Уртын дуу, хөөмий, морин хуурын татлага, үндэсний хөгжмийн чуулбар, монгол бүжгийн гайхамшиг гээд бахархах соёлын минь илэрхийлэл болсон бүхнийг өвлөн, уламжлуулж, түгээн дэлгэрүүлж яваа Үндэсний дуу бүжгийн чуулгын 65 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.
Эстрад концертын товчооноос эхтэй энэ байгууллагыг Ардын дуу бүжгийн чуулга нэрээр нь монголчууд илүү сайн таньдаг.
Монгол төрийн их найрал хөгжим, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг анги, Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзадын нэрэмжит дуу ангийн хамт олон арваннэгдүгээр сарын 19-22-нд гурван цуврал тоглолт хийж ойн баяраа тэмдэглэнэ.
Харин өнөөдөр тэд төв талбайд бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж, үндэсний урлагаараа бахархдаг ард түмэндээ мэдээлэл түгээж, тэднийг дэмжин ажилладаг алдартнуудаас урмын үг сонсох юм.
Төрийн их найрал хөгжимчид, уртын дуучид, бүжигчид өнөөдөр 12.00 цагаас эхлэн төв талбайд байрлах болно.
Дашрамд дуулгахад, ҮДБЭЧ-ынхан ойн баярын тоглолт бүрийнхээ өмнө үзэсгэлэн зохион байгуулж, үндэсний хөгжмийн зэмсэг, түүхэн уран зураг, гэрэл зургуудыг танилцуулж, Монголын хатдын хувцас хэрэгслийг дэлгэн харуулах гэнэ.
Ж.СЭЛЭНГЭ