Монгол Улсад үндэсний кино урлаг үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Анх 1935 оны аравдугаар сарын 11-ний өдөр болсон Ардын сайд нарын зөвлөлийн 32 дугаар хурлаар “Монгол кино” үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн түүхтэй. Ингэж л 1936 оноос анхныхаа бүтээлийг туурвиж эхэлсэн.
Энэ ойг угтан Монгол кино нэгтгэлээс олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь өчигдөр болж өнгөрсөн нээлттэй өдөрлөг юм. Өдөрлөгийн эрхэм хүндтэй зочид нь “Монгол кино” үйлдвэрээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн, кино урлагийн түүхэнд мөнхөрсөн 60 гаруй ахмад уран бүтээлч байлаа.
Ардын жүжигчин А.Очирбат, ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн тэргүүтэй эдгээр уран бүтээлч өнгөрсөн 80 жилийн түүхэнд өөрсдийнхөө оруулсан хувь нэмэр, уран бүтээлүүдийнхээ талаар хууч хөөрөлдөж харагдсан. Түүнчлэн үзэгчидтэйгээ дурсгалын зураг авахуулж байлаа.
Өдөрлөг “Цогт тайж” киноны хэсгээс жүжигчилсэн тоглолтоор эхэлсэн юм. Алдарт Цогт хун тайжийн дүрийг дэлгэцэнд Төрийн шагналт, анхны ардын жүжигчин Ц.Цэгмэд мөнхөлсөн бол энэ удаа түүний хүү, Төрийн шагналт Ц.Төмөрбаатар сэргээн “амьдрууллаа”.
Энэ үеэр сэтгэлд хоногшсон киноны дуунууд эгшиглэж, тухайн киноны хэсгүүдээс жүжигчилсэн тоглолт үзүүлж байсан. “Цогт тайж”, “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо”, “Тунгалаг Тамир” зэрэг Монголын кино урлагийн түүхэнд тодоор тамгалагдсан киноны дүрүүд өдөрлөгийн хүндэт суудалд байраа эзэлжээ. Тэр ч бүү хэл, Богд хаан, хатантайгаа заларсан байсан.
Батмөнх даян хааны дүрийг дэлгэцэнд мөнхөлсөн гавьяат жүжигчин Ж.Сүххуяг “1977 онд 16 настайдаа Бунтар багшийнхаа “Давааны цаана даваа” кинонд анх тоглож энэ их айлын босгыг давж байлаа. Монгол кино үүссэний 60 жилийн ойгоор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж явлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Өдөрлөгийн хүрээнд монгол кинонуудад хэрэглэгдэж байсан хаад, ноёд, хатад, цэргийн хувцас, лам, хуварга зэрэг хуучны болон сэргээн засварласан хувцас, жижиг хэрэглэл, хуучны автомашин, техник, кино зураг авч байсан аппарат, тоног төхөөрөмжүүдээр үзэсгэлэн гаргасан байв.
Мөн ирсэн зочид, кино урлаг сонирхогчид кино зураг авдаг павильоныг ч үзэж, сонирхох боломжтой байсан юм.
Анхны кино “Монгол хүү” 1936 оны долдугаар сарын 6-нд дэлгэцэнд гарчээ. Ингээд 1938 онд “Норжмаагийн зам” киногоор уран сайхны киноны гараа үргэлжилж, “Сүхбаатар” кино манай дэлгэцийн урлагийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн.
Монголын кино урлагийн түүхэнд тодоор бичигдсэн уран бүтээл нь 1945 онд дэлгэцнээ гарсан “Цогт тайж” кино юм. Тийм ч учраас уг киног дэлгэцэнд гарсны 70 жилийн ойг тохиолдуулан “Цогт тайж-70” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр хийнэ.
Уг хурлаар Монголын кино урлагийн үүсэл, хөгжлийн баталгааг мэргэжлийн уран бүтээлч, судлаачдын судалгаа, шинжилгээгээр дамжуулан сурталчлах аж.
А.ХАЛИУН