх тиг хэмжээ, тогтсон ёс, журмыг баримталдаг.
Ж.СОЛОНГО